Утааны улирал эхэллээ, зуухаа аваарай

Навчис шарлаж, тэнгэр бүүдийгээд, хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгааг өдөр өдрөөр сануулсаар. Хүйтэн болно гэхээр л нийслэлчүүдийн толгойд утаа гэсэн бодол зурсхийн орж ирдэг нь нууц биш.

Дээрээс нь утааны улирал эхэлж, урдах замаа чадан ядан хараад ирэхээрээ төр засагтаа уураа гаргана. Орон сууцанд амьдардаг нь гэр хорооллынхоо муулна. Ингэж тамын тогооны үлгэр шиг амьдарч байтал урин дулаан болно. Утаагаа мартана. Ийм маягаар шар нар, бор хоногийг өнгөрүүлж байгаа нь үнэн.

Ядаж байхад манайхан утааг зүхээд л суухаас санаачилга гаргана гэж байхгүй. Төр засгаас санаачилга гаргаад ажиллахаар дэмжихгүй. Хоёр жилийн өмнөөс Засгийн газар утаатай тэмцэх, нэн түрүүнд шаардлагатай арга хэмжээ авахаар “Цэвэр агаар” сан байгуулж, бүрэн шаталтат зуух тарааж эхэлсэн. Зуухных нь үнэ тийм ч өндөр биш. 30 мянгаас л эхэлж байсан. Гэтэл хүмүүс зуух нь үнэтэй байна, чанар муутай, дэлбэрсэн энэ тэр гэж муу хэлэхээ урьтал болгохоос биш утаанаасаа бага ч болов салъя гэсэн сэтгэлээр хандаагүй. Гэхдээ яах вэ, түмэн янз болсон ч гэсэн 100 гаруй мянган айл бүрэн шаталтат зуухтай болсон нь үнэн.

Албаныхан 120 мянга гэсэн тоог цаасан дээр биччихээд, түүнийгээ яриад байгаа. Тэгэхдээ л 100 гаруй мянган айл хар утаа олгойдуулж, их хэмжээний үнс үйлдвэрлэдэг зуухаа сольсон нь бас ч гэж үр дүн. Тэгвэл энэ жил 45 мянган айл өрхөд бүрэн шаталтат зуух тараахаар болсон. Энэ сарын 5-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Цэвэр агаар” сан хамтарч бүрэн шаталтат зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ажлын нээлтийг хийлээ.

Өнөө жил зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораторийн туршилтаар 15 зуух оруулж, дөрвийг нь шалгаруулан иргэдэд өгөхөөр болсон юм билээ. Тодруулбал, “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн “Өлзий”, “Роял Өүшн” ХХК-ийн “Том дөл”, “Элмеко” ХХК-ийн “Талст”, “Их тэнгэрийн хүч” компанийн “BEKAS-107” зуухнаас аль тохирохыг нь хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой гэсэн үг. Өмнө нь бүрэн шаталтат зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд бүрэн шаталтат зуух авах боломжтой юм байна. Зуух авах сонирхолтой иргэд “Хас” банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл авна.

Дараа нь “Хас” банкны тооцооны төв рүү очиж, нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушааж, төлбөрийн баримтаа авна. Дараа нь төлбөр тушаасан баримтаа үзүүлж, гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх аж. Шинэ зуух авч байгаа айлууд хуучин зуухаа заавал тушаах ёстой. Бүрэн шаталтат зуухыг зааврын дагуу зөв хэрэглэвэл агаар цэвэршихээс гадна түлшний зардлаа 30 хувиар хэмнэх боломжтой юм. Д үүрэг бүрт нэг цэг байгуулна

Энэ жил бүрэн шаталтат зуух арай өргөн сонголттой болсон гэдгийг дээр дурьдсан. Харин өмнөх жилүүдийнх шиг хороо болгон дээр шахам зуух борлуулах гэр цэг ажиллахгүй юм байна.

Учир нь ердөө л 45 мянган зуух зарах учраас дүүрэг бүрт нэг гэр цэг ажиллах ажээ. Сонгинохайрхан дүүргийн иргэд Баянхошууны эцэст байрлах гэр цэгээс зуухаа авах бол чингэлтэйчүүд “Дэнжийн 1000”-ийн эцэст байрлах гэр цэгээр үйлчлүүлэх боломжтой.

Харин Баянгол дүүргийн иргэд 13 дугаар сургуулийн хойно байрлах гэр цэгт очино. Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх гэр Яармагийн эцэс рүү эргэдэг уулзварын баруун хойно баригдах аж.

Сүхбаатар дүүргийнхний хувьд 14 дүгээр хорооны хашаанд байрлах гэр цэгээс зуухаа авч болно. 14 дүгээр хороо нь “Зургаан буудал”-ын автобусны буудлын зүүн талд байрлалтай.

Тэгвэл Баянзүрх дүүрэгт тус дүүргийн цагдаагийн хэлтсийн хойно гэр цэг байгуулагдах ажээ. Хэдийгээр зуух тараах ажил энэ сарын 5-нд эхэлсэн ч гэр цэгүүд ирэх долоо хоногоос баригдах гэнэ. Одоогоор хороо хороон дээрээ зуухны захиалга авч байгаа юм байна.

Бүрэн шаталтат зуухтай холбоотой мэдээллийг 318185, 1613 утсаар холбогдож авах боломжтой. Горимын дагуу хэрэглэвэл ямар ч аюулгүй Бүрэн шаталтат зуух анх худалдаанд гарсны дараа олон хэл ам дагуулсан. Тэр дундаа зарим нэг айлын ханан пийшин задарч, хүн бэртэж гэмтсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг байлаа.

Энэ мэт ганц нэг тохиолдлоос үүдэж “утаагүй” тодотголтой зуух хэрэггүй зүйл гэх сэтгэхүй цөөнгүй хүний толгойд суусан нь мэдээж. Тэр дундаа байшинд амьдардаг хүмүүс нэлээд муугаар үнэлдэг гэдэг нь олон жишээнээс харагддаг. Тэгвэл аль ч зуухыг горимын дагуу хэрэглэвэл ямар ч аюулгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Ханан пийшин нь дэлбэрсэн, задарсан тохиолдол бол тухайн айлын хүмүүс зуухаа буруу хэрэглэж, дээрээс нь ханаа буруу өрсөнтэй холбоотой гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Тиймээс бүрэн шаталтат зуух авч, хананд холбох бол мэргэжлийн хүмүүст үзүүлж, зөвлөгөө авч, шаардлагатай гэвэл дахин өрсөн ч болно.

Уг нь бүрэн шаталтат зуух утаа тортог, хөө бага гаргадаг болохоор ханан пийшинг тийм ч хурдан битүүрүүлж, задлаад байх нь бага. За тэгээд пийшингээ хөөлөх ажлаа жаахан идэвхтэй хийчихвэл элдэв асуудал гарахгүй шүү дээ. Тиймээс бүрэн шаталтат зуух аваагүй хүмүүс байвал хурдан бүртгүүлээд авахыг уриалмаар байна. Энэ жил дөрвөн төрлийн зуух 28-36 мянган төгрөгийн үнэтэй байх юм билээ. Бас ч гэж боломжийн л үнэ.

Хэрвээ үнэхээр энэ мөнгийг гаргаж чадахгүй, дийлэхгүй айл байвал “Хас” банкны зээлд хамрагдах боломж байгаа. Зарим нэг хүн зуух солилоо гээд утаа багасна гэж байхгүй хэмээн дайрдаг. Яах вэ, зуухаа солилоо гээд утаанаасаа бүрэн салчихна гэж байхгүй нь үнэн. Гэхдээ л гэр хорооллын 180 мянган айл өрхийн ядаж 90 хувь нь бүрэн шаталтат зуухтай болчихвол 30 орчим хувиар буурах боломж байгаа.

Дээрээс нь бүрэн шаталтаас гарсан утаа гэдэг элдэв хорт бодис, хүнд металл багатай байгааг мэргэжилтнүүд тогтоосон. Тиймээс иргэд өөрсдийнхөө болон өрөөлийн эрүүл амьдралын төлөө утаатай хийх хамгийн наад захын тэмцэлд хувь нэмрээ оруулах цаг болж.

Бусдыг зүхэж, утаатай байна гэж бухимдаж явсанаас өөрөө ганц ч гэсэн санаачилга гаргаж, зуух ч болтугай авчихвал аштай юу.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих