Монголын эдийн засаг ямар үнээр хөөрч байна вэ?

6f6a1b79102bfbd51f19c62c0cb343c7_LВАШИНГТОН. /ВашигтонПост/. Дэлхийд эдийн засгийн хурдаараа тэргүүлэгчдийн нэг Монголын “мөн чанарыг хэрхэн хадгалан үлдэх вэ” гэсэн асуултыг  монголчуудаас, тухайлбал, “Моханик” рок хамтлагийн гишүүдэд нийтлэгч тависнаа дор толилуулжээ.

“Уламжлал”
“Уламжлал” гэж Жавхлан хариулав.
Монголд түүнийг мэдэхгүй хүн байхгүй. Замын түгжрэлтэй Улаанбаатарын гудамжаарх төмөр самбаруудад гадаадын жуулчдыг инээмсэглэн угтах,  зохиолын дууны од түүний зураг энд тэндгүй өлгөөстэй. Хятадын хэрэглээнд зориулан алт, зэс, нүүрсээ олборлож буй улсын “чинээлэг” хотын төвд хүүхдийн тоглоомын “Lego” болон “Hugo Boss”-ын дэлгүүр таарна. Жавхлан 33 настай. Зурагт хуудсанд гарсан тэрбээр нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой нэгэн. Тэр нэг л амгалан, гэнэн,  тэгсэн мөртлөө хүчтэй харагдаж байв. Түүний өмссөн хувцас нь улсынхаа сүр жавхланг тусгасан харагдлаа. 13 дугаар зууны үеийн урт дээл, толгойны хамгаалалт шиг малгай тавьсан тэрбээр эгээтэй л Чингис хааны цэрэг гэмээр харагдаж байлаа.
Жавхлангийн дуу түүний дүр төрхөд нэн зохицжээ. Гунигтай хэрнээ эх оронч. Хятадад худалдагдсан эх орныхоо өвөг дээдсээс  тэрбээр “Амлалт” дуугаараа уучлал хүсэн, энэ гутаан доромжлол хэзээ дуусахыг асуудаг. “Энэ нутгийг бидэнд нэгэн бүхлээр нь өгсөн. Бид үүнийг хамгаалах ёстой. Бурхан гуйсан ч бид газар шорооноосоо өгөх учиргүй” гэж Жавхлан хэлнэ.
Жавхлангийн дууг тавиагүй такси Улаанбаатарт бараг үгүй. Намайг Монголд байхад Жавхлан “Хар морь” гуравдагч намаас парламентад нэр дэвшсэн юм. Тэрбээр сонгууль ялаагүй ч, Увс аймгийн сайн малчдад 100 тонн өвс тараан сурталчилгаа хийж байсан. Уул уурхай болон тус салбарын хог хаягдал эх дэлхийг бохирдуулж байгаа нь түүнийг улс төрд хөтөлсөн аж. “Гадаадынхан бидний газрыг ухаж байна. Өвлийн бэлчээрийг сүйтгэж байна. Иймээс би нэрээ дэвшүүлсэн” гэж ярьж буй Жавхлан 15 хүүхэдтэй болохыг төлөвлөсөн, хуучинсаг, уламжлалт үзэлтэй хүн байв.
Би Жавхлантай хоёр ажлаар уулзсан юм. Түүнийг уулзалтаа хойшлуулах болгонд “Жавхлан хөдөө яаралтай явах хэрэгтэй болсон” гэж менежерүүд нь хэлж байлаа.
Жавхланг хөдөөгийн ардын дунд нэр хүндтэйг мэддэг надад энэ нь тийм ч гомдоллоод байх асуудал биш билээ. Монголчууд хэдэн зууны турш нүүдлийн мал аж ахуйтай байсан. 2011 онд эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрснийг эс тооцвол бараг байнга тогтвортой байсан гэж болно. 2013-2015 онд Монголын эдийн засаг дэлхийд тэргүүлэгчдийн нэг байна гэж Дэлхийн банк тооцоолсон билээ. Өнгөрсөн зургадугаар сард үйлдвэрлэлээ эхэлсэн “Оюутолгой” уурхайг 40 сая тонн зэс, 46 сая унц алтны нөөцтэй гэж үздэг. Үүнийг бараг тэр чигээр нь Хятадад гаргах бөгөөд Аляскийн хэмжээтэй Монголыг зарим газрын зурагт Хятадын нэг муж мэтээр тэмдэглэсэн байдаг.
Улаанбаатарт очвол баяжина гэсэн найдлага дор хөдөөнөөс жил бүр 50 мянган хүн хот руу шилжин гэрээ барин суурьшсаар нийслэлийн хүн ам 1,2 саяд хүрчээ. Сүүлийн арван жилд Улаанбаатарын машины тоо гурав дахин өссөн аж. Гэвч гудамжнууд нь хаяггүй хэвээр л байна. Монголчууд нүүдэлчид тулдаа л нарны баримжаагаар замаа олдог бололтой. Гарц ч байхгүй тул хүмүүс машинаас бултан зам хөндлөн гарна. Тэгсэн хэрнэээ тэд  “Louis Vuitton” цүнхэд 2,8 сая төгрөг буюу 1700 доллар өгчихнө.
Шинэчлэл, эмх замбараагүй байдлын дунд Монгол өнгөрсөн үеэсээ зуурсаар байна. Дэлхийд хүндтэй Чингис хаан энд дахин төржээ. Улаанбаатар хотын гадна Чингис хааны дөрвөн метр өндөр хөшөө есөн цагаан сүлдийнхээ хамтаар сүндэрлэнэ. Есийн тоог монголчууд азын тоонд тооцно.
Манлайлагч монголчууд ч хуучин уламжлалаа хаясангүй. Миний орчуулагч, хүнд рок дуучин Уугий ч хүүгийнхээ даахийг сэврээхдээ гэзэг үлдээжээ. Ингээд л эргэн тойронд асуултууд үүснэ. Мөн чанар, бүрэн бүтэн байдлаа алдаагүйгээр дэлхийн тавцанд гарч ирсэн Монголд юу хэрэгтэй байна вэ?
Монгол даяар хэсүүчилж явахдаа би энэ асуултыг л тавихыг хүсч байсан юм. Сэтгэл татам, адармаатай Монголын зураг, найман хариулттай би гэртээ эргэн ирлээ.

“Нүүрс”
“Нүүрс бол бидний ганц сонголт. Бид улсаа хөгжүүлье гэвэл уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй гэж би боддог. Залуу дээрээ энэ салбарт ажиллана. Энэ ажлыг эхэлж байхад гар бие оролцож байлаа гэж хөгшрөөд бахархах болно” гэж орчин үеийн кафед суусан Ширэндэв ярилаа.
Тэрбээр “Энержи ресурс” компанид олон нийтийн харилцааны менежер хийдэг. Тэрбээр Энэтхэгт зургаан жил Буддын шашин судалсан 20 настан. “Би амьдралын утга учрыг олохыг хүссэн. Төрсний эцэст үхэх л үнэн. Яагаад? Юуны төлөө? гэж би асуудаг” гэж санскрит болон эртний түвд хэлний мэдлэгтэй, Улаанбаатарт 10 хоногийн бясалгалын хичээл заадаг Ширэндэв хэлж байна. Тэрбээр гэрэлтсэн зөөлөн арьс, гэгээрлийн галтай, шийдэмгий харцтай.
Жил бүр Монголын хөрснөөс уул уурхайн компаниуд хэдэн сая тонн шороог ухаж, эрдэс баялгийг боловсруулахын тулд тус улсын хязгаарлагдмал усны нөөцийг ашигладаг. Монгол даяар усны нөөц дундарч, малаа услахад ч хэцүү болжээ.
Ширэндэв энэ бүх асуудлыг мэддэг хэдий ч нүүрсний салбарыг сонгожээ. “Учир шалтгаангүйгээр амьтан хөнөөхийг буддын шашинд бурууд тооцдог ч тухайн амьтны оршин тогтнолын төлөө хороох нь өөр хэрэг. Бид Монголын оршин тогтнолын төлөө л явж байгаа” гэж тэрбээр хэллээ.
Монгол нүүрсэндээ хахаж байгаа юм биш үү? Өвлийн хүйтэнд нүүрс түлсэн Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт орж байгаа билээ.
“Газар доор баялаг бий. Баялгийг олборлох болно” гэж буй Ширэндэвийн хувьд энэ ажлыг хэн хийх вэ гэдэг л хамгийн хэцүү асуулт аж.
Гадны хайгуулчдад сэтгэл зүрх байхгүй нь тодорхой болсон. 2005 онд “Оюутолгой”-г олборлохоор ирсэн, Канадын “Ivanhoe Mines” -ийн гүйцэтгэх захирал Роберт Фридлэнд сүйтгэгч болохоо харуулсан юм. “Эргэн тойронд хүн байхгүй. Төрийн бус байгууллагууд ч байхгүй. Таван долларын хувцасыг 100 доллараар борлуулж байна л гэсэн үг” гэж тэрбээр “Оюутолгой”-н ашгийг тайлбарлаад уурхайг “мөнгө үйлдвэрлэгч машин” гэж нэрлэсэн билээ. Цаашлаад 2009 онд Засгийн газарт бүх ашгийг өгөхийн оронд 34 хувийг эзэмшүүлэхээр буулгаж авсан. Үүнээс хойш “Ivanhoe Mines” хувьцаагаа Хятадын ЧАЛКО-д худалдах болжээ.
“Монголчууд хятадуудын төлөө ажиллах болно. Яг л колони улс Алжир шиг. Гэхдээ монголчууд боловсролтой хүмүүс тул байдал заавал ингэж эргэх албагүй” гэж Ширэндэв зэвүүцэх аж.
“Энержи ресурс” компанийг 100 хувь монголчууд эзэмшдэг гэж хэлж болно.  Иймээс Ширэндэв уг компанид 18 сарын өмнө ажилд орсон гэнэ. “Монголыг өөрсдийн гарааг хөгжүүлэн цэцэглүүлэх болно” гэсэн монголчуудын итгэл үнэмшлийг биелүүлэхэд энэ компани тусална гэж тэрбээр боддог аж.

“Юу ч…”
“Жинхэнэ Монголыг юу ч аварч чадахгүй. Үхмээр санагдаж байна шүү” гэж өвөг дээдсээсээ авахуулан 200 жилийн турш говьд амьдарч буй 60 настай Цэрэнбазар ярьж байна. “Энержи ресурс” компани өөрийн бүтээгдэхүүнээ Хятадад гаргахаар засмал зам тавьжээ. “Засмал замыг ашиглахгүй байгаа. Нүүрс тээвэрлэсэн ачааны машинууд замаараа явах ёстой биз дээ. Гэтэл  тус компани өөр компаниудад замаа ашиглуулдаг бөгөөд жолооч нар нь замаараа биш хөрсөн дээгүүр явдаг. Шороо их босоод мал ч амьсгалах боломж алга. Өвс ногоо ч бохирдож байна. Бохир өвсөөр тэжээл хийсэн мал өвдөж байна. Дотор гэдэс нь хар болсон байна лээ. Миний дотор ч мөн адил байгаа” гэж найзынхаа гэрт завилан суусан Цэрэнбазар ярина. Урт цагаан саарал сахалтай, шир шиг болсон хатуу улаан арьстай тэрбээр “Миний уушиг муу байна гэсэн. Тамхи татахгүй байхыг эмч зөвлөсөн” гэж хэлээд хуучин сонингийн цаасанд тамхи ороов. “Үхэх минь, үхэх минь” гэж хэлж байсан ч тэрбээр инээвхийлсэн хэвээр байлаа. Тойрон суусан таван хүн шогч түүнийг ярихад инээлдэн сууна. Гаансныхаа үнсийг цохингоо “Аль хэдийнэ үхчихсэн хойно” гэж хэлэв.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт говийг улам хуурайшуулжээ. Зөөлөн сэвсэх шороогоор нүүрс ачсан тэрэг болон нүүрсний уурхайн шинэ баячуудын машин хөндөлсөнө. Өмнөговь нэгэнтээ босох тоосны ертөнц болсон байна.
2012 оны нэгдүгээр сард Цэрэнбазар 30 малчинтай нэгдэн энэ байдлыг зогсоохоор оролдсон юм. Өвлийн 30 хэмийн хүйтэнд тэд зүлэг ногоон дээгүүрээ машин явуулахгүй гэж уургаараа гинж үүсгэн найман цаг зогссон аж. Тэд 300 орчим нүүрсний машиныг зогсоож чадав. Ачааны машины жолооч нарт засмал замаараа давхих шаардлага тавихыг нутгийн албаны хүмүүсээс хүссэн байна. Асуудлыг зохицуулна гэж улс төрчид энэ өдөр амлалт өгчээ.
“Тэгээд юу болсон бэ?” гэж би асуулаа.
“Юу ч болоогүй”. “Би л бэлчээрээ замаас 15 км-ээр холдуулсан. Тэндхийн бэлчээрт мал идээшихгүй байна. Өдөржин л малаа сахиж байгаа. Тэгэхгүй бол бүр хол бэлчээд алга болох юм. Би чинь хөгшин хүн. Тэгж хол явж чадахгүй. Хийх зүйлээ хийсэн” гэж Цэрэнбазар ёжтой инээсээр хариулсан юм.

“Ангийн тэмцэл”
Галсансүх ланд крүйзертээ суун Германы хүнд рок хамтлагийн дууг даган орилно. Өөрийгөө “Монголын хожуу үеийн яруу найрагч” хэмээн нэрлэх 40 настай Галсансүх “Ноцтой мэдээ” сонины редактор. Тус сонин улс төрчдийн авлигыг эсэргүүцэн, ухуулдаг. Тэрбээр 15 жилийн өмнө Монголын Нирвана гэгддэг “Нисванис” хамтлагийн гишүүдийг цуглуулсан аж.
Солонгос хоолны газар хүрэх замдаа “ангийн ялгаа” гэж түүнийг хэлэхэд нь би гайхаж байлаа. Монголын ядуусын нэг хэсэг  400 мянга орчим малчин говь, хээр талаар цоохортон сууна. Тэднийг нэгтгэх хэрэгтэй гэж ярьж байсан хүнтэй би уулзаж байсангүй. Гэтэл Галсансүх нэг л этгээд.  Хүүхэлдэйн киноны хар санаатан шиг биеэ авч явдаг тэрбээр нэг л хүчирхэг. Түүний найз нь УИХ-ын чинээлэг гишүүн, жүдогийн улсын аварга, нөгөөх Чингисийн аварга том хөшөөний гол санхүүжүүлэгч Х.Баттулга юм.
“Үндэсний баатар” гэж Галсансүх найзыгаа тодотгов. “Түүнд хятад цус байхгүй. Цэвэр монгол. Тэр Чингисийн хөшөөг чинь улсаа Хятадын нэг хэсэг болгохгүйн тулд босгосон юм. Говийн Сайншанд хотын ойролцоо 10 тэрбум долларын, нүүрс болон зэс боловсруулах аж үйлдвэрийн хот байгуулах саналд Баттулга түлхэц өгч байгаа. Урьдчилсан төлөвлөгөөнд нэг сая доллар төсөвлүүлэхээр Засгийн газрыг ятгаж чадсан” гэлээ.
“Бид тэр хотыг нь байгуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар Монгол түүхий эдийг Хятадад экспортолж байна. Уул уурхайгаас баяжихыг хүссэн хэдхэн л авлигачид бий. Уул уурхайн эрхийг гадаадын хүмүүст худалдсан хэдхэн гэр бүл байгаа. Тэд монгол хүн бүрт сардаа 16 доллар тарааж хэсэг зуур амыг нь хаасан. Удахгүй ард түмэн босно. Засгийн газрыг түлхэн унагана. Монгол хүчээ эргүүлэн авна” гэж Галсансүх ярьж сууна.
Ширээн дээр дэлгэсэн түүний сонины эхний нүүрэнд тарган таван залуугийн зураг гарсан байв. Тэдний нэг нь хоригдож байсан, ерөнхийлөгч асан Энхбаяр байхыг би танилаа. Энхбаяр нь Ерөнхийлөгч байхдаа 25 давхар Blue Sky цамхгийг нууцаар санхүүжүүлсэн аж.
Утасныхаа нүүрэнд хадгалсан цамхгийн зургийг харуулангаа “Монголчууд материаллаг баялагт хэт шунан,  өнгөнд хууртсан юм биш үү?” гэж би асуусан юм.
“Ийм тэнэг асуултад хариулах цаг надад алга” гэж тэрбээр хариулаад тооцоогоо хийн бид хоолны газраас гарлаа.
“Уян хатан байдал”
“Монголчууд морь унан дайтаж явсан тул өөрсдийгөө үргэлж хүчтэй, зоригтой байх ёстой гэж боддог. Гэвч бидэнд одоо өөр бусад чанараа гаргах шаардлага тулгараад байна” гэж Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн, ухаалаг, дэгжин Ц.Ариунаа хэлэв. Ямар ч гудамжны хаяггүй Монголд би түүний өрөөг олоод очсон л байлаа. “Улаанбаатар одоо ч нүүдлийн хот. Жолооч нар морь унаж байгаа мэт машинаа жолоодох нь бий. Нэгнээ гүйцэж түрүүлээд уралдахыг өддөг. Нийтэч, хамт олонч зан байхгүй. Хөдөөнөөс ирсэн айлыг танихад амархан. Хогоо орцонд гаргаад л хаячихдаг. Яваандаа хөршүүдээсээ суралцаад хогийн саванд хогоо хийдэг болдог юм. Замдаа хэлэлцээ хийгээд, чи түрүүлээд яв гэдэг юм” гэж Ариунаа ярилаа.
“Монголчууд уян хатан байж чадна. Бидний цусанд тийм чанар бий. Бэлчээр муу бол бид нүүгээд л явчихдаг. Бид энэ чанараа дэлхийн тавцанд гаргах хэрэгтэй. Хилээ хааж, уурхайгаа татан буулгана гээд л яриад байж болохгүй. Хөршүүдтэйгээ хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Тэгж ч чадна. Урьд нь ч тийм байсан. 13 дугаар зууны үеийн Монгол араатан шиг байгаагүй. Бид Торгоны замыг хөгжүүлсэн. Олон улсын худалдаа, гадаад паспортыг анх бид ашигласан. Тэр үед бид Хятадаас айж байгаагүй. Бид олон талт эдийн засагтай хүчтэй улс байсан. Бид энэ байдлаа аажимдаа сэргээж чадна” гэж тэрбээр ярьж байна.

“Гэр”
“Бүх асуултын хариу бол гэр” гэж арваад жилийн өмнө Онги голын хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан 46 настай Мөнхбаяр хэлсэн юм. Алт олборлолтын ачаар тус гол ширгэжээ. Цианидаар баяжсан хөрсөнд эцэх эх нь худаг ухах зуур хүүхдүүд нь элэгний өвчнөөр өвдөв. Уул уурхайд хязгаарлалт хийхийг Мөнхбаяр ятгасаар голыг эргүүлэн авчирч, “National Geographic” түүнийг биширсэн. “Хүрээлэн буй орчинд хил байхгүй” гэж итгэдэг энгийн малчин түүнийг 2008 онд “хөгжиж буй хайгуулч” хэмээн нэрлэжээ.
Би ч түүнийг уурга барьсан Далай ламаар л төсөөлж байтал тэр үеийн бичлэгээс арай бандгар залуу гараад ирэв. Чингис хааны хоёр ч сургаалийг хөөмийлснийхөө дараа тэрбээр “Америктай эртхэн л ураг барилцах байсан юм. Америк олон хүүхэдтэй байх ёстой байсан юм. Чи ойлгохгүй ээ, алдсан хүмүүсийн нэг болохоор. Чи суурьшсан нийгмийн нэг хэсэг юм чинь” гэж тэрбээр гайхширсан надад хэлэв.
Дэлхийн хүмүүс Монголын нүүдэлчид шиг майханд оршин сууж, улирал бүр 30 км зам туулан нүүдэллэх хэрэгтэй гэж Мөнхбаяр үздэг аж. “Гэрийн амьдрал бол байгалийн үзэгдэл. Бид усаа хаа нэгтэй орших үйлдвэрээс биш голоос авдаг. Сайн малчинд бүгдийн хэрэгцээт мэдлэг байдаг. Тэр бол одон орон судлаач. Оддыг хараад тэр байрлалаа тогтоодог. Нөгөөтэйгүүр тэр цаг уурч” гэж ярьж буй Мөнхбаярын гэр үнэхээр тохилог. Тэрбээр гэртээ гадаадын зочдыг үе үе авчирдаг тул зочны углааштай. Түүний энэ уламжлалт амьдралын хэв маягийг цөөн хүн хуваалцаж байгаад тэрбээр ихэд бухимддаг аж. “Тэд алдаж яваа. Чи ч мөн адил” гэж тэрбээр хэллээ.
2011 онд Мөнхбаяр суурин нийгмээс өшөөгөө авсан юм. Тэрбээр алтны уурхайн хамгаалагч руу буудсанаар гурван долоо хоног хоригджээ. “Уул уурхайд хязгаар алга. Үүнийг зогсоохын төлөө бид бүх арга замаа ашиглах хэрэгтэй. Чингис хаан, Атиллаг би хүннү гэж боддог. Тэд томоохон өөрчлөлт хийж чадсан. Монголыг өөрчлөлт хүлээж байна. Юу вэ гэвэл орчин цагийн ардчиллын төгсгөл. Ардчилал бол хэрэглээн дээр тогтдог. Яг л адгуусан  амьтан шиг. Чингис хаан шиг удирдагч хэрэгтэй. Монголын овог аймгуудыг нэгтгэсэн түүн шиг жинхэнэ монгол хүн хэрэгтэй байна” гэж тэрбээр ярьсан юм.
Мөнхбаярын гэрээс гаран цастай толгодыг харсан би эрх чөлөөг мэдрэх шиг болов.

“Гэрэл, Улаанбаатарын гэрэл”
Улаанбаатараас урагш 560 км-ийн зайд орших говьд Сансармөнх амьдарна. 29 настай таксины жолооч тэрбээр даарахыг мэдэхгүй. Хэзээ ч тааралдахад нэг л хувцастайгаа. Хэдэн жилийн өмнө тэрбээр 500 бог малтай, долоон морьтой малчин байжээ. Наадмаар түүн шиг эрэмгий унаач байсангүй. 2008 он гэхэд тэрбээр хэд хэдэн удаа нийслэлд очоод байв. Тэрбээр үлдсэн малаа худалдаж 5,3 сая төгрөгөөр хуучин Аксент машин худалдан авч, намсгасан байна. Монголын далбаа, “MONGOLIA” гэсэн бичигтэй түүний машин Өмнөговийн ганц намсгасан машин бололтой.
Сансармөнх сардаа 650 доллар олдог. Олон зуун мянган монголчуудын адилаар, тэрбээр энэ мөнгөний утга учрыг ч, Монголын мөн чанарыг хэрхэн хадгалах талаар ч боддоггүй. Зүгээр л Улаанбаатар орох нь түүний хувьд сайхан зүйл.  “Улаанбаатарын юунд татагддаг вэ?” гэсэн миний асуултад “Гэрэл нь. Цөлөөс гараад гялалзсан тод гэрэл харах гоё байдаг” гэж тэрбээр хариуллаа.

“Бид өөрсдөөрөө байх хэрэгтэй “
“Моханик” рок хамтлагийн басс гитарчин Энэрэлт ийн хэлэв. Их сургууль дөнгөж төгссөн гурван найзын хамт Улаанбаатарын нэг агуулахад хоёр дахь цомгоо гаргахаар ажиллах аж. “Бид Монголд амьдарч байгаа хүмүүсийн дуу хоолойг дамжуулахыг хүсч байна. Бусад хамтлагууд америк хамтлагуудыг л дуурайчихдаг юм. Бид хүмүүст шинэ мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. 13 дугаар зууны үед монголчууд хөх тэнгэр, газар дэлхийгээ шүтэж байсан. Бид одоо ч тэнгэр газраа шүтдэг ч арай өөр” гэж уламжлал, байгалийн сэдэвтэй Бүүвэй, Салхи зэрэг найман дуутай хамтлагийнхан ярьж байна.
“Бидний хөгжмийг монголжуу мөн эсэхийг сонсогч л шийдэх болно” гэж Энэрэлт хэлэв.
Би урьд хожид ийм аялгуу сонсож байсангүй. Овгийн мэт аажуухан цохилтод эртний Монгол зурайна. Гитарын аялгуу тус улсын өөрчлөлтийг хүүрнэх мэт.
“Ийм ахархан хугацаанд ийм их зүйл болох боломжгүй” гэсэн бодол миний толгойд орж ирлээ. Би аялгууг цусыг тэжээгч төрийн дуулал мэт сонсохоор шийдлээ гэж Билл Донаху бичсэн байна.
Л.Урангуа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих