Ли гуай усан дунд барилга барьж байна

 db36a492d0455b46big  Баянзүрх дүүрэгт усан дээр барилга барьж байна гэсэн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Эл мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Баянзүрх дүүргийн XIII хороолол “Доктор” авто засварын газар, ЗЦГ-ын журмын хашаа хоёрын дунд том цэнхэр төмөр хашаагаар хашсан газарт хятадууд барилга барьж байна. Хашаан дээр “Анхаар, энд барилгын ажил хийж байна” гэсэн сануулга хадсан байв. Хажууханд нь жижиг амбаар харагдсан нь цэнхэр хашаатай залгаа байх орон сууцнуудын харуулын байр аж. Цонхоор нь шагайвал дунд эргэм насны эр сонин уншаад сууж байна. Түүнээс Та энэ барилга барьж байгаа компанийн тухай мэдэх үү, барилгынх нь сууриас ус ундраад байхад барилгаа бариад байна гэсэн мэдээллийн мөрөөр явж байгаа юм” гэхэд “Би саяхан энд ажилд орсон болохоор нарийн зүйлийг мэдэхгүй.

   Хажуугийн байрны оршин суугчид тэгж ярьж байхыг сонссон. Уржигдар хэдэн хүн ирээд хэтэрхий том газар хашсан байна. Байрны хажуугаар явах зайгүй бараг бөөрөнд нь наагаад шахам хашаагаа барьчихаж. Дотогш нь болго гэж хэлээд байсан. Энэ газрыг хариуцсан Сууц өмчлөгчдийн холбооныхон юм гэсэн. СӨХ-ных нь байр нэлээд зайтай байдаг юм билээ” гэв. Бид харуултай ийн ярилцаад цааш явлаа. Том цэнхэр хашааны урд талд очвол хаалгаар нь 18-19 орчим насны гурван залуу шагайгаад зогсож байв. Тэдэнтэй уулзлаа. Өндөр бор царайтай нөхөр гартаа цагаан тортой юм барьчихсан хэн нэгнийг дуудаж байснаа эргэж хараад хайнгадуухан “Та ямар хэргээр явна,,гэж асуулаа.

   “Энэ газрын захиралтай нь уулзаж болох уу. Та гурав эндхийн ажилчид уу” гэвэл “Бид энд ажилладаггүй ээ. Зайсангийнх нь барилгын ажилчид байгаа юм. Хүнтэй уулзаж юм өгөхөөр ирсэн. Захирал эзгүй байна. Та хятадуудтай хэл нэвтрэлцэхгүй байх аа. Хэдэн хятад л ажиллаж байгаа. Манаач нь ч алга. Байраа цоожлоод хаа нэг тийшээ явсан бололтой. Эндхийн захирал Ли нэртэй хятад эр бий. Компанийнх нь нэр тодорхойгүй. Энэ газраас гадна Зайсанд 12 давхар хоёр ч байшин барьж байгаа. Захирлын эхнэр монгол эмэгтэй байдаг юм. Саяхан ирээд явсан. Та зөрчихлөө” гэлээ. “Энд орон сууцны барилга барьж байгаа юм уу. Сууринаас нь ус гараад байгаа бололтой. Нэлийсэн ус л харагдаад байна. Нуур тогтчихсон юм биш үү” гэж асуувал үүргэвч үүрсэн шар царайтай залуу нь “Харин тиймээ. Суурийг нь цутгаж эхлэхэд л доороос нь ус ундарч байсан. Байсхийгээд нь соруулдаг юм. Тэгээд суурь нь тэр чигтээ усаар дүүрчихдэг. Хятадууд усыг тоодоггүй юм аа.

   Өөрсдөө усан дотор л зогсч байдаг. Энэ барилгын ажлыг зургадугаар сард эхлүүлсэн. Нэлээд өндөр барилга барих юм гэсэн” гэж ярилаа. “Нохойтой анхаар” гэсэн бичгийг хараад сэрэмжилсээр хашааны хаалгаар орлоо. Гэтэл хоёр хар гөлөг хошуу амаа долоосоор гүйж ирээд ямар нэгэн юм горьдсон харцаар ширтэж байв. Чамгүй том газрыг эзэлсэн барилгын суурь усан дунд сааралтаж харагдана. Доод давхар нь тэр чигтээ машины грааш юм байна. Дүүрэн ус мэлтэлзэнэ. Хэдэн хятад амандаа нутгийнхаа хэлээр үглэж, хуруугаараа дэмий л зангаж байлаа. Хашааны зүүн хэсэг тэр чигтээ хогоор дүүрчээ. Тэнд хэдэн машин хог хөглөрч харагдсан. Баруун талд нь нэг гэр байна. Яйжийсан бор гэр хятад ажилчдын өдөртөө түр амсхийдэг газар бололтой.

    Тэнд монгол хүн харагдаагүй. Ли гэх эрийн хэлмэрч нь Туяа гэдэг эмэгтэй байдаг ч амралтын өдөр болохоор ирээгүй байна гэж хэсэг зуур үг солиод явсан гурван залуу хэлж байсан. Даарч бөөвийсөн хэдэн хятад байсхийгээд л урт шланк барьж гүйгээд байхыг нь ажвал нуур болтлоо ундарч байгаа усыг хэсэг хугацаа өнгөрөөд л соруулдаг нь илт. Бид хашаанаас гарч баруун талаар нь тойрлоо. Замын цагдаагийн газрын журмын хашаатай нийлүүлээд хатгачихсан юм байна. Амралтын өдөр болохоор журмын хашаа нам гүм байв. Харин урд талынх нь замаар зогсоо зайгүй машин сүлжилдэнэ. Хятадуудын барьж буй байшинг нэлээд өндрөөс тольдсон нэгэн залуу ингэж ярилаа. “Дээрээс харахаар их устай нь тод харагдаж байна билээ. Намайг долоо хоногийн өмнө энд ажлаар ирэхэд усаа соруулаад л давхараа ахиулж бариад байсан. Гэтэл сая барьж байгаа байшингийнхаа ард дахиад нэг байшингийн суурь ухчихсан байна. Бас л дүүрэн ус харагдлаа” хэмээв.

   Хятад эрийг усан намаг болсон газар барилга барих зөвшөөрлийг хэн олгосон юм бол. Барилга барьж худалдаж л байвал чанар, аюулгүй байдал, барилгын стандарт гэдэг зүйлийг үл ойшоодог болжээ. Чухам хэн гэдэг эрх мэдэлтэн тэр хятад эрд усны ундаргатай газар барилга барих зөвшөөрөл олгож, ямар компанийн Ли гуай хаана хэчнээн барилга барьж буйг бид эргэн сурвалжлах болно.

Б.ГАНДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих