Хятадын хөрөнгө оруулалттай компани дулаанаа авч чадахгүйгээс болж бусдын эзэмшил рүү дайрчээ

uurdge​ Сүхбаатар дүүргийн долоо­дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Үүрдийн гэгээ” христийн сүмийн эзэмшил газар руу Хятадын хөрөнгө оруулалттай “Буян зориг” ХХК-ийнхан энэ сарын 3-4-нд шилжих шөнө дайрсан байна.

“Үүрдийн гэгээ” сүм нь “Дөлгөөн нуур”-ын хажууханд байдаг.  Тус сүмийн  баруун талд Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан  60, 62 дугаар байр бай­даг. Энэ хоёр барилгын эзэн нь н.Жанхай гэдэг хятад хүн байдаг гэнэ.  “Буян зориг” ХХК нь 2008 онд тус сүмийнхэнтэй хэлэлцээр хийж, газар солилцох гэрээ хийсэн байна. Тус гэрээг “Үүрдийн гэгээ” сүмийн хүмүүс 60, 62 дугаар байрны оршин суугчдын эрх ашгийн үүднээс анх хийж бай­жээ. Тодруулбал “Буян зориг” компани дээрх барилгуудыг анх барихдаа оршин суугчдын орц гарцны асуудлыг шийдвэрлээгүй байна. Үүнээс болж “Үүрдийн гэгээ” сүмийн барилгын хажуу талын 100 метр квадрат газрыг өөрийн эзэмшил гэх тус сүмийн ард байрлах газартай гэрээ хийсний үндсэн дээр солилцсон аж. Хятадын хөрөнгө оруулалттай гэх барилгын компанийн барьсан 62 дугаар байр нь 2011 онд ашиг-лалтад орж, оршин суугчдыг оруулжээ. Ингэхдээ тус байрны халаалтыг өмнө нь баригдсан 60 дугаар байрнаас шууд авдаг байжээ. Ингээд байрны дулаанаас  болж тохиролцсон гэрээг зөрчин өөрсдийн солилцооны газар болох 100 метр квадрат газрыг бүрэн бүтнээр олгоогүй гэнэ. Түүгээр зогсохгүй “Үүрдийн гэгээ” сүмийн ард талын эзэмшил талбайгаар дамжуулан байрныхаа дулааныг шийдэх зорилгоор газрыг нь зөвшөөрөлгүйгээр ухаж эхэлсэн байна. Нөгөөтэйгүүр “Буян зориг” компанийн дулааны шугам татах ажлыг “DSL” гэдэг компани хийх гэнэ. Энэхүү компанийн хувьд хятад эзэнтэй дээрх барилгын компанитай далд байдлаар холбоо сүлбээтэй бололтой. Компанийн захирал н.Дэлгэрхүү гэгч нь газрын асуудал үүссэн цагаас сүмийнхнийг удаа дараа дарамталж байжээ.

 

“Үүрдийн гэгээ” сүмийн нягтлан бодогч Г.Сайн-Учрал: ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН

 

-“Буян зориг” компанийн мон­гол захирал нь н.Чинзориг гэдэг хүн бий. Өнгөрсөн онд бидний газар руу зөвшөөрөлгүйгээр дайрч байсан. Учрыг асуухад “Энэ чинь бидний газар. Тиймээс бид ухаж дулаанаа авна” гэсэн. Үүгээр ч зогсохгүй ар талын хашаан доогуур аль хэдийнэ труба оруулаад ирчихсэн байгаа юм. Мөн анхнаасаа л тус барилгын компани нь газар солилцох гэрээг хууль бусаар зөрчсөн. Тодруулбал анх тэгш хэмжээний газрыг солилцох ёстой байсан. Гэтэл тэрхүү газар нь гэрээнд заасны дагуу хэмжээндээ байгаагүй. Бид газраа хамгаалахын тулд блокон хашаа татсан. Бидэнд газраа үнэлэх гэсэн санаа байхгүй. Гагцхүү орон сууцны иргэд хүндрэлтэй байна гэсэн болохоор анх газар солилцох гэрээг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл одоо бидний эрх ашигт хөндлөнгөөс халдаж байна. Мөн холбогдох байгууллагууд хятад хүний эрх ашгийг илүүд үзэж байна. Бид Дулааны шугам сүлжээнийхэнд хэд хэдэн удаа хандсан. Сүүлд мэргэжилтэн н.Энхмандах гэдэг хүн “Чи чинь монгол хүн биз дээ. Ямар юмаа хийж, христийн сүмд орчихдог юм гэх зэргээр хувь хүний эрх чөлөөнд халдсан.

 

“БУЯН ЗОРИГ” ХХК ТЕХНИКИЙН НӨХЦӨЛГҮЙ БАЙЖЭЭ

 

“Буян зориг” компани нь өмнө “Чин удам” гэдэг нэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан аж. Энэхүү газар солилцох гэрээг энэ үед хийж байжээ. Гэрээний нөхцөлийг одоо байгаа “Буян зориг” компани хүлээн авсан гэнэ.  “Үүрдийн гэгээ” сүмийнхэн дээрх асуудлаар цагдаа, шүүхийн бай­гууллагад хандаж өөрийн эзэм­шилд нийт  600 метр квадрат талбайн зөвшөөрлийг Нийслэлийн Газрын албанаас гурван өдрийн өмнө авчээ. Гэсэн хэдий ч “Буян зориг” ХХК-ийнхан хэд, хэдэн удаа “Газрыг чинь авна” хэмээн дарамталсаар байгаа аж.  “Буян зориг” ХХК-ийн тухайд дулааны шугам тавих техникийн нөхцөлгүй юм байна. Энэхүү асуудалд тус сүмийнхэн дан ганц барилгын компанийг бус холбогдох албаных­ныг ч буруутгаж байгаа юм. Түүнчлэн “Буян зориг” ХХК нь өөрийн дулаан дамжуулах төвөөр  барилгынхаа бүх дулааныг хангуулахаар гэрээ хийх ёстой байсан аж. Гэтэл  дулаан дамжуулах төвөө ганцхан 60 дугаар байрны дулааныг хангах зорилгоор хийсэн байжээ. Тус компанийн дулааны техникийн нөхцөл нь өнгөрсөн оны аравдугаар сард дууссан аж. Харин барилгын өргөтгөл хийх зэрэг шаардлага гарвал дулааны төвийг дахин шинээр байгуулахаар болжээ. Ийнхүү өөрсдийн эрх ашиг, зардлыг хэмнэн тус сүмийн газраар дамжуулан дулаанаа авах сонирхолтой байгаа аж.

Ямартай ч тус компанийнхан газар, дулааны асуудлаар тус сүмийн эзэмшдэг газарт хэзээ хал­дах нь тодорхойгүй байгаа. Халдана гэдгийг “Буян зориг” ком­панийнхан мэдэгдсэн гэнэ. Үүнээс болж “Үүрдийн гэгээ” сүмийн хүмүүс “Бидэн рүү хэзээ ч дайрч болзошгүй тул өдөр болгон газ­раа манаж, хонож байна. Ингэж айдастай байна гэдэг хувь хүнд болоод ар гэрт үнэхээр асуудалтай байна. Хэдий хүртэл иймэрхүү байхыг хэлж мэдэхгүй байна. Бүр болохгүй бол дахин шүүх, хяналтын байгууллагад хандана” гэдгийг хэлсэн юм.

 

Т.Болорцэцэг

Эх сурвалж: ipost.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.