Эцэг эхчүүд жагсана

Сурагчийн шинэ дүрэмт хувцасны чанар муу, үнэ өндөр байгаад эмзэглэсэн эцэг эхчүүд өнөөдөр 15.00 цагаас эсэргүүцлийн  жагсаал хийх зар тараагаад байгаа билээ. Дээрх жагсаалыг “Эцэг эхчүүдийн түр хороо”-оос зохион байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар 20 гаруй сургуулийн эцэг эхчүүд  уг түр хороонд нэгдээд байгаа аж.  Эцэг эхчүүд шинэ дүрэмт хувцасыг хэтэрхий өндөр үнэтэй байна хэмээн шүүмжилж байгаа. Хийц, чанарын хувьд ч огт таалагдахгүй байгаа гэдгээ тэд мэдэгджээ. Эцэг эхчүүд Боловсрол шинжлэх ухааны болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад хандсан ч одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа гэнэ.

Энэ жил сурагчдын дүрэмт хувцасыг дотооддоо, хонины ноос ноолуурыг ашиглан үйлдвэрлэж байгаа. Мөн өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн нийт 16 цэгээр дүрэмт хувцсыг борлуулж эхэлсэн билээ. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73.9 хувь буюу 37300 гаруй сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө. Сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх төсөлд оёдлын 68, сүлжмэлийн 44, хонины ноос боловсруулах найм, ээрэх зургаа нийт 130 гаруй үйлдвэр хамрагдан өдөр шөнөгүй ажиллаж байгаа билээ.


URL:

Сэтгэгдэл бичих