Оюутан бүрд мөнгө өгснөөс мэргэжлийн сургалтаа анхаарсан нь дээр биш үү

Ерөнхийлөгч нэг хачин төсөл өргөж барьчихаад төслөө зөвтгөсөн үгийг ойр ойрхон унагах болов. Оюутан бүрд 70 мянган төгрөг өгөх юм гэнэ.

УИХ-ын гишүүд ч эсэргүүцэх янзгүй. Тэгсэн ч яахав гэсэн царайтай сууцгаах нь хачин. Шалтгаан нь энгийн л дээ. Ойлгож ядах юу байхав. Удахгүй сонгууль болно. Эсэргүүцээд ярьчих гэхээр санал өгөх идэвхитэй хэсгээ алдчих гээд байгаа тул хэн нь ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж үл чадна. Өрөвдмөөр ч юм шиг.

Ц.Элбэгдоржийн амнаас дажгүй үгс унадагийг үгүйсгэхгүй. Улстөрч хүнд байх шилдэг илтгэх чадвар түүнд бий. Нээрээ тийм шүү гэх санаачлагыг ч цөөнгүй гаргадаг. Гэхдээ энэ удаа арай дэндэнэ ээ.

Ерөнхийлөгч оюутан бүрд өгөх 70 мянган төгрөгөө их гоё тайлбарлаж байгаа. “Амьжиргааны баталгаажих түвшингийн тавин хувь буюу 70 мянган төгрөгийг оюутнуудад өгье л гэсэн юм. Мөнгөтэй оюутан сонголттой болдог, сонголттой оюутан чанартай боловсрол эзэмшдэг. Одоогоор дээд боловсролд зарцуулдаг хөрөнгө есөн хувьтай л байна. Гэтэл энэ хэмжээ АНУ-д 47 хувьтай байдаг. Мөн Солонгост нэг оюутанд сар бүр 500 вон өгч байна. Швед гээд бусад олон оронд оюутнуудад тусламж өгч байна. Түүнчлэн Монголд дээд боловсролын санхүүжилт сургалтын төлбөрөөс 80 хувиар хамаарч байдаг. Гэтэл гадаадын орнуудад 10 орчим хувьтай л байна. Оюутныг тэтгэлгээр дэмжсэнээр энэ бүхнийг ойртуулах болно”…

Сонсохоор өгчихмөөр ч юм шиг. Толгой дохичихмоор санагдаж магадгүй л дээ. Гэхдээ энэ мөнгийг Ерөнхийлөгч шиг гоёор харах боломж яг өнөөдөр бол алга. Захын баар, рестораны гол үйлчлүүлэгчид нь оюутнууд байдаг. Ямар сайндаа л хамгийн ядуу хэрнээ хамгийн баян нөхөд бол оюутнууд гэсэн егөө үг гарахав. Мэдээж авсан мөнгөө зөв зарцуулах хэсэг байгаа. Гэхдээ тун бага хувь нь шүү.

Ерөнхийлөгчийн “гоё мөрөөдөл”-ийг сөргөх бас нэг шалтгаан байна. Монгол улс иргэддээ хангалттай мөнгө тарааж байгаа. Таны нэг их мөнгө биш гээд байгаа 70 мянган төгрөг бол жирийн иргэдийн хувьд их мөнгө. Инфляцийг хөөрөгдөхөд бүр ч ташуур өгөх мөнгө. Инфляци хөөрөгдөх тусам иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгддэгийг та юу эс андахав.

Саяхан ШТС-ууд шатахууны үнээ 80 төгрөгөөр нэмчихлээ. Удахгүй өргөн хэрэглээний барааны үнэ дахиад л нэмэгдэнэ. ОХУ шатахууны экспортоо зогсоосон асуудлаар ҮАБЗ хуралдсан сураг чих дэлссэн. Байдал цаашид яаж эргэхийг, иргэдийн нуруун дээр өөр ямар хүнд ачаа ирэхийг хэлж мэдэхгүй л байна.

Бас нэг үг байдаг даа. Хүнийг алах хамгийн төгс арга бол, юу ч хийлгэхгүй, юм өгөөд байх. Зүгээр мөнгө өгснөөс загас барих аргыг зааж өгвөл таны үг нийгэмд эерэгээр нөлөөлнө, бас иргэдэд таалагдана. Ийм л байна.

Оюутан бүрд өгөх гээд хичээгээд байгаа мөнгө төсөвт багтаж ядаад байгаа юм бол тэр мөнгөө уул уурхайн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэл рүү зарвал дээр биш үү. Гадны нэг компани том төсөл хэрэгжүүлэхийнхээ өмнө өөрийнхөө мөнгөөр хүнийг нь сургадаг байж болох уу. Тэрнийг нь Засгийн газар нь дэмжиж толгой дохиод, бахдан сайшаагаад байх нь гоё дүр зураг мөн ч юм уу. Тэгээд тэр компани аль үнэтэй, нарийн мэргэжилтнүүдээ гаднаас оруулж ирэх тогтоолыг Засгийн газраар нь гаргуулдаг, толгой сэгсэрмээр байдлаас хэзээ гарах юм бэ. Илүүдээд байгаа тэр мөнгөө уул уурхайн салбарт хүчирхэг хүний нөөцтэй болох зорилгод зарцуулах саналыг гаргавал яасан юм бэ, Ерөнхийлөгч өө.

М.Төр


URL:

Сэтгэгдэл бичих