“Номин”-гийн но-той үнэ

“Номин”-гийн но-той үнэ

“Номин” супермаркет үнэ, үйлчилгээ, бүтээгдэхүүний сонголтоороо супер зах байж чадаж байгаа эсэхийг сурвалжилснаа хүргэж байна.

“Номин”-гийн хэд хэдэн салбарын хаалгыг татав. Нүд эрээлжлэх бараа, бүтээгдэхүүнийх нь үнэд толгой эргэх аж. Нэг бүтээгдэхүүний дор гурван өөр тоо дурайна. Хальт харсан хүнд хямдхан юм шиг санагдана. Гэвч тухайн бараа, бүтээгдэхүүний бодит үнэ кассанд бичүүлэхэд хамаагүй илүү үнэтэй байдаг гэж олон хүн гомдоллодог юм.


Но-той сонголт

Гурван кг-ын савлагаатай “Сакура” цагаан будаа 6709 төгрөг. Харин гурваас олон ширхгийг авбал 6229 төгрөг. Хэмнэлтийг нь тэд 1440 төгрөг гэсэн. Гэвч жижиглэнгийнх нь үнэ захынхаас 150-200 төгрөгөөр үнэтэй байв. Үйлчлүүлж байсан хүмүүс тэндээс хямд үнээр будаа авъя гэвэл хэрэглээнээсээ хэтэрснийг ачаад явах хэрэг гарах нь дээ хэмээн хошигнож харагдлаа.

Ер нь “Номин”-гийнх бүх бараа, бүтээгдэхүүнээ гурваас дээш авахад хямдруулж ганц, хоёр авсан тохиолдолд өндөр үнээр үнэлнэ гэдгээ “сануулжээ”. Тухайлбал, “Өег” кексээс нэгийг авбал 2129 төгрөг, гурваас олныг авбал ширхэг тутмыг 1919 төгрөгөөр өгч байна. Харин энэ кексийг хүмүүс хотын захын хүнсний дэлгүүрийн лангуунаас 1800 төгрөгөөр авдаг юм билээ.

Мөн “Номин”-гийн зааланд нэгэн бүтээгдэхүүний урамшуулал олны анхаарлыг татаж байв. Нэг литрийн “PURE MILK” сүүнээс нэгийг авбал нэг үнэгүй гэсэн бичгийг тэнд зоожээ. Үнэгүй юманд нугасгүй гэгчээр үйлчлүүлэгчид тийшээ хошуурна. Гэвч тэд сүүнээс авахаас авахгүй нь олон байв. Учрыг нь лавлахад нэг “PURE MILK” 5000 гаруй төгрөгийн үнэтэй аж. Хүмүүс “Яг тийм хэмжээний хоёр сүү аваад цаана нь 1000 гаруй төгрөг үлдэх юманд илүү зарлага хийхгүй” гэж тооцоолсон хэрэг байжээ.

Энэ супер захад “Хямд үнэтэй бүтээгдэхүүн авъя гэвэл олныг ав, урамшууллын бараанаас сонговол илүү үнэ төл гэсэн сонголт үйлчилж байв.

Үнээ нууцлав

Бид хүмүүсийн өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүн тэнд ямар үнэтэй байгааг сонирхсон юм. Түүнийгээ ч хүмүүст мэдээллэхээр ганц нэг барааны үнийг тэмдэглэж авах гэсэн боловч эсэргүүцэлтэй тулгарлаа. Дэвтэр, бал гаргахын завдалгүй худалдагч нар нь ирж “Яах гэж байна” хэмээн ууртай асууна. “Ойр зуурын хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдэх гэсэн юм. Хүмүүст хэрэгтэй байж магад” гэхэд “Манай дэлгүүр үнээ бичүүлдэггүй. Харахад л болоо юм биш үү. Та юм авахгүй бол гарна уу” гэж зандарлаа.

Биднээс өөр үнийн санал цуглуулж дараа үйлчлүүлэхдээ ашиглах гэж байсан харилцагч байсан бол гомдох байсан биз.

Эргэлзээ

Тэнд эргэлзэх зүйл цөөнгүй байв. Нэгэн худалдан авагч “Бөөний үнээ үйлдвэрийн ханшаар тогтооно гэсэн. 10-20 төгрөгөөр илүү үнэтэй байх юм. Зохион байгуулагч, худалдагчаас нь асуухаар үйлдвэр үнээ нэмсэн гэх юм. Зарим нь ам.доллар өссөн гэнэ. За, за авъя даа” гэж эргэлзэнгүй хэлснээ 50 ширхэг “Fuze tea” ундаа авлаа.

Тэрээр эндэхийн байнгын харилцагч, замын урд ТҮЦ ажиллуулдаг гэдгээ хэллээ. Мөн “Атар” талх авч байсан нэгэн эмэгтэй эргэлзэж зогссонтой бас таарав. Тэрээр “Атар” талх 869 төгрөг, хэмнэлт 210, гурван ширхэг 799 төгрөг гэсэн үнийн шошгонд эргэлзсэн нь энэ байв. Борлуулалтын туслахаас энэ “Нэг талх авбал 210 төгрөг хэмнэнэ гэж байгаа юм уу, эсвэл гурваас дээшийг авахад 210 төгрөгийн хэмнэлттэй юм уу” гэж асуулаа.

Борлуулалтын туслах шошгон дээрхээс илүү гарах мэдээлэл өгсөнгүй “Тодорхой биччихсэн л байна ш дээ” гэж бухимдангуй шивнэчихээд явчихав. Бид энэ тухай үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Э.Солонго


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.