Засгийн газрын агентлагийн дарга хүн зодох тусгай эрхтэй юу

527-1379992010untitled Өнөөдрийн нийгэмд танилтай, мөнгөтэй, дарга сэтэр зүүсэн болгон монголын хуулийг гууль болгож, ёс зүйгүй авирлаж, дуртай хүнээ зодож танхайрч болдог гэж боддог бололтой юм. Үүний нэгэн тод жишээ ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж.
Өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 20-ны өглөөний 06:00 цагийн орчимд  “Aero Mongolia” компанийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаад зодуулсан талаар эх сурвалж мэдээлэв. Ажилтан н.Чингисийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж албан тушаалаа ашиглан, зүй бусаар авирлаж, зодож танхайрсан байна.
Учир нь ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж тухайн өдөр Ховд аймгийг зорихоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд иржээ. Гэвч Ховдын чиглэлд нисэх байсан онгоц аль хэдийн нислэгийн зурваст гарсан байж.  Харин тэр үед Б.Пүрэвдорж онгоцноосоо хоцорсон тул хөөрөх гэж байсан онгоцыг саатуулж багагүй хүндрэл учруулсан гэнэ.
Тэрчлэн зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул н.Чингис албан үүргийнхээ дагуу онгоцонд суулгах боломжгүй хэмээн хэлж зүй ёсны шаардлага тавьжээ. Гэтэл Б.Пүрэвдорж ихэд уурлаж, бүртгэлийн ажилтныг “Чам шиг бацаан ингэдэггүй юм” хэмээн хэд хэд хүчтэй цохиж зодож танхайрсан байна.
Асуудал үүгээр намжсангүй тэрээр “Aero Mongolia”-гийн ажилтнуудад хандан “Би та нартай харьцдаг хүн биш. Танай дарга н.Мөнхбаатартай ч харьцахгүй. “Моннис”-ын Б.Чулуунбаатартай ярина” хэмээн түүн рүү залгаж “Энэ ажилтнаа хал” хэмээн бараг л тушаал буулгаад авсан сурагтай.
Б.Пүрэвдоржид зодуулсан н.Чингис цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн Б.Пүрэвдорж нь “Чингис хаан” ОУНБ-ын камерт бичигдэн үлдсэн баримт бичлэгийг хэнд ч үзүүлэхгүй байхыг цагдаагийнхнаас гуйсан гэнэ. Тэрээр энэ талаараа ”Дарга хүн байлаа гээд үндсэн характераа нуултай биш дээ. Гомдлоо гаргаад явбал явна биз. Нэг их сүртэй асуудал биш ” хэмээсэн байна.
Б.Пүрэвдоржийн хувьд хүн зодож танхайрсан нь нээх сүртэй зүйл биш байж болох ч зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явсан хүн зодуулсан нь сүртэй асуудал. Тэгээд засгийн газрын агентлагийн дарга цаг хугацаандаа нисэх гэж байгаа онгоцыг өөрийн зоргоор нислэгийг нь цуцлах эрхгүй л болов уу.
Ямар ч мэдлэгтэй, боловсролтой, байгууллагын удирдлага хүн ийм булчимгүй үйлдэл гаргахгүй байх. Харин ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж гэдэг нөхөр ийнхүү үйлдэл гаргаснаараа өөрийгөө хэн бэ гэдгийг нийгэмд таниулж байгаа юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч нисэх гэж байгаа онгоцыг зогсоож зүрхлэхгүй байсан болов уу.
Түүнчлэн хувийн зохион байгууллалт муугаасаа болж, цагаасаа хоцорчихоод бусдад уурлаж, бухимдаж, зодож танхайрах нь боловсролтой хүний зан биш л байлтай. Ямартай ч нэг агентлагийн дарга болчихоод өөрийгөө хаан болсон мэт төсөөлөгчид нийгэмд хэтэрхий олшроод байх шиг байна. Засгийн газар агентлагийн дарга нарынхаа ёс зүйд нэг анхаарахад гэмгүй л болж дээ.
Б.Цацрал
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих