Ходоодны архаг үрэвслийн үед зөв хооллолт нэн чухал

Ходоодны архаг үрэвслийн үед зөв хооллолт нэн чухал

-Эмч зөвлөж байна-

Сүүлийн жилүүдэд монголчууд элэг, ходоодны өвчнөөр өвчлөх болжээ.

Үүнтэй холбогдуулж, уншигч та бүхэнд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдгийг сануулж, эрүүл мэнддээ анхаарч байх үүднээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн гастроэнтерологийн их эмч О.Мөнхсайхантай уулзаж ходоодны өвчний талаар зөвлөгөө авсан юм.

Түүний зөвлөгөөг уншиж, эмчид үзүүлэх шаардлагатай бол цаг алдалгүй хандаарай.

Монгол Улсын хүн амын дунд тэргүүлэх 5 өвчлөлийн 2-р байранд хоол боловсруулах замын эрхтэний өвчлөл орж байна. Хоол боловсруулах замын эрхтэний өвчлөл дотор ходоодны архаг үрэвсэл 12%-ийг эзэлж байна.

Ходоодны салст бүрхэвч гэмтэн, эсийн нөхөн төлжих үйл ажиллагаа алдагдан, шүүрэл ялгаруулдаг булчирхайн эсүүд хатангиршиж, ходоодны шүүрэл ялгаруулах болон хөдөлгөөний үйл ажиллагаа алдагддаг аажим явцтай эмгэгийг ходоодны архаг үрэвсэл гэнэ.

Австралийн эрдэмтэн В.Marshall, J.Warrermap хүний ходоодны салст бүрхэвчинд байрлан, ходоодны архаг үрэвсэл үүсгэдэг хеликобактери пилори гэдэг нян байдгийг 1983 онд анх нээснээр нобелийн шагнал хүртсэн.

Уг нян нь хүний ходоодны салст бүрхэвчинд сонгомлоор байрлаж, ходоод, дээд гэдэсний үрэвсэл, шарх үүсгэх бөгөөд, цаашилбал 20-30 хувь нь ходоодны хорт хавдарт шилждэг байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувьд хеликобактери пилорийн халдвар бүртгэгджээ. Манай орны хувьд 80-85 хувийн тархалттай байна.

Хеликобактери пилори нь хоносон халаасан хоол, бохирлогдсон хүнс, бохир аяга таваг, шүдний сойз, шүлсээр, бохир гар зэрэг ахуйн замаар халдварлан хүний биед орон ходоод, 12 хуруу гэдэсний эмгэгийг үүсгэдэг . Мөн нэг гэр бүлийнхэн дунд тархалт өндөр байдаг.

Ходоодны архаг үрэвслийн үед зөвшөөрөгдөх ба хориглох хүнсний
зүйлсийн жагсаалтыг дээрх хүснэгтэнд харуулав

Ходоодны архаг үрэвсэлтэй тохиолдолд дараах шинжүүд илрэнэ.

- Хоолны дуршил муудах
- Хоолны шингэц муудах
- Хэвлийн дээд хэсэг, аюулхай орчимд өвдөх, өвдөлт нь хоол идэхтэй холбоотой илрэх
- Аманд эвгүй амт мэдрэгдэх, ам гашуурах, цээж хорсох
- Дотор муухайрах,бөөлжис цутгах
- Гэдэс дүүрэх, цанхайх
- Амнаас эвгүй үнэр гарах
- Нүүр болон биеийн арьсаар улайлт болон идээтэй тууралт гарах

Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны эмгэгийн оношлогоо:

• Улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дурандан, хеликобактери илрүүлэх сорил тавих, амьд сорьцын бүтэц зүйн шинжилгээ авах
• Ходоодны гэрлийн шинжилгээ хийх
• Эсрэгтөрөгчийг цусанд тодорхойлох (уг шинжилгээг урьд нь хеликобактери илрүүлж байгаагүй, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нэг удаа л хийдэг)
• Амьсгалын уреазын сорил
• Өтгөнд хеликобактерийн эсрэг төрөгчийг илрүүлэх

Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны архаг үрэвслийн эмчилгээ

• Зөв хооллолт
• Хеликобактерийн эсрэг эмчилгээ
• Эрүүл ахуйн дэглэм

Зөв хооллолт:

Ходоод, гэдэсний үрэвсэл, шархыг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд хоол ундны дэглэмийг нарийн сахих нь нэн чухал юм.

-Тогтмол цагт хооллох, хэт их идэхгүй байх, ойр ойрхон бага багаар хооллох, унтахаас 4-5 цагийн өмнө хооллосон байх
- Хоол ундыг чанаж ууранд болгох болон, жигнэсэн байдлаар бэлдэж хэрэглэх
- Хэт халуун, эсвэл хэт хүйтэн, хуурай аргуун хатуу
хоол, шарсан хуурсан хоол, лаазалсан, даршилсан, халуун ногоо, амтлагчтай хоол хэрэглэх нь ходоодыг ихээр цочроодгийг санах хэрэгтэй.

Эмчийн заалтаар хеликобактери пилориг устгах үндсэн эмчилгээ болох ходоодны үрэвслийн эсрэг болон антибиотик хавсарсан гурвал, дөрвөл эмчилгээг хийнэ,

Мөн амьдралын зөв хэвшил, архи, тамхи хэрэглэхгүй байх, стресст өртөхгүй байх, амны хөндийн ариун цэвэр, шүдний сойзны зөв хэрэглээ гарын эрүүл ахуй, хувийн ариун цэврийн дэглэм сахих, цэвэр усыг унданд хэрэглэх, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хүнсний зөв хадгалалт зэрэг нь халдварт өртөхгүй байхад чухал юм.

Эмчилгээ хийсний дараа хеликобактери пилори устах боловч дахин халдвар авах боломжтой тул эрүүл ахуйн дэглэм нарийн баримтлах хэрэгтэй. Мөн уг нян нь эмэнд тэсвэртэй байдал амархан үүсдэг учир эмчийн заагдсан эмчилгээг бүрэн төгс, заагдсан хугацаагаар яг хийж дуусгана.

Нэг гэр бүлийнхэн дунд халдварлах эрсдэл их байдаг тул гэр бүлийн гишүүд бүгд хеликобактери пилорийг илрүүлэх шинжилгээ хийлгэн, эерэг гарсан тохиолдолд, гишүүн бүр эмчилгээ хийлгэснээр үр дүнтэй болно.

Б.Баярмаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.