УИХ-ын дэд дарга Г.Батхүү: Солиор, чи согтуу байна

Өчигдөр “Би Морьтой жагсаалыг санхүүжүүлж байгаа” хэмээн ярилцлага өгснийх нь төлөө иргэн Н.Давааг баривчилсан билээ.

Ингэснээр тэмцлээ түр завсарлаад байсан Их хуралдайнхан болон “Гал Үндэстэн” холбооныхон   нэгдэж ажиллаж эхэлжээ.
Тэд  15.00 цагт цуглаж Төрийн ордоны хаалгыг таглах шийд гаргасан юм.

Товлосон цагт 200 гаруй хүн цуглаж Төрийн ордоны хашааны дөрвөн хаалгыг таглаж зогсоцгоов. Жагсагчид “Стандарт бус Засгийн газар огцор”, “Шаардлагын хариугаа өг”, “Н.Давааг хууль бусаар хорих шийдвэрээ цуцал” гэх мэт шаардлага тавин ордноос гарч буй төрийн түшээдийг хоргоож байлаа. Энэ  үед УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ч.Сайханбилэг, Г.Батхүү нар гарж ирч таарсан юм.

УИХ-ын гишүүн Д.Энхбат: “Би УИХ-ын гишүүн болсон нь буруу юм уу? Та нар жагсаад юуг өөрчлөх юм. Зурагтаар хуралдайг харсан. Та нарын ард муу хүн байгаа шд” гэх зэргээр цагаан хоолой аван жагсагчидтай удтал мэтгэлцэв.
Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг ганц ч үг ган хийсэнгүй, харж зогссоор одов.
Тэдний дараа гарч ирсэн УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Ард түмний баялгыг дээрэмдэхээ болиоч ээ” хэмээн хашгирсан хижээл насны эмэгтэй рүү ” Солиор, чи согтуу байна” хэмээн зандраад хамгаалагчдаараа жагсагчдыг тараан, явсан юм.
Энэ үед түүнээс тайлбар авах гэсэн “ТВ1″ телевизийн сэтгүүлчийг очих үед  Г.Батхүүгийн хамгаалагч бололтой десант хувцас өмссөн нэг эр “Яах гээд байгаа юм чи. Яв” хэмээн хөөж байлаа.
Жагсагчид өнөөдөр мөн ордны хаалгыг хаан, жагсах аж.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих