Мөнгө байвал идчихдэг, хүн байвал зодчихдог энэ МАН-ынхан

d047d9c467d23a92originalМАН-ын ирээдүйтэй залуу боловсон хүчин, намаа санхүүжүүлэгч, одоо энхрий хайрт намаа шинэчлэх гэж хороо байгуулахад идэвхтэй оролцогч, УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаяр зоогийн газарт хүн хутгалсан гэсэн дуулиан өнгөрсөн долоо хоногийн нэг содон сэдэв байлаа.

2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын гишүүдээс хоёр дахь гишүүн нь ийнхүү  хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж байгаа нь энэ. Үүний өмнө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх УИХ-ын хуралдааны танхимын үүдэнд төрийн түшээ хүнийг барьж аван балбаж байсан билээ.

Энэ бүхнээс үүдээд энэ МАН-аас, ялангуяа МАН-ын томцуулаас хол явахгүй бол болохгүй нь гэсэн бодол төрөх боллоо. Монгол Улсад хуулийг ганцаараа мэддэг, ганц сахиулдаг хүн нь би хэмээн хашгирах дуртай Ц.Нямдорж нь намынх нь гишүүд үзэл бодлоороо нэгдэж, дүрэмд заасныхаа дагуу жигүүр байгуулсны төлөө “дорбинкдоно” хэмээн сүрдүүлдэг хүн. Сөрөг үзэл бодлыг яснаасаа үзэн яддаг, далдуураа бол устгачих юмсан гэж хорсч явдаг энэ хүн өөрийнхөө намын “шинэчлэгч”-ийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил цагаан ингэж хэлж байгаа  юм чинь сөрөг хүчнийхнээ бол бүр газрын хөрстэй тэгшлэх юмсан гэж мөрөөддөг нь ойлгомжтой.

90 гаруй жил төр барьсан гэдэг энэ ахмад намын хувьд сүүлийн үеийн шинэ залуу удирдагчид нь ер гар чангатай нь байсхийгээд л дуулддаг.
Хэдэн жилийн өмнө БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбат гэгч нь нэг генералыг цанын таягаар бүлснийхээ төлөө ажлаасаа халагдаж байсан удаа бий. УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир ч бас л намынхандаа алганы амт үзүүлсэн гэдэг яриа тасардаггүй хүний нэг.

Хамгийн аймаар нь л гэхэд МАН-ыг санхүүжүүлэгч залуучуудын хийрхүү байгууллага НАМЗХ-ийн тэр үедээ МАСЗХ нэртэй байсан / хэсэг нөхөд Хадгаламж зээлийн хоршооноос луйвардсан хөрөнгөнөөсөө болоод Түмэнгэрэл нь нөгөөгөө хутгалан алж байсан гашуун түүх мартагдаагүй байна.
За тэгээд л зочинд бэлэглэх аяга бэлтгээгүйн төлөө ажилтнаа цохиод авсан хүн, нийслэл дүүргийн байгууллагуудад нэг нэгэндээ нударгаар ажлаа явуулдаг түшмэлүүд бол МАН-ыг эрх барьж байхад огтхонч тасраагүй, хэрэгт дуртай сэтгүүлчдийг ганзага хоосон байлгаагүй билээ.

Чухам яагаад МАН-ынхан ингэж алив асуудлыг нударгаар, харгис аргаар шийдэх гээд байдаг юм бол. Өөрсдийнх нь өргөмжлөөд байдаг ардын хувьсгалаа буун дуугаар, олон хүний амиар зольж хийсэн болохоор ийм байдаг юм уу, эсвэл хувьсгал хийлцсэн анхны долоогоосоо эхлүүлээд 30 гаруй мянган хүнийг буудан хороож, бас бус хэдэн арван мянган хүнийг хорьж цагдаж, тамлан байцаасан туршлагатай болохоороо тэр юм уу. Эсвэл бүр саяхны том лидер, удирдагч С.Баяр нь хүүхэд байхдаа хүн хутгалж байсан “гавьяатай” болохоор түүнийгээ дууриадаг юм уу.

Юутай ч ард түмний хөрөнгийг луйвардан байж төрийн хөрөнгөөр барьсан МАН-ын “Тусгаар тогтнолын ордон” гэдэг цагаан байшингийн доод давхарт байрладаг худалдааны төвөөр орохоосоо мань мэт нь айж байна.
Ц.Нямдорж нь гарч ирээд дорбинкоор буудчих ч юм бил үү, үгүй ядахнаа л Н.Номтойбаяр нь зөрөөд өнгөрөхдөө хутгалчивал яана вэ. У.Хүрэлсүх ч гэсэн дээ, заамдаж аваад балбачихвал мань мэт нь ер нь яана вэ.

Өөрийнхөө намын гишүүд, хамт ажилладаг албан тушаалтан, төрийн албан хаагч,  нэр нөлөө бүхий хүмүүс, өөрийнхөө бие хамгаалагч зэрэг ойр дотны нөхдөө балбаад, хутгалаад, буудах гээд байдаг нөхөд чинь мань мэт эгэл нэгнийг бол газартай тэгшилчихээд “би халдашгүй бүрэн эрхтэй хүн” гээд хэнэг ч үгүй яваад өгөх байлгүй дээ.
Үгүй та минь болгоомжтой байцгаа, МАН-ын томоохон албаны хүн харагдвал “Амь амиа бод”-оод бушуухан зугтааж үз. Цаадуул чинь буудчихдаггүй юм гэхэд хутгалж, үгүй ядахнаа балбачихаж мэдэх юм байна.

Энэ МАН-ынханд чинь зодуулчихгүй, алуулчихгүй тойроод байж ч болох л доо. Ухаандаа Төрийн ордны, Тусгаар тогтнолын ордны ойроор явахгүй, гудамжаар тэд явж байвал өөр тийшээ зугтаагаад байхад мань мэт бол болоод л явчихна. Харин эдэнтэй нэг байшинд, нэг орцонд амьдардаг улс  яадаг юм байгаа юм. Хэцүү л байх даа. Одоо удахгүй МАН-ын их хурал хуралдах юм гэсэн. Өнөө хамаг зодоончид л нь нэг дор цугларна шүү дээ.Энэ өдөр бол нийслэлийнхэн гэрээсээ гарах аргагүй юм байна. Юмыг яаж мэдэх вэ дээ. Нийлээд балбачихвал….
Гэхдээ бас санаа амрах болоогүй байна аа. Энэ МАН-ынхан чинь хүн байвал зодчихдог шигээ мөнгө байвал идчихдэг улс. Энэ талаар бол олон жишээ баримт дурдаад яахав.

Тэгэхээр алуулчихгүй, зодуулчихгүй байлаа гээд санаа амар бас сууж болохгүй нь. МАН-ынхан халаас, хадгаламжин дахь хэдэн төгрөгийг чинь, тэгээд цаашилбал улс орны хөрөнгө мөнгийг идээд залгичихдаг юм байна.
Хүн байвал зодчихдог, хутгалчихдаг, мөнгө байвал идчихдэг, газар байвал зарчихдаг энэ МАН-ынхан.
Хүн ард аа,  болгоомжтой байцгаанаана чинь МАН-ын томцуул явж байна.

 

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих