Билл Гэйтс дийлдэшгүй баян гэдгээ дахин нотоллоо

Гэхдээ мэдээж америкчуудын хувьд л даа. “Forbes” сэтгүүл Америкийн хамгийн баян 400 бизнесмений жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Энэ жилийн жагсаалтыг мөн л Билл Гейтс тэргүүлсэн байна. “Майкрософт” корпорацийн үүсгэн байгуулагч, эзэмшигч 57 настай Гейтсийн хөрөнгө 72 тэрбум ам.доллараар тоологдсон нь удаах өрсөлдөгчөөсөө даруй 10 гаруй тэрбум ам.доллараар илүүрхэхэд хүргэсэн байна. Тэрбээр Америкийн хамгийн баян бизнесменүүдийг шалгаруулдаг “Forbes 400” жагсаалтад 1994 оноос хойш тогтмол дээгүүр байрт жагсч буй юм. Билл Гейтс өнгөрсөн жилийн хугацаанд 28 тэрбум ам.долларыг буяны ажилд хандивласан ч энэ нь түүний хөрөнгийг хотойлгох гарз болж чадаагүй байна. Буяны ажиллагаа эрхэлдэг байгууллагууд дотор Билл ба Мелинда Гейтсийн сан дэлхийн хамгийн нөлөө бүхий хувийн байгууллага хэмээгддэг.
Тиймдээ ч тус сан өнгөрсөн жил ивээн тэтгэгчдийн төсөлд 28 тэрбум ам.долларыг зарлагадсан гэдэг. “Forbes 400” жагсаалтын эхний гурван байрт Билл Гейтсийг удаалан домогт хөрөнгө оруулагч, “Berkshire Hathaway” компанийн эзэн Уоррен Баффет 58.5 тэрбум ам.доллар,

Уоррен Баффет
Нас-83
Хөрөнгийн байдал: 58.5 тэрбум ам.доллар
Албан тушаал: “Berkshire Hathaway”-ийн
тэргүүн
Орлогын эх үүсвэр: “Berkshire Hathaway”
“Oracle”- ийн тэргүүн Ларри Эллисон 41 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагссан байна.

Ларри Эллисон
Нас-69
Хөрөнгийн байдал: 41 тэрбум ам.доллар
Албан тушаал: “Oracle”-ийн Ерөнхий
захирал
Орлогын эх үүсвэр: “Oracle”
Үүнээс харахад эхний гурван байрын эзэд өнгөрсөн жилийн жагсаалтаас огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Гэхдээ өнгөрсөн жилийн жагсаалтад Гейтс 66, Баффет 46, Эллисон 41 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдэж байжээ. Эндээс харахад Гейтс, Баффет нар нэг жилийн хугацаанд үндсэн хөрөнгөө 10 гаруй тэрбумаар арвижуулж чадсан байгаа юм. Жагсаалтын дөрөв, тавдугаар байрыг хувийн үйлдвэрийн эзэд ах, дүү Чарльз болон Дэвид Кохи нар эзэлжээ. Тэд тус бүрдээ 36 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. Уолтоны гэр бүлийн төлөөлөгчдийн эзэмшилд байдаг жижиглэн худалдааны “Wal-Mart” сүлжээ дэлгүүрийн эзэд жагсаалтын 6-9 дүгээр байр эзэлжээ. Кристи Уолтон гэр бүлийн хамт 35.4 тэрбум ам.доллар, Жим Уолтон 33.8, Элис Уолтон 33.5, С.Робсон Уолтон 33.3 тэрбум ам.доллараар тус бүр жагссан байна. Жагсаалтын 10 дугаар байрт Нью-Йорк хотын дарга Майкл Блумберт 31 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигдсэн байна. Эхний 20-д “Amazon”- ийн эзэн Жефф Безос 27.2, “Google”-ийн үндэслэгч Ларри Пейж, Сергей Брин нар 24.9, нэрт хөрөнгө оруулагч Карл Айкан, Жорж Сорос 20 тэрбум ам.долларын хөрөнгөөр, “Facebook”-ийн Ерөнхий захирал Марк Цукерберг 19 тэрбум ам.долларын хөрөнгөөр тус бүр бичигджээ. “Forbes 400”-д багтсан хөрөнгөтнүүдийн орлогын байдал нэг жилийн хугацаанд 300 сая ам.доллараар өссөн нь уг жагсаалтын түүхэнд дэх хамгийн өндөр үзүүлэлт болох 2.02 их наяд ам.долларыг бүрдүүлсэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих