Н.Давааг хорьчихлоо. Түүний араас хөдөлгөөний тэргүүнүүдийг баривчлаад эхлэх юм биш биз?

-Гэмгүй иргэдээ хүчний байгууллага, хүйтэн зэвсгээр айлган сүрдүүлэх хэмжээнд очтол төрийн цагдаагийн ёс зүй, нэр хүндийг эрх баригчид унагалаа-

“Миний цагдаа намайг хамгаална” гэдэг үгийг ард түмэн биш авлигачид хэлдэг болж. Цагдаа уг нь ард түмний нэг хэсэг, эгэл ардын хүүхдүүд. Тангараг өргөж, дүрэмт хувцас өмссөнөөс биш бидэнтэй адил хүн. Гэхдээ өөрт ногдсон үүргийнхээ дагуу ард иргэдийнхээ амгалан тайван байдал, улс орныхоо аюулгүй байдал, бүрэн эрхийг хамгаалахын төлөө зүтгэх учиртай.

Гэтэл сүүлийн үед ялзарсан төрийн үнэнийг нуудаг халхавч, эрх мэдэлтнүүдийн явцуу эрх ашгийн өмнөөс “Нохойд барьдаг мод” болсныг төв талбайд үргэлжилж буй үйл явдал харуулсаар байна.

Бүх ард түмний их хуралдайд хөдөө орон нутгаас сонгогдож ирсэн төлөөлөгчид төв талбайд гэр барин тайван замаар жагсаал хийгээд арав гаруй хонож байна. Өглөө, өдрийн цагаар цагдаа нар тэнд эргүүл хийж яваа харагддаг.

Жагсаал, цуглаанаар далимдуулан юу ч болох юм билээ, цагдаа хяналт тавих нь зөв байх. Хардаад байгаачлан шөнө оройн цагаар уусан хүмүүс жагсаал, цуглааныг далимдуулан бужигнуулах бус цагдаа нар өөрсдөө иргэдийг түйвээж гэрийг нь нураан унь тооныг хугалан зодоон цохион үүсгэдэг. Өглөө эрт хот тохижуулахынхныг аваачин ул мөргүй болтол шүүрдүүлчихээд юу ч болоогүй юм шиг налайж байдгийг хараагүй хүн байхгүй биз.

Нийслэл хоттой хаяа залгаа аймгуудаас ирсэн төлөөлөгчид морио унаад ирсэн. Цагдаа нар морийг нь чоно шиг элдэж, зарим нь бороохойдоод төв талбайгаас хөөгөөд гаргачихсан. Өнөөдөр гаднаас ирсэн хэн дуртай нь Монголын газар шороог онгичиж дураар авирладаг бол төрийн цагдаагаасаа эхлэн эрх мэдэлтэй хэнбугай нь ч иргэдийнхээ өмч хөрөнгө, амгалан тайван байдалд халддаг болж.

Нөхцөл байдал ийм байхад иргэд “Монгол хүн гэрээ барьж, морио унаж болохгүй гэж үү” хэмээн бухимдахгүй яах юм бэ. Энэ мэт бүх зүйл орвонгоороо эргэж, байх ёстой зүйлүүд эсрэгээрээ байраа сольж, шударга ёс үгүйлэгдэж байхад үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг ард түмэндээ үнэнч байхаа андгайлсан төрийн цагдаа хөөж тууж, гэр барааг нь буулгаж болдог стандарт бус жишиг тогтчихож.

Иргэд 76 тэрбумтан шиг эрх ямба эдлэх гээгүй, байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалах, ашигт малтмалын баялгаа зөв зүйтэй ашиглах, үр хойчийнхоо сайн сайхны төлөө, Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалан тэмцсэн. Тэд долдугаар сарын 1-ний үймээн, самуунд олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг сануулж, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн. Түүнд ёс зүйгүй, стандарт бус төр, засгийн золиос болсон цагдаа нар ч багтсан. Гэтэл эрх мэдэлтнүүд цагдаа нарыг дахиад л золиослож ард түмний өмнөөс буу бариулаад амжсан.

Саяхан МАХН-ын Түр штабын байрыг бүсэлж, зам хаасан алаг машинтай цагдаа нар бүгд хувийн дугааргүй, “Макаров” маркийн гар буугаар зэвсэглэсэн байсан. Бүх ард түмний их хуралдайн төлөөлөгчид голдуу ахмадууд. Настай хүмүүсийг цагдаагийн хүч, хүйтэн зэвсгээр айлган сүрдүүлэх хэмжээнд очтол төрийн цагдаагийн ёс зүйг эрх мэдэлтнүүд унагаачихсан.

Эхнээсээ л цагдаа, хүчний байгууллагаар айлгаж байсан тэд хоёрхон өдрийн өмнө цагдаа, хүчний байгууллагын нэр сүрээр “Гал үндэстэн” хөдөлгөөний дэд тэргүүн Н.Давааг хорьсон. Одоо түүний араас иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүнүүдийг баривчлах юм биш биз гэсэн хардлага бас байна.

Цэрэг, цагдаагаар далайлгасан үйл явдлын ард төрийн өндөр албан тушаалтнуудаас өөр хэн байх билээ.

Өнөөдөр 76 гишүүн нийслэлийн аль тансаг, үнэтэй, чанартай зоогийн газар, ресторан, далд казино, мөрийтэй тоглоомын газруудаар дэлхийн зах зээл дээр 200000 мянган ам.доллараар худалдагддаг “Лексус-570” уначихсан хэсч явдаг. Зарим нь 120-180 мянган ам.доллларын үнэтэй сүүлийн үеийн их гарын жийп хөлөглөн зугаацдаг. Хаа яваа газартаа цагдаа нарыг хэд хэдээр нь дагуулчихсан, үнэтэй чамин машинаа мануулдаг. Ард иргэдээ хамгаалах учиртай төрийн цагдааг автомашин, эд хөрөнгөө мануулдаг “Мануухай” болгочихсон.

Миний цагдаа одоо намайг хамгаалахгүй. Тэд авлигачдын хамгаалалтын албаны үүрэг гүйцэтгэж, тэдний үнэтэй чамин машин, эд хөрөнгийг хамгаалдаг цагдаа нэртэй манаач болсон.

Ч.Зотол


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих