Эхлээд Д.Зоригтыг “намнана”

Д.Зоригтыг сайдын суудлаас авч хаях дараагийн төлөвлөгөөг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нарын гишүүн танилцууллаа.

Асуудлыг эрт танилцуулах байсан ч Спикер орон нутагт томилолттой байсан шалтгаанаар хойшилсон юм. Энэ удаад сайдыг огцруулах мөн л долоон шалтгаан тоочжээ. Үүнд, Оюутолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа УИХ-ын зарим тогтоолуудыг огт биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, сайдыг гадныхны талд ашигтайгаар гэрээг үзэглэсэн хэмээх өнгө аясыг саналд цухалзуулжээ.

Тухайлбал УИХ-ын 57 дугаар тогтоолд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэхийг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэтэл эсрэгээр 30 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

Уг нь Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэнээс хойш нэг тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 4320 ам.доллар байхаар тооцоход 4.7 жилд, 9000 гаруй ам.доллараар тооцвол 1.7 жилд хөрөнгө оруулагч анхны хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой хэмээн тооцоолжээ. Гэтэл тогтвортой байддын гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулагч талд үйлчилсэн гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байгаа аж.

Мөн “Энержи ресурс”-ийн эзэмшиж байгаа Тавантолгойн эдэлбэр газрын хуудуутай үйлдлийг дэлгэн огцруулах саналд дурьдсан байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон атлаа шимтэй хэсгийг нь гадны компанид тасдаж өгсөн нь салбарын сайдыг огцруулах нэг үндэслэл болжээ.

Түүнчлэн Тавантолгойн ордын хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгож “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон шийдвэрийн хариуцлагыг хүлээж Үйлдвэр худалдааны сайд огцорч байсныг сануулсан байна. Түүнчлэн УИХ-ын 27 дугаар тогтоолд заасан стратегийн ордуудад тавих төрийн хяналт сул, лиценз олголт эмх замбараагүй, салбарын яам агентлагийн хууль хэрэгжүүлдэггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй явагдаж байгаа талаар ч огцруулах үндэслэлд тусгажээ.

Улмаар салбарын сайд Оюутолгойн гэрээг гадныхны талд үзэглэсэн туршлагаа Тавантолгойд ч хэрэгжүүлэх нь гэсэн хардлага ч агуулжээ. Тодруулбал, УИХ-ын 40 дүгээр тогтоолд “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой, Оюутолгойн ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим удирдамжийг үл биелүүлж харин ч энэ зарчим удирдамжийн эсрэг Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэтэл Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг дээрхийн адил хийхээр завдаж байна” гэжээ.

Сайд Д.Зоригтыг он гарсаар Налайхын уурхайд амь насаа алдсан долоон хүний үхэлд ч буруутгажээ. Өмнө нь намынхныхаа дэмжлэгээр суудалтайгаа үлдэж чадсан Д.Зоригт сайдын хувь заяа энэ удаад нэлээд бүрхэг болж буй. Учир нь түүний эсрэг кноп дарахаар Ардын намын нөхөд нь Сангийн сайд С.Баярцогтоор барьцаалан АН-ын эсэргүү нартай нэгдэж, гарын үсгээ зураад баталгаажуулчихсан.

Нэгэнт түүнийг нөгөөх сайдаар нь тохиролцоод “худалдчихсан” тул түүнийг хамгаалах хүн олдохгүй л болов уу. Сонгууль болоход жилийн нүүр л үлдээд билээ. Энэ хугацаанд цаг хожиж, суудалтайгаа үлдэх үү, эсвэл жийгдэж парламентын гишүүнээрээ хоцрох уу гэдэг хоёр л сонголт түүний өмнө ирээд байна.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих