Ногооноос сармис хамгийн их борлуулалттай байгаа гэв

Нийслэлчүүд шинэ ургацын ногоог нэг дороос худалдан авч байгаа. Энэ жил тариаланчид 315 мянган га газарт жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалсан. Ургац хураалт дуусах шатандаа явж байгаа энэ үед худалдан авалт ч их байна.

Улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж дотоодын хэрэгцээг хангаж чадахуйц төмс, хүнсний ногоо тариалдаг гэсэн тоо байдаг. Тариаланчдын хураасан хүнсний ногоогоо агуулах, зоорины хүрэлцээ муутайгаас болж, нийслэлд шинэ ургацын ногоог зарж борлуулах 26 цэг ажиллуулахаар төлөвлөөд байснаас одоо зургаан павильон ажиллаж байна.

Энэхүү зургаан павильон нь Чингэлтэй дүүргийн “Урт цагаан”, Хан-Уул дүүргийн “Номин” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн “UB mart” худалдааны төв, Баянгол дүүргийн “Смарт” төв, Сонгинохайрхан дүүргийн “Цамбагарав” худалдааны төв гэсэн зургаан газар худалдаалагдаж байна.

Чингэлтэй дүүргийн “Урт цагаан”-д байрлах шинэ ногооны үзэсгэлэн худалдаагаар орлоо. Хүн хөдөлгөөн ч харьцангуй их байна.

Иргэд хүйтний улирал дөхөж байгаатай холбоотой хүнсний ногоогоо их хэмжээгээр худалдаж авдаг. Үнийн тухайд өмнө жилүүдтэй харьцуулахад хямдхан худалдагдаж байв. Улаан лууван гэхэд 800, төмс 600, байцаа 500, сонгино 1500, сармис 10 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Мөн огурцы 3000, улаан байцаа 1500, A, Е амин дэмээр баялаг “Улаан лооль” 6000 төгрөгийн байна.

Худалдан авалт ч сайн байгаа нь хүн хөдөлгөөнөөс харагдаж байлаа. Худалдан авагчид хоолныхоо ногоогоо нэг дороос худалдан авдаг. Тухайн ногоочдын ногоо хэр байгаагаас шалтгаалаад ганцхан төмстэй ирвэл худалдахад хүндрэлтэй байдаг учраас бусад төрлийн ногоо худалдаалж байгаа хүнтэй зэрэгцүүлж зогсоодог аж. Энэхүү ажлыг “Сэлэнгийн хөгжил” ТББ зохион байгуулж байгаа аж.

Үзэсгэлэнгээр үйлчлүүлэгч Р.Пунсалмаагаас сэтгэгдэлийг нь сонссон юм. Тэрээр “Би энэ үзэсгэлэнг нээлтээ хийснээс хойш байнга үйлчлүүлж байгаа. Хүнсний ногооны үнэнийн хувьд боломжийн санагдсан. Өмнө жилүүдэд төмс гэхэд 800, 900 төгрөгөөр худалддаг байсан бол энэ жил 600 төгрөгөөр л зарагдаж байна. Хамгийн гол нь ингэж худалдах боломжийг олгож түрээсгүй павильон байрлуулж өгсөн Шинэчлэлийн Засгийн газарт баярлаж байна. Ногоочдоо ингэж дэмжиж өгч байгаа ч нөгөө талаараа ард иргэд, худалдан авагчдаа ч мөн хямдхан ногоо худалдан авах боломж олгож байна” гэсэн юм.

Энэхүү үзэсгэлэнгээс гараад “Скай” худалдааны төвөөр орлоо. Хүн хөдөлгөөний хувьд адилхан байсан ч хүнсний ногооны тухайд арай илүү үнэтэй байв. Бусад худалдааны төвүүд Урт цагааны шинэ ургацын ногоотой мөн адил үнэтэй байна. Түрээсгүй павильон байрлуулаад өгсөн юм чинь шинэ ургацын ногоог худалдан борлуулж байгаа худалдааны төвүүд ижилхэн өртөгтэй худалдах хэрэгтэй байгааг үйлчлүүлэгчид бас хэлж байв.

Ингээд худалдагч Ч.Отгоноос ногооны худалдан авалт хэр байгаа талаар тодрууллаа.

-Та хэдэн жил ногоо худалдаж байна. Энэ жил худалдан авалт хэр байна?

-Би найман жилийн турш жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдлаа. Энэ жилийн тухайд худалдан авалт сайн байна. Яг энэ үе бол худалдан авагчид өвлийн бэлтгэлээ хангаж их хэмжээгээр ногоогоо худалдан авдаг үе байдаг.

-Одоо ямар ногоо хамгийн их гүйлгээтэй байна?

-Өнгөрсөн долоо хоногийн байдлаар сармис хамгийн их борлуулалттай байна. Кг нь 10 мянган төгрөгийн үнэтэй.

-Та одоогоор хэдэн тн ногоо худалдаж дуусгаад байна. Ногоо худалдаалж буй энэ үедээ хэдэн төгрөгний ашиг олдог вэ?
-Би одоогоор дөрвөн тн хүнсний ногоо худалдаад байна. Жилдээ 5-6 сая төгрөгийн ашигтай ажилладаг.

Б.Анхтуяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.