Шалгалтын явцад дахин галт зэвсэг илэрчээ

527-1379388793f3f5ae37f842206eoriginal“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Г.Болдбаатар, Г.Чагнаадорж нарын хүмүүс Төрийн ордны хамгаалалтын бүсэд хүйтэн зэвсэг хэрэглэсэн хэрэг гарсан.

Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ болон ТЕГ-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тагнуулын байгууллага дээрх хүмүүст нэмэлт шалгалт явуулсны үр дүнд гранат 11, гранат тэслүүлэгч 10, гар буу 1, сайга маркийн буу 1, бууны сум 101, тротил 18 ширхэг, тетонарт 9, бууны замаг нэг ширхгийг илрүүлэн хурааж авсан байна.

Мөн хэрэг гарсаны дараахан Төрийн ордны хашаанаас “ф-1” загварын гар бөмбөг, “РГД-5” загварын гар бөмбөг нэг, “ПМ” загварын гар буу нэг, нэг дайз сумтай, “Сайга” загварын автомат буу нэг, “Эскиз” загварын байлдааны мэргэн буудагчийн винтов нэг, тус бүр нэг дайз сумтай долоон ширхэг галт зэвсгийг хураан авсан юм байна.

“Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ хэрэгтэй холбогдуулан олон хүнийг хоморголон баривчилсан мэтээр мэдээлж байгаа. Энэ нь ор үндэслэлгүй мэдээлэл. Хэрэгт холбогдсон хүмүүсийг саатуулан шалгаж байгаа” гэж хурал зохион байгуулагчид онцоллоо.

Хэвлэлийн хурал зохион байгуулагчдаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авсан байсан уу?

-Ардчилсан нийгэмд хэн ч жагсаал зохион байгуулах эрхтэй. Гэхдээ бусдын амь нас, эрүүл мэндэд хөнөөл учруулах аюултай байдлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй юм. Жагсаал зохион байгуулахын тулд тухайн дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах журамтай байдаг. Гэтэл энэ жагсаал нь зөвшөөрөлгүй байсан. Ээлжит бус чуулган болох үеэр жагсаал цуглаан зохион байгуулагдах гэж байгаа талаар тагнуулын байгууллага мэдээлэлтэй байсан. Урьдчилан сэргийлж таслан зогсоож, холбогдох байгууллагуудтай хамтраад шалгаж байгаа. Ер нь тагнуулын байгууллага Үндэсний аюулгүй байдал, иргэдийн аюулгүй амьдарлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй байгууллагын хувьд иргэдээс мэдээлэл авч ирсэн. Цаашид нийгмийн аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байгааг дээрх үйл явдал харуулж байна.

-Ц.Мөнхбаяр нарт ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?

-Эрүүгийн хуулийн 177.1, 91.2.13 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 91.2.13 гэдэг нь “Нийтэд аюултай аргаар хүний амь хөнөөсөн” гэх зүйл анги юм.

-Буунууд бүртгэлтэй байсан уу. Хаанаас зэвсэг, тэсрэх бөмбөгүүдийг авч ашиглаж байсан юм бол?

-Буунууд бүртгэлтэй байсан. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Хууль бусаар хадгалж байсан нь тогтоогдсон. Хилээр их хэмжээгээр ороод ирсэн мэтээр ярьж байгаа нь ташаа мэдээлэл юм. Тэсэрч дэлбэрэх бодис нь улсад бүгд бүртгэлтэй байдаг учраас хилээр тэсрэх бодис их хэмжээгээр нэвтрэх боломжгүй. Үүнд ЦЕГ, ТЕГ хяналт тавьж ажилладаг.

Хуулийн байгууллагын ажилтнууд дээрх мэдээллийг өглөө. Хэргийн мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг тайлбарлалаа.

ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн байгууллага бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Сэжигтнүүдийн ар гэрт нэгжлэг хийх, тэднээс мэдүүлэг авах ажил үргэлжилж байгаа гэж өөр эх сурвалж мэдээллээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах “Ксенния” төвийн гурван давхарт байрлах “Гал үндэстэн” холбооны өрөөг цагдаагийнхан битүүмжилжээ. Түрээслүүлэгч эзний мэдэгдсэнээр хэрэг гарсны маргааш цагдаагийн ажилтнууд битүүмжлээд явжээ.

Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн 91.2.13 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн шалтгаан нь “Гал үндэстэн” холбооны нэг гишүүн бууны суманд өртсөнтэй холбоотой гэж эх сурвалж мэдэгдсэн. Эрүүгийн хуулийн 91.2.13-т заасан “нийтэд аюултай аргаар” гэдэг нь “Гэмт этгээд тодорхой хүнийг алах гэсэн санаагаа хэрэгжүүлэхдээ хохирогчоос гадна бусад хүмүүсийн амь насанд бодитой аюул учруулж болох арга, тухайлбал барилга байшин шатаасан, дэлбэлсэн, хорт хий болон бусад үй олноор нь хөнөөх чадал бүхий хими, биологийн зэвсэг хэрэглэсэн байх ба гэм буруутай этгээд өөрийн энэ үйлдлийн хор холбогдлыг ойлгож ухамсарласан санаатай үйлдэл” гэж хуульд заасан байдаг юм байна.

Харин цагдаагийн байгууллага энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгч буй юм.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих