Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажил удааширч байна

Монгол гуравдугаар сургуулийн барилгын ажил удааширч байна

Өнгөрсөн онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон билээ.

Эдгээр сургуулийн нэг нь Монгол гуравдугаар сургууль юм. Гэтэл уг сургуулийн шинэ барилгын ажил одоо болтол эхлээгүй байна. Эхлүүлэх нь байтугай хуучин сургуулийн барилгыг одоо болтол нураагаагүй байна.

Монгол гуравдугаар сургуулийн бага ангийн сурагчид өнгөрөгч 2012-2013 оны хичээлийн жилд дөрөвдүгээр сургууль дээр бага ангийн гурван ээлжээр хичээллэсэн. Харин 16 дугаар сургууль дээр дунд, ахлах ангийн 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байсан. Гэтэл энэ жил мөн л энэ байдал дахин давтагдаж байна. Зарим сурагч нь
“Сургуульдаа эргэж очиж болохгүй юм уу” хэмээн багшаасаа шалж байгаа гэнэ.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах энэхүү сургуулийн барилгыг энэ оны зургаадугаар сарын дундуур нурааж, шинэ барилгын ажлыг эхлүүлнэ гэж холбогдох албаны хүмүүс нь мэдээлж байсан. Гэвч одоог хүртэл хоёр жилийн хугацаанд тус сургуулийн барилгын ажил эхлэх эсэх нь тодорхойгүй байна.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн ажлын албанаас тодруулах гэсэн боловч тус тендерийн ажлыг нийслэл рүү шилжүүлсэн гэх юм.

Албаны эх сурвалж “Энэ оны хоёр сард гурав, 11 дүгээр сургуулийн барилгын ажлыг Нийслэлийн барилга захиалагчийн ажлын алба авсан. Одоогоор 11 дүгээр сургуулийн барилгыг бүрэн нурааж хашааг нь цэвэрлэж барилга барихад бэлэн болоод байгаа. Тендерээ ч шалгаруулаад ажлаа эхэлчихсэн байгаа. Харин гуравдугаар сургуулийн барилга барих компани нь шалгарчихсан. Хамгийн гол нь барилгыг нь нураах ажил  хүлээгдэж байгаа юм шиг байна билээ”  хэмээн хэлсэн юм.

Барилгыг нураах төсөв батлагдаагүй болохоор одоо болтол нураахгүй байгаа аж. Сургуулийн хашаа болон барилга байгууламж битүүмжлэгдсэн байсан. Сургуулийн ойролцоох оршин суугчид “Шөнө дөлөөр хүүхэд залуучууд орж тоглодог юм шиг байна билээ. Зарим үед тэнэмэл хүмүүсч орчихсон байдаг юм” хэмээн хэлж байлаа.

Ингээд дөрөвдүгээр сургууль дээр очиход нэг сургуулийн байранд хоёр сургуулийн сурагчид хичээллэж байгаа учраас ачаалал ихтэй байгаа нь илт байлаа. Учир нь өдрийн ээлжийн ангиудын хичээл орох цаг нь болчихсон, хүүхдүүд бужигнаад нэлээд хөлд дарагдсан харагдсан. Энэ үеэр хүүхдээ хүргэж ирсэн эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдүүдийн сурч байгаа орчны х нь талаар сэтгэгдлийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны иргэн Д.Баярчулуун: НЭГ СУРГУУЛИЙН БАЙРАНД ХОЁР СУРГУУЛЬ ХИЧЭЭЛЛЭХ ХЭЦҮҮ

-Нэг сургуульд хоёр сургууль хичээллэх мэдээж хэцүү. Хамгийн гол нь хуучин сургуулийнх нь туурин дээр баригдах барилгын ажлыг одоо болтол эхлүүлээгүй байгаад гайхаж байна. Энд бага ангийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байгаа. Багш нар нь ч гэсэн ачаалалтай хэцүү байгаа байх гэж бодож байна. Бүтэн жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад одоо болтол нураагаагүй байгаа нь холбогдох албаныхан нь ажлаа хэр хийж байгаа вэ гэдгийг л харуулж байна. Хамгийн гол нь хэзээ болтол өөр сургуулийн байранд хичээл орох нь тодорхойгүй байгаа юм. уг нь ойрын хоёр жилийн дотор л шинэ сургуультай болчих боломж байгаа л юм. Орон сууцны барилга жилийн дотор л босож байна. Гэтэл ганц сургууль барих гэж хоёр жилийн нүүр үзэж байгаад сэтгэл жаахан дундуур л байна.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Г.Жаргал: АХЛАХ АНГИЙН ЗАРИМ ХҮҮХДЭД ЖААХАН ХЭЦҮҮ БАЙГАА ГЭСЭН

-Хичээлийн байрны хувьд боломжийн байгаа. Гэтэл зарим ахлах ангийн сурагчдад энэ байдал таалагдахгүй байгаа бололтой байсан. Манай том охин өөр сургууль дээр жаахан тийм байна гээд дурамжхан л байна. Ямартай ч шинэ сургуулийн барилгын ажил нь хурдан эхлээсээ л гэж бодож байна. Хүүхдүүдийн хичээл ном хоцрогдох байх гэж олон эцэг эхчүүд үзэж байгаа ч одоогоор тийм зүйл байхгүй байна. Хичээл яг ном журмынхаа дагуу л орж байгаа гэсэн.

Харин дөрөвдүгээр сургуулийн гурван давхрын хэсэгт нэгээс тавдугаар ангийнхан сурч байгаа аж. Одоогоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа боловч ачаалал харьцангуй их болсон нь илт байгаа гэнэ. Учир нь өмнө нь хоёр ээлжээр ордог байсан. Гэтэл өдрийн хичээл нь орсон анги орой 18:30 цаг гэж тардаг учраас сонгон болон давтлага хичээл хийх боломжгүй байгаа ажээ. Ингээд гуравдугаар сургуулийн сургалтын менежер З.Цэндсүрэнтэй уулзаж зарим асуултад хариу авлаа.

-Ер нь дөрөвдүгээр сургууль дээр хичээллэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу. Энэ жилийн нэгдүгээр ангид хэчнээн хүүхэд элссэн бэ. Хичээлийн байрны хүрэлцээ хэр байна вэ?
-Манай сургууль хичээлийн байргүйгээс болж хоёр дахь жилдээ энд байрлан хичээллэж байна. Энэ жилийн хувьд нийт 700 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. Гурван ээлжээр хичээллэхдээ есөн ангид хувааж байгаа. Хичээлийн орчны хувьд ямар нэгэн хүндрэл байхгүй байна.

-Хуучин сургуулийн тань шинэ барилгын ажил ямархуу явцтай байгаа талаар та бүхэнд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Одоогоор ямар нэгэн мэдээллийг бидэнд өгөөгүй байгаа. Төсөв нь шийдэгдээгүй байгаа байх гэж бодож байна. Одоо дөнгөж нурааж эхэлж байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд бид хуучин сургуулийнхаа байрыг чөлөөлж өгсөн. Гэтэл одоо болтол сургуулийг нураах, барилга барих ажил эхлээгүй байна. Манай сургуулийн зүгээс албан бичгийг нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Боловсрол шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн байгаа.

-Сурагчдын эцэг, эх энэ тал дээр ямар нэгэн санал гомдол гаргаж байна уу?
-Эцэг эхчүүдийн хувьд  сургуулийн барилгын ажлыг яаравчлахыг шаардаж байна. Эцэг эхийн зөвлөлөөс бидэнтэй хамтран ажиллаж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүртэл албан бичиг хүргүүлсэн.

-Сургуулийн сургалтын орчин муугаас хичээлийн хоцрогдол гарч байна уу?
-Одоогоор тийм зүйл байхгүй байна. Хичээл хэвийн орж байгаа. Байрны асуудлаас болж сурагчид хохирч байгаа асуудал байхгүй.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих