Н.Батцэцэг: “Эх бүрдийн домог” миний амьдралыг домог шиг өөрчилсөн

“Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа” зэрэг киног нэрлэхээр хэний тухай ярих гэж байгааг минь та гадарлах биз ээ. Дэлгэцийн урлагт өөрийн орон зайг цогцлоож уран бүтээлчдэд хүндлэгдсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг гэр бүлийн хамт АНУ-д амьдраад удаж буй. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар онлайнаар харилцсанаа хүргэе.

-Та сайхан намаржиж байна уу?
-Сайхан, сайхан намаржиж байна уу?

-Мэдээлэл технологи хөгжсөн энэ цагт биечлэн уулзахгүй ч яг л хажууд нь байгаа юм шиг харилцдаг болжээ. Энэ утгаараа таныг өнөө жил Монголдоо ирж хөдөө нутгаар аялсныг тань харлаа. Олон сайхан газраар аялж их сайхан түүхүүд сонссон гэж бодож байна?
-Тийм ээ. Төв аймгийн 90 жилийн ойд очлоо. Аавын маань нутаг юм аа. Бас нөхрийнхөө төрсөн нутаг Сэлэнгээр явлаа. Ер нь би хөдөө явах дуртай л даа.

-Энэ жил таны ээжийн төрсөн нутаг Завхан аймгийн 90 жилийн ой болсон. Нутгаараа орж, Отгонтэнгэр хайрхандаа мөргөсөн байх?
-Завханы ой Төв аймгийнхтай нэг өдөр тохиосон болохоор давхцаад явж чадсангүй ээ. Гэхдээ нутгийнхандаа мэндчилгээ илгээсэн. Нэг их удахгүй Завхан явах бодолтой байгаа.

-Би таныг Америкт байгаа гэж бодсон юм. Тэгвэл хөдөө гадаа яваад мөд буцахгүй юм байна даа?
-Би одоо нутагтаа суурин байна. Мөд Америк явах бодолгүй байгаа. Цаашдаа Монголдоо уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн. Эндээ өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болж олон сайхан зүйлийн талаар монголынхоо үзэгчдэд хүргэмээр байна. Ер нь нэвтрүүлэг хийнэ гэдэг их судалгаа шаарддаг амаргүй ч олон зүйлийн талаар мэдлэг өгдөг сайхан ажил. Түүнээс гадна би кино хийх бодолтой байна.

-Тэгвэл таныг эх орондоо бүр мөсөн суурьшжээ гэж ойлгож болох уу?
-Ер нь бол би өнгөрсөн жил нүүгээд ирчихсэн. Сая түр зуур Америк яваад ирсэн юм. Нутагтаа ирээд нэг л их баярласан хүн л байна. Өдөр болгон наадам баяр болох гээд ч байгаа юм шиг санагдаад л их сайхан байна аа.

-Зуны дэлгэр цагт эх орондоо ирээд өөрийнхөө үзэж харж буйгаа Америк дахь монголчууддаа мэдээ болгон хүргэдэг юм билээ. Тийм болохоор Америк дахь монголчууд хоорондоо их холбоотой байдаг юм шиг санагдсан. Энэ талаар сонирхуулаач?
-Тийм ээ. Би Америк дахь монголчуудтай нягт холбоотой байдаг. Тэнд байгаа монголчууд эх орон, элгэн саднаа санагалздаг болохоор нутаг орных нь тухай шинэ сэргэг мэдээ мэдээлэл хүргэхийг хичээдэг юм. Чи миний фэйсбүүк хуудсаар зочилсон байх. Би чинь хаа явсан газрынхаа сонин сайхныг тэдэндээ дуулгачих санаатай байдаг юм. Ер нь фэйсбүүк гэж буянтай юм байна аа, бас (инээв).

-Сэтгүүлч хүний хувьд гадаад орноор аялж, сонин хачин зүйлийн талаар бичих нь мэргэжлийн “өвчин”, мөрөөдлүүдийн маань нэг юм. Таныг Америкт сурч, амьдарч, ажиллаж байгаа монголчуудтайгаа уулзаж ярилцлага хийснийг интернэтээр үзсэн. Мэргэжлийн хүнээс дутахааргүй ярилцагчаа удирдаж байгааг тань хараад бахархах сэтгэл төрж байлаа?

-Баярлалаа. Би дөнгөж 20-тойдоо “Суварган цэнхэр уулс”-ын сурвалжлагч болж та нарын эгнээнд орчихсон шүү дээ (инээв).

-Саяхан таны жүжигчин Т.Карматай авахуулсан зургийг харсан. Та хоёр Кино үйлдвэрт хамт ажилладаг байсан. Тухайн үеийн уран бүтээлчдээ дурсвал?
-Карма бид хоёр үе тэнгийнх юм шүү дээ. Наяад оны эхээр жүжигчид дотроо хамгийн залууд нь орж байлаа. Манай кино үйлдвэр арав гаруй жүжигчинтэй байсан юм. Тэднийг Монголд танихгүй хүн гэж байхгүй. Ардын жүжигчин Д.Чимид-Осор, Б.Дамчаа, Н.Дагийранз, Гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, М.Бадамгарав, Т.Цэмпилмаа, Г.Равдан, Ц.Цэнд-Аюуш, Н.Нэргүйбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ж.Элбэгсайхан, Ч.Хүрэл, Н.Батнасан, Т.Карма, Л.Цэцэг, С.Сүхбаатар, Н.Зориг гээд л… Бид кинонд тоглоогүй үедээ орчуулгын кинонд дуу оруулдаг тул өдөр бүр кино үзнэ. Заримдаа олон кино дараалж үзээд гарч ирэхээрээ гадаа ямар улирал болж байгааг хүртэл мартчихсан байдаг. Залуудаа хоёр гурван ээлжээр дуу хийх ч явдал гарна. Тэгэхээр шөнө хонож дуу оруулна. Нэг ёсондоо кино үйлдвэр хоёр дахь гэр л гэсэн үг. Хамт олон маань их сайхан хүмүүс байж дээ. Ялангуяа, Р.Дамдинбазар гуай, Г.Равдан, Ж.Элбэгсайхан, Н.Дагийранз гуай, Б.Дамчаа гуай нар их хөгжилтэй, ямагт инээдэм баяр хөөр бусдад бэлэглэдэг байсан нь санаанаас гардаггүй юм. Би киноны алдартай сайхан найруулагч оператруудтай ажиллаж байснаараа бахархдаг. Ардын жүжигчин Д.Жигжид, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүү, Б.Балжинням, Л.Шаравдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар найруулагч, Р.Доржпалам гуай, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасан гуай, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Уран бүтээлийн нэгдлийн дарга Ч.Лхамсүрэн гуай, Ж.Сэлэнгэсүрэн найруулагч, Л.Зундуй, Маш, Лхагвасүрэн оператор гээд дурьдаад байвал олон. Намайг дэмжиж тусалдаг байсан сайхан хүмүүсээ дурсахаар сэтгэл дүүрээд ирдэг. Амьдрал надад үнэхээр ихийг өгсөн.

-“Эх бүрдийн домог” киног олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн сайн уран бүтээл гэдэгтэй маргах хүн үгүй байх. Тухайн үед та кинонд дүр бүтээхдээ хэдэн настай байсан бэ?
-Тэр үед би арван наймтай байсан. Ардын уран зохиолч С.Эрдэнэ, С.Дашдооров нарын зохиолоор бүтсэн “Эх бүрдийн домог” кино миний амьдралыг домог шиг өөрчилсөн. Ер нь анхны уран бүтээл шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Шинэ уран бүтээлч төрж, оршин тогтнох уу, арчигдаж мартагдах уу гэдгийг шийддэг. Үзэгч түмэн аливаа уран бүтээлийг алган дээрээ тавьсан мэт тольддог тул ар өврийн хаалга аврал энэрэл гэж байхгүй шүү дээ. Бас өөрт байгаа авьяас билэг, сэтгэл зүрхээ харамгүй зориулж чадсан хүн уран бүтээлч болсныхоо ид хавыг үздэг. “Эх бүрдийн домог” кинонд би мэдлэг чадвар, ур дүй гээд бүхий л талаараа балчир байсан. Тухайн үед кинонд тоглоход надад олон сайхан хүн тусалж зааж зөвлөсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ж.Бунтар, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Д.Чимид-Осор, Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, “Өндөр ээж”-Цэмбэлмаа, Д.Сэдэд, Ж.Занабазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Цогзол гуай, хувцасны эрхлэгч Д.Самдан, зургийн дарга Л.Махбал гээд олон хүнд талархаад баршгүй байдаг даа.

-Алтан үеийн уран бүтээлчдийн сургаалыг их сонссон биз?
-Сонсолгүй яахав. Тэд амьдралын хэд хэдэн их сургууль төгсөх дайны юм зааж сургасан. Амьдрал өөрөө дуусч дундаршгүй их сургууль шүү дээ.

-Энэ уран бүтээлээс хойш нэлээд хэдэн кинонд тоглосон. Түүн дундаас “Суварган цэнхэр уулс”-ын Солонгын дүрийг онцлохгүй байхын аргагүй. Хилчний амьдралыг харуулсан бүтээл одоо хүртэл үнэ цэнэтэй хэвээр байгаа нь жүжигчдийн ур чадвар, уран бүтээлийн сэдэвтэй шууд холбоотой болов уу?

-Кино өөрөө олон хүний хөдөлмөрөөр бүтдэг болохоор анх зохиолыг нь бичсэн хүнээс эхэлье л дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв гуайн зохиол сайхан байгаад түүнийг газар дээр нь очиж нарийвчлан судалж кино зохиол болгож боловсруулсан Ардын жүжигчин Г.Жигжид- сүрэнгийн ач гавьяа их байгаа. Жийгээ найруулагч жүжигчдийн ансамблиа их сайн бүрдүүлдэг хүн л дээ. Хөгжмийн зохиолч нь алдарт З.Хангал гуай. За тэгээд Ц.Төмөрбаатар, Т.Эрдэнэ- Очир гээд шижигнэсэн залуучууд сайхан тоглосон доо. Бас Б.Нандинцэцэг “Хунгийн дуу”-г үзэгчдийн сэтгэлд шингэтэл дуулсан. Энэ бүхэн сурвалжлагч Солонгын дүрийг үзгээр, бас бийрээр урлах мэт тодруулж өгсөн.

-Нээрээ та чинь “Онц хилчин” болсон шүү дээ. Баяр хүргэе.

-Баярлалаа. Энэ бол сурвалжлагч Солонгод өгсөн шагнал учраас уран бүтээлчдийн маань хишиг. Хилийн цэргийхэндээ баярлалаа.

- Орчуулагч мэргэжлээр сурч байсан хүн кино жүжигчин болсон түүхээ дурсвал?
-Тийм шүү. Их сургуулийн коридорт М.Бадамгарав гуайн нүдэнд өртөж киноны босгыг давж байсан маань саяхан мэт. Түүнээс хойш бараг дөчөөд жил өнгөрчээ. Энэ хугацаанд Г.Жигжидсүрэн найруулагч, Ж.Бунтар найруулагч нарын кинонд голдуу тоглосон. Тэгэхдээ бүх киноны найруулагчтай хамтран ажилласан даа.

-“Монголжин” студи олон кино, уран бүтээл хийсэн. Студийнхээ талаар сонирхуулаач?
-Манай студи 2000 онд байгуулагдсан. Түүнээс хойш уран сайхны болон баримтат кинонууд, нэвтрүүлэг, клип, шоу болон томоохон ойн арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Сүүлийн үед “Америк дахь монголчууд” номын ажил хийж байна. Бас бидний бэлтгэсэн сурвалжлага нэвтрүүлгүүд телевизээр гарч байгаа.

-Таны удамд урлагийн хүн бий юу?
-Ээж маань залуудаа драмын театрт жүжигчин байсан. Авга ах Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбат гэж хөгжмийн зохиолч байлаа. “Арав дахь хавраа үдье”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг дууг зохиосон гэхээр андахгүй дээ. Бас СУИС-ийн багш Мягмарсүрэн гээд дуучин үеэл маань байна.

-Таныг хоёр хүүтэйг мэднэ. Эмээ болсон уу?

-Эмээ гэдгийг том ээж гэвэл эвтэйхэн юм уу. Эмээ гэхээр эрүү өвдөг нь нийлсэн таягтай хөгшнөөр хүүхэд байхын төсөөлөл үлджээ. Уучлаарай (инээв). Би ачтай болж арай л амжаагүй байна. Тэр сайхан мөч удахгүй ирэх байх аа.

-Та ханийнхаа ямар чанарт илүүтэй татагдсан бэ?

-Халамжтай, анхааралтай зан чанарт нь татагдсан. Жүжигчин хүнд энэ их чухал байдаг л даа. -Танд хуучны зураг их байдаг шиг санагдсан. Сонирхож цуглуулдаг юм уу? -Би залуугийн л гэрэл зургийн хоббитой байсан. Зурагнууд миний үнэт зүйл. Залуу насандаа өнгөрүүлсэн давтагдашгүй агшнуудаа гэрэл зурагнаас харж сэтгэлээрээ жаргаж суух бас сайхан.

Түүхэн зургуудаас

Б.СЭЛЭНГЭ

URL:

Сэтгэгдэл бичих