БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн, тэнцсэн хүмүүс санаа зовохгүй байж болно

Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үйл ажиллагааг НХХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцах болсонтой холбогдуулан цаг үеийн асуудлыг тус яамны Стратегийн, төлөвлөлтийн газрын орлогч дарга Б.Нямдаваагаас тодруулсан юм.

-Гадаадад ажиллах хүч илгээх төвийн явуулдаг үйл ажиллагаа танай яаманд шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор бүтцийн ямар өөрчлөлт орсон бэ?
-БНСУ-ын хөдөлмөр эрхлэхэд зөвшөөрөл олгох системийн хүрээнд тухайн илгээгч байгууллага нь төрийн байгууллага байхаар заасан Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх асуудал бол НХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Энэ дагуу өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын Хөдөлмөрийн яам, манай яам хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Ингэснээр БНСУ-д ажиллах хүч илгээх асуудлыг манай төрийн байгууллага Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зохион байгуулахаар болсон. Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу Гадаадад ажиллах хүч илгээх төвийг татан буулгасан. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар
татан буулгах ажлын хэсгийг байгуулсан байна лээ.

-ГАХИТ татан буугдахаас өмнө нэр нь БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр байршсан хүмүүсийн хувьд яах вэ?
-Ерөнхийдөө хууль журмынхаа хүрээнд хөдөлмөрийн гэрээгээр явсан, зуучлуулсан хүмүүсийн талаархи мэдээллийн сан манай Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ирнэ. Зуучлахаар БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршсан хүмүүсийн нэрс ч мөн ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэнцсэн, явах гэж байгаа хүмүүсийн хувьд хүндрэл байхгүй. Санаа зовохгүй байж болно.

-Одоогоор хэчнээн хүн энэ төвөөр дамжин БНСУ-д гараад байна вэ?
-Гадаадад ажиллах хүч илгээх төв байгуулагдсан цагаас хойш нийт 8000 орчим иргэн БНСУ-д гэрээгээр ажиллаж байна. Харин энэ он гарсаар 800-гаад иргэн ажлын байранд зуучлагдаад байгаа.

-Засгийн газраас энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Одоогоор хэчнээн иргэн ажлын байртай болоод байна вэ?
-Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийг зарласнаас хойш нэг улирал өнгөрөөд байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 8502 шинэ ажлын байр бий болсон. Засгийн газрын болон НХХЯ-ны төвшинд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гараад байгаа.

Одоо урин дулаан улирал ирж буйтай холбогдуулан бүтээн байгуулалтын ажил эрчимтэй эхэлж байна. Эхний ээлжинд бид эрэлт, нийлүүлэлтийг харгалзан 2011 онд шинээр бий болох ажлын байрны тоог гаргасан. Бүтээн байгуулалтын хүрээнд эрдэс баялаг эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, зам, тээвэр барилга, хот байгуулалтын салбараас энэ тоог авсан. Энэхүү салбаруудад 2011 оны байдлаар 54-55 мянган ажлын байр шинээр бий болох нь гэсэн тооцоо гарч байгаа.

-Мөн энэ сарын эхний долоо хоногайн бямба гарагийг бүх нийтийн хөдөлмөрийн өдөр болгон зарлаад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Засгийн газраас “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулах уриалга гаргасан. Нийт аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, иргэдэд хандан амралтынхаа нэг өдрийг улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг уриалж байгаа юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагад 786.8 мянган иргэн ажиллаж байна гэсэн тооцоо байдаг. Эдгээр иргэдийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийнхээ хүрээнд улс орныхоо хөгжлийн төлөө ганц өдөр ажиллах юм бол 12 гаруй тэрбум төгрөгийн бодит баялаг бий болох тооцоо гарч байна. Иймд нийт аж ахуй нэгж байгууллагыг “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг идэвх санаачилгатай өнгөрөөхийг уриалж байна.

Э.Пагмадулам


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих