Словак улсаас сүүний болон үржлийн чиглэлийн 4500 үхэр импортолно

Словак улсаас сүүний болон үржлийн  чиглэлийн 4500 үхэр импортолно

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал Бүгд найрамдах Словак улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Магдалена Лако Барташёватай хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

Тус улстай мал аж ахуй, тэр дундаа сүүний чиглэлийн үхрийн тоог нэмэгдүүлэх болон газар тариалан, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах юм байна. Манай улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн 90 гаруй хувь нь импортын хуурай сүүг хүнсэндээ хэрэглэдэг.

Нийслэлийн иргэд жилд 90 орчим сая литр сүүг хэрэглэдэг бөгөөд үүний 10 сая литр сүүг л Улаанбаатарын ойр орчимд амьдардаг иргэд нийлүүлдэг аж. Иймээс сүүний чиглэлийн 7500 үхрийг импортлон нутагшуулж, тоо толгойг нь 12 мянга болгосноор Улаанбаатарыг үнээний шингэн сүүгээр 100 хувь хангах боломж бүрдэнэ.

Энэ асуудлыг шийдэх санхүүжилтийн гуравны нэгийг Чингис бондын хөрөнгөнөөс гаргах бөгөөд 27.7 сая ам.доллар нь “Голомт” банкинд байршжээ. Харин үлдсэн санхүүжилтийг Словак улсын жишгээр олох юм байна. Словак улс нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгох замаар санхүүжилтээ шииддэг аж.

Ирэх жилийн өдийд гэхэд сүүний чиглэлийн, үржлийн 4500 үхэр Монголд орж ирсэн байх юм байна. Ингэснээр ойрын таван жилдээ Нийслэлийн бүх иргэн үнээний шингэн сүү хэрэглэх боломжтой болох юм.

Н.Баасандэмбэрэл


URL:

Сэтгэгдэл бичих