Англичуудын эрхэмсэг стиль эргэн ирлээ

Англичуудын эрхэмсэг стиль эргэн ирлээ

2013-2014 оны намар, өвлийн загварын чиг хандлагыг дэлхийн алдартай загварын ордны дизайнерууд ийнхүү тодорхойлж байна.

Их Британийн загварын наадмаар охид бүсгүйчүүдийн харааг булаасан онцгой содон загваруудыг танилцуулжээ. Энэ оны намар, өвлийн загварын чиг хандлагад англичуудын эрхэмсэг стиль дахин хүчтэй түрэн гарч ирж байна. Эмэгтэйлэг дүр төрх, зөөлөн даавуун материал болон классик өнгө зэрэг нь английн энэхүү эрхэмсэг стилийн илэрхийллүүд юм.

Англи стиль нь өөрөө маш энгийн атлаа эцэс төгсгөлгүй эрхэмсэг, тансаг төлөв байдлаараа ялгарна. Готик, барокко стилийн нэгэн адил энэхүү чиг хандлага нь хүмүүсийг энгийн ба чамин байдлаар хувцаслалтаа зохицуулан хослуулахад уриална. Малгай, урт бээлий эсвэл классик кейп бүхий ердөө аль нэг ганцхан жижигхэн элемент л таны энгийн классик төрхөнд тансаг эрхэмсэг байдлыг нэмж тодосгож өгнө.

1970-аад оноос сэдэвлэс.эн хувцаслалт хүчтэй байр суурь эзэлж байна. Мөн 1940-1950 оны панк, гранж, милитари стиль, эрэгтэйлэг загварууд энэ намрын сонголтод багтжээ. 1970-аад оны геометр, сарнисан хээнүүд загварын ертөнцөд эрэлттэй хэвээрээ байна. Мөн өнгөт геометр үргэлж сонирхолтой харагддаг гэдгийг сануулж байна. Янз бүрийн хурц тод өнгөтэй дүрсүүдийг эвлүүлж өрсөн мэт хувцас таны биеийн өөг сайн дарж чадна.

Гадуур хувцас

Тэр дундаа пальтонууд нь “бариу, хагас бариу, хэлхгэр” гээд олон хэв загвараар бүтээгдсэн байна. Пальтоны урт нь өвдөг хүрсэн эсвэл өвдөгнөөс дээгүүр байх бөгөөд далд товчтой, огт товчгүй, бүр дан бүстэй, үслэг болон савхин зах оруулгатай байх нь хамгийн дэгжин сонголт байх гэнэ.

Томдсон мэт этгээд хувцаслалт энэ намрын гол загварын нэг. Загвар шүүмжлэгчид “Тайзан дээрх загвар өмсөгчид тохиромжтой ч амьдрал дээр өмсөх боломжгүй” хэмээн ярьдаг.

Гэхдээ шинэ загвар туршиж үзэх дуртай зоригтой бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд яльгүй томдсон цамц, хүрэм байхад гэмгүй. Мөн энэ улиралд эршүүд байх, “найз залуугийнхаа хувцсыг өмссөн мэт хувцаслах” нь таныг улам дэгжин харагдуулна. Эрэгтэй хувцасны материалаар хийсэн эмэгтэй загварууд ч илүү эрэлттэй байна.

Дээр нь загварын ертөнцөд намрыг санагдуулам хурц тод зоримог шаргал өнгө, завсрын эрлийз гэмээр өнгөнүүд таныг чимэх нь. Мөн шинэ хар гэж нэрлэгддэг хар хөх өнгө, металик цагаан өнгөнүүд давамгайлсан хэвээр байна.

Гутал

Италийн загвар зохион бүтээгчид гутлын загвар дээр маш өргөн сонголт санал болгож байна. Өнгө, өсгийний хэлбэр, түрийний урт зэргийг өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн сонгож болох нь.

• Орчин үеийн хавтгай ултай гэхээсээ илүү 1980-1990-ээд оны дөрвөлжин өсгийтэй, үдээстэй брог ботинк энэ намар трэнд болох нь. Урд тал нь аль болох битүү эсвэл үдээстэй байх тусмаа сайн. Богиновтор өмд, дөрвөлжин банзал дээр өмсөөрэй.

• Хэлийг нь гадагш нь гаргаж, үдээсийг нь “авч хаясан” богино түрийтэй гуталнууд ч мөн адил. Өнгөрсөн хавар моодонд орсон мокассин шаахайны өсгийтэй хэлбэр гэж хэлж болмоор ийм гутлыг 1940-өөд оны хатагтай нарын хувцаслалтаас санаа аван урлажээ.

• Гурвалжин хоншоор, дөрвөлжин өсгийтэй хөлд ээлтэй өсгийтүүд мөн эмэгтэйлэг, загварлаг, тухтай харагдах хүслийг биелүүлнэ.

• Цэргийн хар гуталнууд зөвхөн гранж рок хэв маягтай бүсгүйчүүдийн сонголтоос хэдийнэ хальж трэнд болж байна.

Материалын хувьд элгэн материал, могойн арьсаар хийсэн байх бөгөөд саарал, хар, хар хөх, хөх, хар ногоон болон шаргал өнгө моданд орсон байна.

Гоёл чимэглэл

Бүсгүй таныг тодотгож байдаг бас нэгэн зүйл бол гоёл чимэглэл. Нүсэр хүнд, этгээд гэмээр хүзүүний зүүлт энэ намрыг чимэх болно. Мөн янз бүрийн өнгө загвартай ноосон, үслэг, драпан малгай, ороолт нь яаж өмссөн зэргээс шалтгаалан загварлаг байдалд тань туслах болно.

Цүнхний загвар дээр олон шинэлэг зүйл гарсан ч хамгийн сонирхолтой нь барих хэлбэр нь энэ улирлын моод болж байна. Оосор бариултай цүнхээ сугандаа хавчуулаад алхаарай. Тэгвэл та илүү загварлаг, эмэгтэйлэг харагдана хэмээн зөвлөж байна. Эдгээрийн материал, гоёл чимэглэлээс дурьдвал цацаг, унжлага, цахилгаан, товч, уяа, үүргэвч, хөндлөн судал, ноосон, үслэг материалтай гэх зэрэг тоочоод баршгүй олон гайхалтай элементийг шигтгэж өгчээ.

А.Халиун


URL:

Сэтгэгдэл бичих