Ц.Мянганбаяр Олон овоотын ордыг буцааж авах саналаа албан ёсоор тавилаа

new photo

Олон банк дампууруулсан гэх тодотголтой “Олон овоот”-ын асуудал намжаагүй байна. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр “Анод”, “Зоос” банкнаас их хэмжээний зээл авч, хамгийн сүүлд “Жаст” группт зарсан. Гэсэн ч “Жаст” групп Олон овоотын төсөлд хөл тависнаар хэрхэн дампуурсан нь мартагдах болоогүй байна. “Жаст” группын захирал асан Ш.Батхүү “Миний хамгийн том алдаа бол Ц.Мянганбаяртай хамтарч ажилласан явдал” хэмээн харууссан. Тодруулбал Олон овоотын ордыг их алттай гэж итгэн хөрөнгө мөнгө, цав цагаа зарцуулсан нь талаар болж, энэ төслийг босгохын тулд гадаадын банкнаас зээл авахдаа хуурам гарын үсэг үйлдсэн хэргээр “аав”-ын хаалга татаад байгаа. Анх Ц.Мянганбаяр уг ордыг 18,5 тонн алттай гэж байсан бол “Жаст” групп асар их хөрөнгө зарцуулсны эцэст дөрөвхөн тонн алт байгааг тогтоож нэг ёсондоо бууж өгсөн. Мөн энэ ордыг “Алтжин”-гийн Г.Алтан хатагтай худалдан авсан ч ашиггүй гэдгийг нь мэдээд буцаачихлаа. Тиймээс энэ олон бизнесменүүдийг ацан шалаанд оруулсан Олон овоотын ордын хувь заяа олон нийтийн анхааралд байна.

Харин “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” болоод байгаа “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр бага нөөцтэй гэгдэж буй Олон овоотын ордоо буцааж авах саналтай байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Тэрбээр “Тэр их өртэй ордыг гадаадынхан авна гэж бодохгүй байна. Манай хамт олон Олон овоотын ордоо эргүүлж авах санал гаргасан. Болохгүй ч юм байхгүй. Миний л бий болгосон өр учраас буцаагаад авах нь шударга явдал болно” гэсэн байна. Ц.Мянганбаяр энэ үгээ хэвлэлээр дайхаас гадна ажил хэрэг болгохоор Уул уурхайн сайд зэрэг зарим хүмүүстэй уулзсан аж. Гэсэн ч түүнийг Олон овоотыг эргүүлж авна гэвэл бэлэн мөнгөөр төлбөрөө хий гэсэн шаардлага тавьсан бололтой. Харин Ц.Мянганбаярын хувьд өнөөх л “сурсан” аргаараа банкнаас зээл авч, ордоо буцаана гэдэг байна. Тиймээс Уул уурхайн сайд ч тэр, “Жаст”-ын Ш.Батхүү ч тэр түүнд итгэж чадахгүй байгаа бололтой. Уг нь их өрийн сүлжээ, том хэргийг эхлүүлсэн Ц.Мянганбаяр өөрөө энэ ордыг аваад өрөө барагдуулах нь боломжийн хувилбар. Гэхдээ үүний тул дахин нэг банкнаас зээл авч дампууруулчих вий гэж бусад нь жийрхэж байгаа аж.

Одоо Олон овоотыг ашигтай гэж үзэж байгаа хүн нь ганц Ц.Мянганбаяр болоод байна. Уул уурхайн яамнаас тус ордын нөөцийг тогтоох ажлын хэсэг гаргасан ч хариу гаргаагүй байна. Ямартаа ч ноён Ц.Мянганбаяр өөрийн эхлүүлсэн будлианаа цэгцэлнэ, өөрийнхөө бий болгосон өрийг төлнө хэмээн Олон овоотыг эргүүлэн авах саналаа албан ёсоор тавьжээ.

 

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11417


URL:

Сэтгэгдэл бичих