Хасан Рухани: Иран цөмийн зэвсэгтэй болохгүй

Хасан Рухани: Иран цөмийн зэвсэгтэй болохгүй

Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани тус улс цөмийн зэвсэгтэй болохгүй гэж мэдэгджээ.

Түүнчлэн тэрээр цөмийн маргаантай асуудлаар өрнөдийн орнуудтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа хэлсэн байна. Энэ тухай Рухани Америкийн NBC телевизэд өгсөн ярилцлагандаа дурдьжээ.

Хасан Рухани Ираны Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбогдуулан АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама түүнд илгээсэн захидлыг нааштайгаар хүлээж авсан гэнэ. Өнгөрсөн сард тангарагаа өргөж Ираны төрийн тэргүүний албыг хүлээж авсан Хасан Рухани Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно.

Цагаан ордны төлөөлөгч Жэй Карни Обама Ираны Ерөнхийлөгтэй уулзахыг төлөвлөөгүй гэжээ. Айлчлалыг тохиолдуулан Иранд хэд хэдэн улс төрийн хоригдлыг суллажээ. Тэдний дотор 2012 оны Андрей Сахаровын нэрэмжит шагналын эзэн, хүний эрхийг хамгаалагч Насри Сотуде ч байна. Саяхан Барак Обама “Telemundo” телевизэд өгсөн ярилцлагандаа “Ираны шинэ Ерөнхийлөгч Рухани өрнөд болон АНУ-тай харилцан ярих сонирхолтой байгааг” дурдьжээ. Мөн Тегеран дипломат боломжоо алдахгүй байх гэжээ.

Хасан Рухани сонгуульд нэр дэвших үеэр Ираны иргэдэд улс орноо дэлхийд нээлттэй байлгаж өрнөдийн орнуудтай нягт хамтарч ажиллах болно гэж амлаж байв. АНУ болон түүний холбоотнууд Ираныг цөмийн зэвсэгтэй болно гэж болгоомжлоод буй.

Харин Тегеран уг асуудлыг үгүйсгээд цөмийн эрчим хүчийг зөвхөн энхийн зорилгоор хэрэглэхээ мэдэгдсээр ирсэн билээ.

М.Хүслэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих