Ш Сайхансамбуу гишүүний буруутай нь тогтоогдвол гурван жил хоригдоно

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өдөр тутмын нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө

“Би энэ танхимд авлига өгсөн хүмүүстэйгээ тохой залгаад сууж байна” гэсэн нь урт хэл хүзүү ороов гэгчийн үлгэр болоод буй юм. Энэ үгнээсээ болоод УИХ-ын гишүүн одоо Авлигатай тэмцэх газрын дансанд орж, “Хэн гэдэг гишүүнд авлига өгснөө хэл” гэсэн мөрдөн байцаагчийн асуултад ээрэгдэж эхэлжээ. Хуулийнхан түүний хэлсэн үгийг гэмт хэргийн шинжтэй хэмээн Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйл ангиар буюу хээл хахууль өгсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Түүний зүгээр нэг санамсаргүй болчимгүй үг унагав уу, үнэхээр авлига өгч байсан хүмүүстэйгээ мөр зэрэгцэн сууж байна уу гэдгийг нь шалгаж тогтоох гэнэ.

Хэрэв буруутай нь тогтоогдвол 269 дүгээр зүйлийн 1-д албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн хэмээн буруутгагдах аж. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлэх заалттай аж. Түүнчлэн зохион байгуулалттай бүлэглэн хэрэг үйлдсэн бол зүйлчлэл нь хүндэрч таваас дээш найман жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх заалт ч байгаа юм. Гэхдээ анх хэрэг үйлдэж байгаа хүнийг өршөөн хэлтрүүлэх хууль бий. Тэр нь Өршөөлийн тухай хууль. Энэ хуульд хамрагдвал ял нь хөнгөрч эсвэл тэнсэн харгалзах ялаар солигдох боломжтой. Гагцхүү гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал хэн бугайд ч энэ хуулиас “хөнгөлөлт” эдэлж болох нэг гарц бий. Хэрэв хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй бол тэр хүнд энэ хууль үйлчлэхгүй нь тодорхой.

Дээрх ярилцлага нийтлэгдсэний дараахан Авлигатай тэмцэх газрынхан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаас тайлбар авчээ. Тэрбээр мөрдөн байцаагчид хэлэхдээ “Ярилцлага өгсөн нь үнэн. Гэхдээ би энэ танхимд авлига өгсөн хүмүүстэйгээ тохой залгаад сууж байгаа гэж яриагүй ярилцлага авсан сэтгүүлч дэгсдүүлжээ” хэмээн сэтгүүлчийг буруутгажээ. Харин сэтгүүлчийн ярилцлага авсан хуурцагт гишүүний тэр яриа хураагдсан байсан гэнэ. Иймд тус газрынхан тодорхой баримт бүрдүүлсний улмаас УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

Юутай ч УИХ-ын гишүүн, хариуцлагатай хүн дэргэдээ байгаа авлигачдын тухай олон нийтэд дуулгасан нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татахгүй өнгөрөөгүй бололтой. Нэг талаараа хуулийн байгууллагынхан өдөр тутмын хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч буй гэмт хэргийн шинж чанартай мэдээллүүдийг шалгадаг болсон нь төрийн болон улс төрийн зарим давилуун нөхдүүдийн хамаа намаагүй бие биенээ үндэслэлгүй доромжилж, гүтгэдэг байдлыг таслан зогсоох нэг хөшүүрэг болж мэдэх юм. Үүнийг УИХ-ын гишүүн Ш Сайхансамбууд тохиолдсон үйл явдал тод харууллаа.

Г.ЯЛГУУН


URL:

Сэтгэгдэл бичих