Гэрлэлтээ батлуулах өргөдөл гаргасан тохиолдолд 30 хоногийн дотор бүртгэж гэрчилгээ олгоно

propose990-ээд оны үед жилд 16 мянга орчим иргэн гэр бүлээ батлуулдаг байжээ.

Тэгвэл 2009 оноос эхлэн гэр бүлээ батлуулах иргэдийн тоо 50 мянгад хүрч өссөн байна. Энэ нь шинээр гэр бүлээ батлуулж буй иргэдэд Засгийн газраас мөнгөн тэтгэмж олгох болсонтой холбоотой юм.

Харин энэхүү тэтгэмжийг зогсоосноос хойш гэр бүлээ батлуулах иргэдийн тоо харьцангуй буурсан байна. Энэ удаагийн тодруулгаараа иргэд гэр бүлээ батлуулахдаа ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах ёстой мөн гэр бүлээ хэрхэн цуцлуулах зэрэг мэдээллийг хүргэхийг зорилоо.

Ингээд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Н.Наранцэцэгээс тодруулснаа хүргэе.

-Гэрлэлтээ батлуулахад иргэд ямар, ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай вэ? Энэ талаар тодруулахгүй юу?
-Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэн гэрлэхийг хүсэгчид нэг нэгийнхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэхийг хүсэгчид хүсвэл гэрлэлтийг ёс төртэй бүртгэж болно” гэж заасан байдаг. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, cap, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана.

Тодруулбал, гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн тодорхойлолт, УБХ-ээс гэрлэж байгаагүй гэсэн лавлагаа, хэрвээ гэрлэхийг хүсэгчид өмнө нь гэрлэж байсан бол цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа зэргийг бүрдүүлэх шаардлагатай.

-Гэрлэлтээ хаана батлуулах вэ?
-Иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхдээ гэрлэхийг хүсэгчдийг биеэр байлцуулна. Гэрлэхийг хүсэгчдийн хүсэлтээр насанд хүрсэн гэрч, төрөл садангийн хүнийг оролцуулж болно. Дээрх бичиг баримтыг хүлээн авсан иргэний бүртгэлийн ажилтан 30 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэж, гэрчилгээ олгоно.

-Гэр бүлээ батлуулаагүй байхдаа хүүхдээ төрүүлбэл эхээр нь овоглох шаарддага тулгардаг. Харин гэрлэлтээ батлуулсны дараа хүүхдийг эцгээр нь овоглох тохиолдолд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
-Хэрвээ гэрлэлтээ батлуулаагүй байхдаа хүүхдээ төрүүлбэл шинэ эцэг тогтоох бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Эцэг, эх өмнө нь гэр бүл батлуулж байгаагүй, овгоо шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн    тохиолдолд өөрсдийн биеэр ирж бүртгүүлж болно.

-Харин гэрлэлтээ батлуулсан  хэрнээ эхээр нь овоглосон хүүхдийг төрсөн эцгээр нь овоглон бүртгүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
-Дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Тодруулбал, эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл /хорооны Засаг даргаар тодорхойлуулсан байх/, иргэний үнэмлэх/хуулбарлах/, Гэрлэлтийн баталгаа /хуулбарлах/, УБХ-ээс хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

-Зарим иргэд гэр бүлээ батлуулсны дараа ямар нэгэн шалтгаанаар тус тусын амьдралаа зохиодог. Энэ үед иргэд хэрхэн гэр бүлээ цуцлуулах вэ?
-Гэр бүл цуцлах шийдвэрийг хоёр хэлбэрээр шийддэг. Нэгдүгээрт, захиргааны, дараа нь шүүхийн журмаар шийддэг. Захиргааны журам гэдэг нь 18-аас доош насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй иргэд өөрсдөө энэ тухай өргөдөл гаргаж тухайн харьяалах сум, хороо, дүүрэгтээ өгнө. Энэ үед хуучин гэрлэлтийн баталгаа иргэний үнэмлэх өргөдөл гарсан иргэд өөрсдийн биеэр очих ёстой. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага талуудын хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцална.

-Шүүхийн журмаар шийдэх гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Ямар үед шүүхийн журмаар шийддэг юм бэ гэхээр 16-гаас доош насны хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай иргэд щүүхэд хандана. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шүүгчид хуваарилах бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэдэг. Иргэний хэрэг үүссэн өдрөөс хойш хэргийг 60 хоногийн дотор анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.

Г.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих