Дарь-Эхийн замыг өнөөдөр нээнэ

Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдсаар байна. Одоогийн байдлаар хаана ямар зам засвартай байгаа талаар Нийслэлийн авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Зүүн дөрвөн замын засварын ажил хийгдэж байгаа. Уг засварын ажил хэзээ дуусах вэ?
-Нийслэлийн зам засварын ажил үргэлжлэн явагдсаар байгаа. Тухайлбал, Зүүн дөрвөн замын уулзварын хэсгийг дөрөв хоног хааж, засварын ажил хийгдэж байна. Өнөөдрийн /өнгөрсөн баасан гараг/ 22.00 цагаас эхлэн Зүүн дөрвөн замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалыг ирэх ням гарагийн 22.00 цаг хүртэл хааж, хучилт хийнэ.

-Зам засварын ажил дуустал зорчигчид хаагуур зорчих боломжтой вэ?

-Зам засварын ажил хийгдэж байх үед хойд урсгалаар хоёр эгнээ зорчино. Харин энэ сарын 22-нд буюу ням гарагийн 22.00 цагаас 24-ний 22.00 цаг хүртэл энэ замын хойд урсгалын 100 метр хэсгийг хааж, хучилт хийх тул урд урсгалаар хоёр эгнээ зорчихоор болж байгаа.

-Ойрын хугацаанд засварын ажил нь дуусч ашиглалтад ороход бэлэн болж байгаа зам байгаа юу?

-Сансарын ШТС-ын уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр /өнгөрсөн баасан гараг/ 23.00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Ирэх даваа гарагийн өглөөний 06.00 цагт нээхээр төлөвлөгөөтэй байгаа. Тус замын гүйцэтгэгч “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг ийнхүү засварлаж, хучилт хийх юм. Энэ мэт засвар нь хийгдээд явж байгаа замууд бий. Тухайлбал, Нисэхийн товчоо – Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг “Тотал Инж” ХХК өргөтгөн шинэчлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Нисэхийн товчооноос баруун тийш 2.5 км суурь асфальтбетон хучилт хийгээд байгаа. Мөн Үйлдвэрийн гудамжны 2.2 км авто замын суурь хучилтыг хийж дуусгаад замын хөдөлгөөнийг өнгөрсөн лхагва гарагт нээж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхэлсэн. Өнгө асфальтбетон хучилт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд замын хөдөлгөөн хаах хуваарийг цаг тухайд нь мэдээлнэ.

-Нисэхийн “Цагаан хаалга”-ыг яагаад буулгах болсон юм бэ?

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах асуудлыг хэлэлцсэн. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан, Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг татан буулгаж, Хөшигийн хөндийд баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдасын даваа орчимд барих саналыг манай байгууллагаас дэвшүүлсэн. Уг саналыг Тэргүүлэгчид хэлэлцэн, тогтоол гаргаж, буулгахаар болсон.

Ж.Отгон


URL:

Сэтгэгдэл бичих