“Иргэдийн хүсэлд нийцсэн тохилог автобустай болно”

Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа.
-“Тээврийн сан” байгуулахаар болсон. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тэгэлгүй яахав. Энэ оны долдугаар сард Иргэдийн хурлаар 20 тэрбум төгрөгний “Тээврийн сан“ байгуулсан. Тухайн сангийн мөнгөөр тээврийн компаниуд автобус оруулж ирэх, худалдаж авах юм.
Мөн 2014 оны нэгдүгээр сараас гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх гэж байгаа. Ингэснээр манай иргэдийн хүсэлд нийцсэн, тохилог автобусууд орж ирэх боломж бололцоо нээгдэж байгаа юм. Одоогоор манайд 1100 автобусаар үйлчилж байгаа бөгөөд өдөрт найман зуун автобус үйлчилгээнд гардаг.
Эдгээр автобусууд нь он хуучирсан бөгөөд иргэдийнхээ аятай тухтай байдал, шаардлагыг хангаж чаддаггүй. Иймээс хотын шинэ удирдлагууд нийтийн тээвэрт ажлын даалгавар гэж өгч байгаа. Түүнд стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, цонх нь цантахгүй, моторын чадал чансаа сайн автобус оруулж ирээч гэсэн шаардлагыг тавьж байгаа.
-Шинэ автобус оруулж ирэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудыг хэр оролцуулах вэ. Хуучин мотортой автобус орж ирэхгүй гэсэн баталгаа бий юу?
-Ер нь орж ирж байгаа автобусууд 4-5 жил болчихсон байдаг. Энэ ажилд захиргааны аргаар оролцох явдлыг багасгаж байгаа учраас тухайн салбарт бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд боломж бололцоо нээгдэж байгаа гэсэн үг.
Удирдлагын зүгээс зөвхөн ажлын даалгавар өгч чанарын шаардлага хангасан автобус оруулж ирээч гэсэн саналыг хүргүүлж байгаа. Энэ саналын үндсэн дээр хуучны алдаа давтагдахгүй байх гэж найдаж байна.
-Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхлээд хэдэн cap өнгөрлөө. Ажил ямар түвшинд явж байгаа вэ?
-Гадаадын орнуудын жишигээс харахад гэр хорооллын дахин төлөвлөлт 5-10 жил 10-20 жил үргэлжилсэн томоохон төслүүд байдаг. Бид өнгөрсөн жил санал авч 12 байршилд гэр хороололд дахин төлөвлөх ажлыг хийхээр болсон. Энэ ажил нь хүний эд хөрөнгөтэй холбоотой ажил юм. Олон жил ард иргэд амьдарсан газрыг орон сууцжуулах болохоор нэлээд хугацаа ордог.
Тэгэхдээ манай иргэд өөрсдөө маш идэвхи санаачилгатай оролцож байгаа учраас ажил ахицтай явагдаж байна. Ер нь гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдаж байгаа иргэдийн 50 хувь нь тухайн байрандаа орох хүсэлтэй байгаа бол 25 хувь нь газраа чөлөөлж, зараад орхих бодолтой байдаг.
Харин үлдсэн 25 хувь нь хашаандаа үлдэх хүсэлтэй байгаа юм. Ингэхдээ хашаандаа үлдэх хүсэлтэй иргэд маань дэд бүтцийн асуудал болох дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны асуудлыг шийдээд өгвөл өөрсдөө тохилог орон сууцаа барина гэсэн саналтай байгаа.
Энэ ажил дээр нийслэлд хоёр томоохон төсөл хэрэгжиж байна. Тодруулбал, Гэр хорооллыг орон сууцжуулах, Гэр хорооллын хөгжлийн газар гэсэн төслүүд байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ хоёр төсөл нилээд ахицтай явагдаж байгаа бөгөөд дараа жилээс улам сайжруулах, төрөлжүүлж тохилог орон сууцны асуудалд анхаарал тавин ажиллах төлөвлөгөөтэй байна.
Ингэхдээ гэр хороололд намхан тохилог орон сууцнуудыг барих юм. Ер нь есөн давхараас дээш байх нь зохимжгүй юм шиг санагддаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдаж байгаа 12 байршлаас гадна Баянзүрх дүүрэг дээр найман байршилд ерөнхий төлөвлөгөө гаргах санал хэлэлцэж байгаа.
Ер нь энэ хөтөлбөрт хамрагдах, оролцох сонирхолтой иргэд маш их хандаж байна. Бид юуны түрүүнд эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Дараагийн ажлаа эхлүүлэхдээ илүү их судалгаатай, эрчимтэй, иргэдэд үр өгөөжтэй байх талаас нь хийх болно
-2030 оны хот төлөвлөлтөд Авто зам, гүүр хаана хаана барихаар болов?
-Ерөнхий төлөвлөгөөний дагуу зам дээр маш олон ажлуудыг хийхээр болсон. Тухайлбал, Сонсголонгийн 5.5 км зам, Нисэхийн уулзвараас Био, шувуу чиглэлийн 22.5 км зам байна. Мөн Яармагийн 13.6 км зам гээд хурдтай бөгөөд чанартай хийгдэх олон ажлууд байгаа.
Япон улсын Засгийн газартай хийсэн уулзалт дээр яригдсан метроны 800 метр гүүр барих ажил төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Мөн ерөнхий төлөвлөгөөнд худалдааны төвүүдийг гадагшлуулж өөр байршилд шилжүүлж, яваандаа шинэ худалдааны төвүүдийг бий болгох ажлуудыг тусгаж өгсөн. Улс орон өөр, өөр худалдааны төвүүдтэй байдаг. Саяхан Лондонгийн худалдааны төвийн дарга манай оронд айлчилсан. Лондон гэхэд 2-3 бүтэц байна. Яг энэ тал руугаа Улаанбаатарыг хөгжүүлэх шаардлагатай юм.
-Улаанбаатар хотын замын түгжрэл хүн амын төвлөрлийг бууруулахын тулд ямар ажил хийсэн бэ?
-Өнгөрсөн жил замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын үр дүнд нэгдүгээр эгнээг чөлөөлж, 33 уулзварыг янзлах ажлуудыг хийж байна. Ажлын үр дүнд түгжрэл тодорхой хувиар буурсан. Энэ ажлыг бүрэн төгс хийхийн тулд ил задгай наймаа эрхэлдэг зах худалдааны төвүүдийг хотоос гаргах ажлыг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авч байна.
Техникийн захуудыг 22-ын товчооноос гаргах ажил хийгдэх гэж байна. Мөн 130 га газрын 70 орчим га дээр ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Худалдаа эрхлэгчид, иргэд энэ тал дээр ам сайтай байгаа. Яагаад гэвэл эхний ээлжинд автомашин худалдаалдаг ил задгай захыг хотоос гаргах юм.
Энд олон улсын авто машины төвийг бий болгоё гэж бодож байна. Дэлхийн авто машины сэлбэг, автомашины төрөлд адилхан хөл тавьж оролцох сонирхолтой байгаа.
Энэ онд үйлдвэрлэгдсэн машин энэ ондоо Монголд орж ирж борлуулагдах түүнийг хэрэглэдэг болъё гэсэн давхар бодолтой энэ ажлыг зохион байгуулж байна. Уг ажил амжилттай болбол Зуун айлын барилгын материалын худалдааг гадагшлуулах тухай бодно.
Хамгийн сүүлд хүнсний худалдаачдыг гадагшлуулах тухай асуудал яригдана. Зах гэдэг үгнээс татгалзах хэрэгтэй байна. Хотын үйлчилгээ нь иргэддээ ойртоогүй оронд зах гэдэг үгийг хэрэглэдэг. Ийм оронд амралтын өдөрт түр үйлчилгээ үзүүлдэг түр зах ажиллуулдаг бөгөөд үүнийг л зах гэж хэлэх ёстой.
Одоо манайд байгаа захууд нь худалдааны төвүүд юм. Хотын төвдөө худалдааны төвөө байршуулсан орон хаана ч байхгүй. Өнөөдрийн манай худалдааны төвүүд нь сэтгэл амар үйлчилгээ авч чадахгүй байна шүү дээ. Учир нь байршлаас шалтгаалж иргэд үйлчилрээ авахын тулд хотын  төвийн нэгдүгээр эгнээнд машинаа байршуулна.
Байрлуулсан машинаа харж хамгаална, цагдаа нар номерыг нь хураах, ачаад явчихна гээд асуудал олон бий. Энэ бэрхшээлийг хамтдаа туулах ёстой. Иргэд хотын төвөөсөө хол замын түгжрэлгүй сэтгэл амар үйлчилгээгээ аваад явдаг байх хэрэгтэй.
Одоо бол урвуу хамааралтай байна. Худалдаа эрхлэгчид нь ч худалдаагаа сайн хийдэггүй худалдан авагчид нь ч сэтгэл амар явж чаддаггүй. Энэ байдлаасаа Улаанбаатар хот салах цаг болсон гэж бодож байна.
Ер нь бүх улсууд өөрийн гэсэн давуу талтай байдаг шүү дээ. Саяхан Япон улсад ажлын айлчлал хийсэн. Токиод 130 сая хүн амьдарч байна. Барилгуудын ихэнх нь нэг орцтой бөгөөд 100- 200 метрт нэг зам тавьсан байна.
Манайх шиг 12 орцоор нь нэг дор барьдаг байшин байхгүй. Нэгээс хоёр орцтой түүнийг тойрсон замтай, зогсоолтой 130 сая хүн амьдраад болоод байна. Манай оронд юу л байна газар байна шүү дээ.
Энэ манай орны давуу тал юм. Тиймээс бид Налайх, Ургах наран, Хөлийн голыг сонгож үйлчилгээний төвүүд байгуулах хэрэгтэй байгаа юм. Нэн хотожсон газруудад нийтийн тээврийн асуудлыг маш сайн шийдэж  өгсөн байдаг.
Манай орны иргэд аймаг, сум дамжсан байдаг. Үүнийг дагасан менежмент хөгжлийг авчрах ёстой. Дэлхийн орнуудыг харахад далайтай бол далайгаа ашиглаж байна. Олон хүнтэй бол түүнийгээ ашиглаж хөгжиж байна.
Тэгвэл манайх газар нутгаа ашиглан хөгжих боломжтой. Ингэхийн тулд алслагдсан хотуудыг маш түргэн холбодог хурдны замуудыг тавьж өгөх ёстой юм. Захуудыг гаргах ажил амжилттай болбол түгжрэл багасах болно.
-Метроны асуудал юу болсон вэ?
-2016 оны хавар эхэлж 2020 онд дуусна. Сая Япон улсын Засгийн газрын уулзалтын үеэр хөнгөлөлттэй нөхцлийн зээл олгохоор ярьсан. Эхний ажлын зураг хийх зээл тусламж шийдэгдсэн.
Японы Засгийн газар 2006 оноос эхэлж долоон жил хийсэн нарийн зураг байгаа. Барилгын ажил 2016ондэхэлж 2020 онд дуусна. Хоёр орны Засгийн газрын айлчлалын хүрээнд энэ ажлыг эхлүүлэхээр хэлэлцсэн байгаа.
-Хот төлөвлөлтөд барилгын загварыг хэр анхаардаг юм бэ. Өнөөдөр хотын барилга байгууламжийн өнгө төрх, загвар хийц тийм ч сайн биш харагддаг. Ер нь манайд түүх соёлыг харуулсан барилгууд хэр байдаг бэ?
-Түүхэн барилгууд гэвэл Гэсэр сүм, Чойжин ламын Богдын музей Гандан Тэгчинлин хийд байна. Монголчууд нүүдэлчин ард түмэн учир суурьшсан барилгууд ховор л доо. Бусад орнууд зуун мянган жилээр нь барилгын түүхийг ярьж байдаг. Бид тэгэхэд одоо л суурьшиж байгаа шүү дээ.
Япон улсын уулзалт дээр 2020 он гэхэд Монгол хамгийн ирээдүйтэй орон гэж яригдаж байсан. Өнөөдөр хотыг 1990 оныхоос өмнөхөөр нь төсөөлбөл зохицлого сайтай байсан. Орон сууцны хороолол нь хоорондоо хол зайтай болохоор хөгшчүүл нь нарлаж суух, хүүхдүүд нь тоглох талбайтай байлаа. Одоо бол өөр болчихсон.
Тэр их талбайд нь барилга бариад Азийн хотуудын хөгжил рүү ойртож байна. Орон сууцны айлууд нь бие биенийгээ таньдаггүй гээд байдаг нь гаднах талбайдаа танилцах орчин нь байхгүйтэй холбоотой. Өөр байгуулалд боссон хот өөр нийгэмд шилжихээрээ шинэчлэл үүсдэг.
Өнөөдөр Улаанбаатар хотод шинэчлэл хүчтэй явж байгаа. Жишээ нь, таван жилийн өмнө барьсан барилга 10 жилийнхээс тэс ондоо болсон. Энэ нь эдийн засгийн боломж, санхүүгийн чадавхийн өсөлтийг харуулж буй хэрэг юм. Мөн 10 жилийн өмнө гоё гэж байсан барилгыг өнөөдөр нураая гээд байна шүү дээ.
М.Янжинлхам 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих