Тусгай зөвшөөрөлгүй арван эмийн сан ажиллаж байжээ

Тусгай зөвшөөрөлгүй арван эмийн сан ажиллаж байжээ

Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн үйлчилгээний эмийн сангуудад шалгалт хийсэн.

Уг шалгалтад 20 эмийн сан хамрагджээ. Эдгээр эмийн сангуудаас тав нь хаяган дээр байхгүй байсан байна.

Шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын эм биобэлдмэлийн улсын ахлах байцаагч Ж.Мөнгөнцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Эмийн сангуудын шалгалтыг хэзээ хийсэн бэ. Хичнээн зөрчил илрэв?
-Шалгалтыг өнгөрсөн наймдугаар сарын 21-нээс энэ сарын 5-ны хооронд Эрүүл мэндийн яамнаас хийсэн. Хяналт үнэлгээний дүнгээр тусгай зөвшөөрөлгүй гэсэн 20 эмийн сангийн нэр ирсэний дагуу шалгалт хийсэн.

Шалгалтад нийт 20 эмийн сан хамрагдсан. Эдгээр эмийн сангуудаас “Фитофарм”, “Баянбүрэн”, “Арвижих”, “Намуун зул”, “Үерт шивээ” зэрэг таван эмийн сан хаяган дээрээ байхгүй байсан. Зарим нь ажиллахгүй байгаа гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдаагүй юм.

Мөн арван эмийн сан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайлбал, “ПД”, “Чингүн”, “Хүрэмт нуур”, “Цагаан бүжин”, “Шинэ од”, “Шалом тун”, “Болор мишээл”, “Хандмал оюу”, “Долоон бурхан цог” зэрэг эмийн сан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн.

-Стандартын шаардлага хангах эмийн сан байсан уу?
-Тусгай зөвшөөрөлтэй хэрнээ зөрчилтэй стандартын шаардлага хангахгүй эмийн сангууд байгаа. Тухайлбал, “Сүлдэн”, “Нони” эмийн сангууд зөрчилтэй байсан. “Нони” эмийн сан нь анхан шатны бүртгэлийг бүрэн хөтлөөгүй.

“Сүлдэн” эмийн сангийн өрөө тасалгааны хэмжээ стандартын шаардлага хангаагүй, урсгал буруу, эм найруулах, шил угаах өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн юм.

-Ямар арга хэмжээ авсан бэ?
-Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан арван эмийн сангийн үйл ажиллагааг улсын байцааагчийн дүгнэлтээр зогсоосон. Хоёр аж ахуйн нэгж, дөрвөн албан тушаалтан, хоёр иргэнд торгуулийн арга хэмжээ авсан. Нийт сая 200 мянган төгрөгийн торгууль тавьсан.

-Эмийн сангуудад худалдаалж байгаа эмнүүдэд шалгалт хийсэн үү?

-Эм эмнэлгийн хэрэгслүүдээ эм ханган нийлүүлдэг байгууллагаас татдаг. Ер нь Монгол Улсын бүртгэлд хамрагдсан эмээр үйлчилж байсан. Харин нэг эмийн сан эмийн бүртгэлд үйлдвэрлэгч болон нэрээр бүртгэлтэй хэрнээ эмийн бүртгэл загвараас өөр эмийг худалдаалж байсан зөрчил гарсан байгаа.

-Ямар төрлийн эм бэ?

-Бүртгэлийн загвар өөр Япон улсын “Бюрок” гэх эмийг худалдаалж байсан. Энэ эм ямар эх үүсвэрээр орж ирсэн нь тодорхой бус байгаа. Манай импортоор орж ирдэг “Бюрок” эм нь англи бичигтэй байдаг юм.

-Энэ эмийг ямар эмийн санд худалдаж байсан бэ?
- “Болор мишээл” эмийн санд худалдаалж байсан. Эмийг хурааж улсын орлого болгосон.

Н.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих