Гадаад харилцааны дэд сайд Б.Болор: Б.Хурцад холбогдох энэ удаагийн шүүх хурлаас бүх зүйл шалтгаална

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт Лондоны давж заалдах шатны шүүхийн танхимд болно. Шүүх хурал тойрсон асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.

-Б.Хурцын тухай асуухаас өмнө лавлах зүйл байна. Д.Энхбат агсны хүүхдүүд аавыг нь хууль бусаар баривчилсан хэмээн нэхэмжлэл шаардсан байна. Тэдний шаардлага хууль ёсных гэж үзвэл нэхэмжлэлийг хэн төлөх вэ?
-Би нэхэмжлэлтэй танилцаагүй учраас мэдэхгүй байна. Дам яриагаар Монголын Засгийн газраас нэхэмжилсэн гэж дуулсан. Нэхэмжлэл гаргах үндэслэл нь зөв, буруу эсэхийг мэдэхгүй. Бид зөвхөн Б.Хурц гэдэг хүнийг Англид хууль бусаар баривчилсан гэдэг асуудалтай холбогдуулан ажиллаж байгаа. Д.Энхбат агсантай холбоотой мэдээлэлд тайлбар өгөх боломжгүй. Мэдээлэл ч алга.

-Удахгүй давж заалдах шатны шүүх хурал болно. Бэлтгэл ажил ямархуу шатандаа байна вэ?
-Саяхан ажлын хэсэг хуралдсан. Энэ удаагийн шүүх хурлаас бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, бидэнд нааштай шийдвэр гарах байх гэж найдаж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралд Монголоос хүн явна гэж шийдээгүй. Ер нь шаардлагагүй болов уу. Учир нь тэнд Монголыг төлөөлж оролцох төлөөлөгчид бий. Гэхдээ гэнэтийн шийдвэрээр Монголын Засгийн газраас төлөөлөгч оролцохыг үгүйсгэхгүй.

-Шүүх хурлын шийдвэр яаж гарах бол?
-Найдаж байна. Гэхдээ хэлж мэдэхгүй шүү дээ. Бид анхан шатны шүүх хуралд тавьсан “Монголын эрх ямбатай, төрийн өндөр албан тушаалтныг хууль бусаар баривчиллаа” гэдэг асуудлаа л тавина. Үүнийг батлах нотлох баримтуудыг дэлгэнэ.

-Тухайлбал, ямар нотлох баримтуудыг гаргах вэ?
-Шүүх хурал болох гэж байгаа учраас ярих боломжгүй.

-Шүүх хуралдаан хойшлохгүй байх үндэслэл бий юу?
-Хойшлуулах эсэхийг шүүгч мэднэ. Монголын талаас битгий хойшлоосой гэж хүсч байгаа.

-Шүүх хурлын шийдвэр манай талд таагүй гарвал яах вэ?
-Германы талд шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд давж заалдах эрхгүй гарчихвал яана гэсэн айдас байна. Хэрэв тийм шийдвэр гарвал өөр гарц эрэлхийлнэ. Гэхдээ тийм шийдвэр гарахгүй байх гэж бодож байна.

-Гэр бүлийнхэн нь шүүх хуралд оролцох уу?
-Одоогоор гэр бүлийн хүн нь шүүх хуралд оролцоно гэсэн хүсэлт ирүүлээгүй. Хүсэлт тавьж байж оролцох ёстой.

-Нэг асуулт байна. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Б.Хурцад хэдий хэмжээний мөнгө зарцуулж байгаа вэ?
-Зарцуулж буй ихэнх мөнгө нь Б.Хурцын өөрийнх нь халааснаас гарч байгаа. Хувь хүний нууц учраас хэлэх боломжгүй. Харин төрийн албан тушаалтан ирж очиход тодорхой хэмжээний зардал гарч байгаа нь үнэн.

Д.Болор

“Зууны мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих