Монголд нэг км төмөр зам ямар үнэтэй байх вэ?

OLYMPUS DIGITAL CAMERAМонголын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор Монголын Төмөр Зам-МТЗ ТӨХК нь “зөвлөх баг” гэгч хэдэн төмөр замын мэдлэггүй хүмүүсээр ТЭЗҮ гэгчийг хийлгэсэн. Тэр ТЭЗҮ нь авч ч болохгүй, хаяж ч болохгүй тийм цаас болсон. Өмнөх нийтлэлүүдэд энэ ТЭЗҮ хийлгэсэн гол шалтгаан нь бол Тавантолгойгоос Чойбалсан хүртэл төмөр зам барих хэрэгтэй бөгөөд нэг км төмөр зам нь 2.5-2.8 сая доллар байна гэдэг хоёрхон зүйлийг нотлох зорилгоор хийгдсэн. “Монголд нэг км төмөр зам ямар үнэтэй байх вэ?” ( http://economy.news.mn/content/143945.shtml ) гэдэг гарчигтай нийтлэлд төмөр зам барих, төлөвлөх үндсэн зарчмуудыг тайлбарлаж, Монголын өмнөд хэсэгт барих төмөр зам хэзээ ч 2.8 долларын өртөгтэй байхгүй гэдгийг л харуулсан. Дашрамд хэлэхэд тэр ТЭЗҮ-д Монгол Улсын хуулиар магадлал хийлгэх ёстой. Тэр магадлалыг хийлгэвэл тэнд зарлагдсан бүх тоо баримт нь худлаа, аргачлалын хувьд алдаатай, маш их ашиг сонирхлын зөрчил орсон үндсэндээ луйврын бичиг баримт гэдгийг маш хурдан тогтоож болно. Энэ суурин дээр бид бас нэгэн гадаадын компани авчирч техникийн зураг төслийг хийлгэж байгаа. Эхнээс нь таслан зогсоох ёстой байсан зүйлийг улам цааш нь явуулна гэдэг чинь бас нэмж мөнгө урсгана гэсэн үг. Хуулиараа хийгдэх ёстой магадлалыг хийлгэхгүй явна гэдэг чинь тэр ТЭЗҮ захиалсан хүмүүс ямархуу цаас үйлдсэнээ гадарлаж яваагийн шинж байх.  Өөрсдийн амбицтай геополитикийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд худлаа ярих, буруу мэдээлэл өгөх гэх мэт зүйлүүдийг хийсэн. Тэгээд өнөөдрийн бидний орсон төмөр замын гацаанд маш их хувь нэмэр оруулсан. Маккинсей болон бусад дэлхийн нэртэй компаниуд энэ ТЭЗҮ-г хийж, төлөвлөж байгаа төмөр замыг ашигтай гэж гаргасан гэдгээр бидний толгойг сайн угаасан. Буцаад нөгөө хувийн компанийн барьсан төмөр зам, төрийн мөнгөөр барих төмөр замын асуудал руу орохоос өөр арга алга байна. Тухай үеийн түшмэдүүд өөрийн мөнгөөр ТЭЗҮ хийлгээд барьсан бол энэ бол ёстой тэдний хэрэг. Даанч тэдний сурсан ганц зүйл бол төсвийн мөнгийг идэх. Ингээд өнөөгийн Тавантолгойгоос урагш барих төмөр замыг дуусгахад  монголчууд бид 400 сая долларын өрөнд орно.  Хамтдаа. Ерөнхийлөгчөөс авахуулаад дөнгөж төрж байгаа хүүхдүүдээ оруулаад. Яагаад ингэх вэ гэдгийг хүн гүтгэлгүй тодорхой баримтуудыг үндэслэн нотлоё.

 

  1.  ТЭЗҮ-ээс иш татав.

Харьцуулахад бүх юм ойлгогддог гэдэг зарчим байдаг. Энэ зарчмыг ТЭЗҮ бүтээгчид сайн ойлгож байсан. Тэгэхээр өөрсдийн барих төмөр замын өртгийг дэлхий дээр байдаг л үнэ гэдгийг бидэнд ойлгуулах хэрэгтэй байлаа. Үүний тулд яах вэ? Бусад баригдсан төмөр замуудтай харьцуулна. Хамгийн үнэтэй төмөр зам барьж болохгүй. Тэгэхээр хүн итгэхгүй. Хамгийн хямдыг барьж болохгүй. Тэгвэл өөрсдийгээ гомдооно. Өөрсдийнхөө халаасыг мартдаг хүн, тэр тусмаа улстөрчдийг үзсэн үү? За тэгээд тэд нэг ийм харьцуулсан хүснэгт гаргаж ирлээ.

 

Тэр улаанаар тэмдэглэсэн төмөр замыг анзаарах хэрэгтэй. Тун удахгүй түүний тухай өгүүлнэ. Одоохондоо хэдхэн зүйлийг ажиглаарай. Mazar-Hayratan (Афганистан) гэгчийг 2.3 сая доллараар барьсан гэдэг чухал мэдээлэл. Мөн гурван сая гэсэн “солонгос/к тооцоо” гэдгийг бас. Энэ маш чухал.

  1. Афганистаны жишиг.

Дээрх хүснэгтээс харахад манай барих төмөр зам Афганистаны төмөр замаас жаахан үнэтэй гарч байна. Үүнд итгэж болох уу? Болохгүй. Энэ бол  ард түмнийг, Засгийн газрыг зориудаар төөрөгдүүлсэн явдал. Дахин сануулахад санай тэр ТЭЗҮ-г 2011 оны наймдугаар сард  дуусгасан. Гэхдээ тэр үед бүх тооцоо нь гарсан байсан. Түүнийг яагаад нягтлаагүй юм бэ? Яагаад гэвэл нарийн үзвэл өөрсдийн халаасанд халтай байсан учир. Тэгэхээр яах вэ? Худлаа юм бичнэ. За одоо энэ төмөр замыг нарийн судлая.

Энэ нь бол Азийн хөгжлийн банкны  (ADB) Төв Азийн бүсийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд (CAREC) Узбекистаны Хайратан хотоос Афганистаны Мазар-и-Шариф хот хүртэл 75 км урт, зөрлөг, өөртөөнүүдтэй нийлж нийт 106.5 км төмөр замыг 2010 оны нэгдүгээр сард эхлүүлж 2011 оны 12 дугаар сард гүйцэтгэлээ. Энэхүү төслийн хүрээнд хоёр вокзал, таван өртөө болон хоёр ачих/буулгах байгууламж барьж дуусгажээ.

Энэ бол нээлттэй мэдээлэл. Азийн хөгжлийн банкны сайтаас үзэж болно.

  1. Тус төслийн санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд:

Нийт зарцуулсан хөрөнгө-155.6 сая америк доллар. Үүнээс:

“Түлхүүр гардуулах” гэрээний үнэ-145.8 сая доллар.

Зөвлөх үйлчилгээ – 6.395 сая доллар

Төсөл удирдах зардал-3.272 сая доллар

Нийт зарцуулсан хөрөнгө-155.534 сая доллар

Энгийн арифметикийн аргаар нэг км төмөр замын өртгийг гаргаж болно. 155 сая долларыг 106.5 км хуваагаад  1.46 сая долларын өртгийг гаргаж ирнэ. За тэр өртөөнүүд, вокзалуудыг орхиё. Манай өмнийн говьд баригдаж байгаа төмөр зам ямар үнэтэй вэ? Миний ойлгосон тоо бол  3.1 сая доллар. Нийгэмд хамгийн их хэлэлцдэг төмөр замын асуудлыг нууцласан учир нарийн мэдээлэл байхгүй. Гэхдээ яавч 1.5 сая доллар болохгүй. Дээрээс нь бэлэн төсөл худалдаж авсан учир “ зөвлөх үйлчилгээ “ гэдэг зардал гарахгүй байх ёстой. Тэгэхээр хэдэн төгрөг хэмнэгдэх ёстой. Логикоор бол Самсунг нь энэ төслийг удирдах үүрэгтэй байх ёстой. Удирдана гэдэг чинь ажлыг нь зөв зохион байгуулж, төсөвт нь багтааж, цаг хугацаанд нь ашиглалтанд өгч, гол нь стандартын дагуу бариулах үүргийг хүлээж авахыг хэлнэ. Тэгсэн чинь барьж эхэлсний дараа байж, байж хяналтын компани сонгон шалгаруулж авна гэж байгаа. Нэгэнтээ эхэлсэн замын ажлын дунд хэсгээс нь хяналтын компани авна гэдэг чинь туйлын ойлгомжгүй асуудал. Яагаад эхнээс нь авч болоогүй юм. Хэрэв хяналтын компани авж байгаа юм бол тэр Самсунг нь юу хийж байгаа юм бэ? Одоо тэр дээрх хүснэгтийг эргэн санацгаая. Хамгийн өндөр санал өгсөн газар нь солонгосууд байгаа биз. Дээрээс нь солонгосууд бол нөгөө цавчаа гэдгийг нь өгдөг “сайн чанартай” хүмүүс. Иймд яагаад германууд, япончууд энэ төмөр зам барих ажлыг аваагүй нь ойлгомжтой биз дээ.

  1. Харьцуулалт

Ямарваа нэгэн харьцуулалт хазгар байдаг гэдэг. Яагаад гэвэл хоёр адилхан навч, цасан ширхэг ч энэ хорвоо дээр байдаггүй гэдэг утгаар. Тэгэх тусмаа төмөр замын төслийг харьцуулах хэцүү. Гэхдээ үндсэн зарчим, гол үзүүлэлтүүдийг харьцуулж болно. Иймд Афганистаны төмөр замыг сонгож авсан юм. Учир нь гэвэл тэд нөгөө ТЭЗҮ-д заагдсан үзүүлэлттэй адил төмөр зам барьсан. Мөн газарзүйн тогтолцоо ойролцоо. Адилхан ганцхан шугам барьсан. Манайхтай адил зам төмөр үйлдвэрлэдэггүй. Гол нь манай геополитикчдийн дуртай 1520 мм өргөн буюу оросын царигаар барьсан. Гэх мэт үндсэн үзүүлэлтүүд нь маш ойролцоо дөхөж очно. Мөн гурван том ялгаа байна. Нэг нь  Азийн хөгжлийн банк шиг олон улсын санхүүгийн байгууллага хямд төсөл хэрэгжүүлдэггүй. Нэр хүндээ бодоод хамгийн сайн, хамгийн үнэтэй зөвлөх үйлчилгээ авдаг. Хоёр дахь нь Афганистаныг бодвол Монгол Улс чинь төмөр замтай, төмөр замчидтай улс. Афганистаны төмөр замыг бариад төмөр замын захиргаа байгуулсан. Эхний үед узбекууд төмөр замыг нь ажиллуулна, дараа нь үндэсний боловсон хүчинтэй болсны дараа афганчуудад хүлээлгэж өгнө. Гуравт Афганистаныг бодвол манай улс чинь дайн дажин байхгүй энгийн сайхан орон. Афганистанд төмөр зам барих гэж явж байгаа барууны инженер хэдэн төгрөгийн цалин, даатгал нэхэх вэ? Ямар ч байсан манайд ирэхээс илүү мөнгө нэхэж таарна.

  1. Газарзүйн байдал.

Афганистан бол бол уулархаг орон гэдэг. Үнэн. Гэхдээ яг тэр төмөр зам барьсан хэсэг нь харин тэгшхэн тал газар байгаа. Төмөр зам барьсан хэвгий нь 0.6-0.8 хувь  гэж байгаа. Энэ нь манай өмнийн говьтой ойролцоо. Говь нутагтай харьцуулвал усны хангамж хамаагүй хялбар  байх. Гэхдээ энэ бол нэг их чухал үзүүлэлт биш. Эцсийн эцэст Аквапарк барьж байгаа биш. Онцлох уул, толгод байхгүй. Манайтай адил шулуун трасстай зам болсон. Мөн газрын эзэмшлийн асуудал гараагүй. Манайд ч гэсэн бид төмөр зам барих гэж газар худалдаж аваагүй. Энэ бүх зүйлийг хараад үзэхэд анхны өгөгдлүүд тун ойролцоо гэж ойлгогдохоор.  Иймд тэнд барьсан, манайд барих гэж байгаа төмөр замууд ойролцоо өртөгтэй байх ёстой. Одоо Афганистаны газрын зургийг харъя.

Тэр улаанаар тэмдэглэсэн хэсэг нь.

  1. Техникийн үзүүлэлтүүд.

Узбекистаны төмөр замаас эхлүүлж барьсан учир хуучин ЗХУ-ын төмөр замын стандартыг ашигласан. Хамгийн эрүүл, эдийн засгийн хувьд ашигтай хувилбар болсон.

Цахилгаанжаагүй. Голын даралт 25 тонн гээд. Манайд хэрэглэдэг Р-65 зам төмрийг ашигласан. Хүчитгэсэн төмөр бетон дэртэй. Ажлаа төмөр замын холбоостой Узбекистан улсаас эхлүүлсэн. Үүнийг яагаад тодотгосон гэвэл манай барьж байгаа төмөр замыг Тавантолгой талаас нь эхлүүлнэ гэх вий. Тэгвэл бүтэхгүй шүү гэдгийг л сануулсан юм. Төмөр замыг холбож байгаа төмөр замын өртөөнөөс эхлэхгүй бол бүтэхгүй. Манай нөхцөлд бол бид Гашуунсухайтаас эхлэх ёстой. Тэр дэрний үйлдвэрээ барина гэвэл Гашуунсухайтад байгуулах хэрэгтэй. Яагаад гэвэл манай замаар өөр газар үйлдвэрлэсэн дэрээ тээвэрлэж чадахгүй шүү. Засмал зам байхгүй учир тэр тээвэрлэсэн дэрнүүд нь дараа нь ашиглаж болохгүй болно. Юмыг яаж мэдэх вэ, чадах л хүмүүс шүү.

За одоо манай ТЭЗҮ-д заагдсан техникийн үзүүлэлтүүдийг харъя.

Тун адилхан техникийн үзүүлэлтүүдтэй.

  1. Санхүүгийн задаргаа

Санхүүгийн задаргаанд орохоос өмнө нэг зүйлийг хэлье. Та нэг угаалгын машин худалдаж аваад гэртээ авчирлаа гэж төсөөл. Устай, тогтой холбоно. Гол нь сонгосон газраа тэр угаалгын машинаа суурилуулна. Шал хэзээ ч тэгшхэн байдаггүй. Тэгэхээр дөрвөн хөлийг нь эргүүлж, тэгш ус хэрэглэж аль болох тэгшхэн байрлуулах хэрэг гардаг. Үүнийг хүн болгон үзсэн байх. Одоо төмөр зам гээд төсөөлөөд үз. Том инженерийн байгууламж. Далан бариад хэдэн дэр тавиад зам төмөр угсрах нэг хэрэг. Дараа нь тэр барьсан төмөр замаа зүгшрүүлнэ гэдэг  том ажил гарна. Маш няхуур, цаг хугацаа орсон ажил. Тийм ч учир үнэтэй байдаг. Дахин хэлэхэд төмөр замын асуудал нууцаар хэлэлцэгдэж байгаа учир надад Монголд баригдаж байгаа төмөр замын талаар нарийн мэдээлэл байхгүй. Гэхдээ бид Самсунгтай “түлхүүр гардуулах” нөхцөлөөр гэрээ байгуулаагүй. Баттай хэлж болно. Энэ нь Самсунг нь 3.1 сая доллароор төмөр замыг нь бариад өгсний дараа хэн нэгнийг дахин хөлсөлж зүгшрүүлгийг нь хийлгэнэ гэсэн үг. Энэ нь бас дахиад нэмэлт зардал гарна. Тэгэхээр үнэ нь өснө шүү.

165 сая төлөвлөөд 155 саяар төслөө дуусгасан. Дуусгасан гэдгийг сайн анзаараарай. Бид 3.1 саяар бариулаад төсөл нь дуусахгүй шүү. Ахиад үргэлжилнэ. Цаашаа нэмэгдэл зардал гарна. Зүгшрүүлэлт гэдэг юмыг нь хийлгэхгүй бол зам төмөр, вагоны дугуй хоёр нь элэгдээд хэцүү л юм болно доо.

  1. Ханган нийлүүлэлт.

Баталгаатай мэдээллээр бол Узбекистан улс зам  төмөр үйлдвэрлэдэггүй орон. Тэгэхээр өөр газраас худалдаж авсан байгаа. Хаанаас авсаныг нь олж болно. Ямар ч байсан Монголоос илүү хүнд нөхцөлд баригдсан төмөр зам. Ханган нийлүүлэлтийн өнцгөөс харвал.

  1. Афганистаны үлгэр жишээ.

Бид өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудаас суралцана гэж ярих дуртай. Германд тэгдэг. Японд ингэдэг. Энэ бол биднээс их хол байх шиг байна. Бидний үлгэр жишээ авах газар бол Афганистан биш үү? Тэд ядаж биднийг геополитик гэж дэмийрч байхад бидний тоодоггүй CAREC-ийн төслөөр төмөр зам бариулж авлаа. Бараг 10 сая долларын хэмнэлт гаргалаа гэдэг бол манайд үзэгдээгүй, үзэгдэхгүй явдал боллоо. Одоо тэгээд 10, 20 жилийн дараа бид Афганистан улс яасан хурдан хөгжиж байнаа гээд яриад сууж байх болох нь дээ. Эсвэл зам тээврийн түшмэдүүдээ Кабул явуулж сургах уу?

Судлаач Л.Даваапил

 


URL:

Нэр: Mose Mcdannell Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих