Монгол хүүхэлдэйн киноны эрэлд гарах цаг болжээ

Монгол хүүхэлдэйн киноны эрэлд гарах цаг болжээ

Монголын кино урлаг хөгжиж байгаа гэж хэдэн уран бүтээлчид маань ам уралдан магтах болсон.

Тэр үнэн, Монголын кино урлаг хөгжиж байгаа. Тэр ч битгий хэл дэлхий нийт манай кино урлагийг сонирхож байна. Нэг үеэ бодвол уран бүтээлчид чанартай, сайн кино хийхийг зорьдог болж. Иргэд монгол кино үзэхээс зугтаах нь холгүй байдаг байсан бол өнөөдөр орлогоороо өрсөлдөж байна. Энэ бол яах аргагүй дэвшил.

Гэхдээ манай уран бүтээлчид зөвхөн уран сайхны кино л хийж байгаа. Гэтэл нөгөө талд нь хүүхэлдэйн кино гэсэн том салбар ор тас хаягдчихсан. Өнөөдөр хувиараа мөнгө босгоод, кино урлагаа хөгжүүлэх гэж зүтгэж яваа хэдэн уран бүтээлчдэд энэ том салбарыг үүрүүлнэ гэдэг угаасаа утгагүй. Т иймээс төр засгаас кино урлаг, тэр дундаа багачуудын шимтэн үздэг хүүхэлдэйн кинонд анхаарлаа хандуулж, төсөв хөрөнгө гаргах цаг болжээ. Үнэндээ манай багачууд гадаадын янз бүрийн хүүхэлдэйн кино үзэж л өсч байна. Тэр нь монгол хүүхдийн сэтгэхүйд огтхон ч таарахгүй.

Наад захын жишээ гэхэд, “Том Жерри хоёр”, “Чамайг даа”, “Маша баавгай хоёр”, “Наруто”, “Бен 10” гэх мэт хүүхэлдэйн кинонуудыг дурьдаж болно. Эдгээр хүүхэлдэйн кино зогсоо зайгүй гарч байгаа болохоор жишээ аваад байгаа юм.

Гэтэл манай багачуудын зогсоо зайгүй үздэг эдгээр киноны заримыг улс орнууд гаргахаа больж, хориглочихоод байна. Жишээлбэл, “Маша, Баавгай хоёр” хүүхэлдэйн киног дэлхийн 25 оронд гаргахыг хориглосон. Учир нь дэггүй хүүхдүүдийг давруулж, журамгүй явдлыг өөгшүүлсэн үйл явдал нь балчир жаалуудыг баллаж орхино хэмээн үзэж ийм шийдвэр гаргасан юм билээ.

Мөн Украйны үндэсний шинжээчдийн комиссын шийдвэрээр “Спонж Боб”, “Лунтик ба түүний нөхөд”, “Маша баавгай хоёр”, “Покемон”, “Симпсоныхон” зэрэг хэд хэдэн хүүхэлдэйн киног нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байгаа хэмээн дэлгэцээр гаргахыг хориглосон. Шинжээчид эдгээр кинонд буруу суртал ухуулга шингэсэн, гэр бүлийн амьдралыг сарниулахад нөлөөлөх зүйл ихээр гардаг, ижил хүйстнийг сурталчилдаг хэмээн дүгнэсэн аж. Тэр ч битгий хэл “Том Жерри хоёр”, “Чамайг даа” хүүхэлдэйн киног зарим оронд хориглосон байгаа. Гэтэл манай улсад байдал огт өөр. Бүх телевизээр зогсоо зайгүй гарч байна.

Гадаадын улс орнуудын эрдэмтэд нэгийг бодож, хоёрыг тунгааж л энэ шийдвэрийг гаргасан байгаа шүү дээ. Үгүй юмаа гэхэд, амьдрал дээр л хүүхдүүд Машаг дууриаж, дүрсгүйтэж байгаа жишээ их байна.

Тиймээс бид энэ мэт хүүхэлдэйн киног ор тас хориглодоггүй юмаа гэхэд үндэсний онцлогоо шингээсэн, монгол хүүхдийн сэтгэхүйд таарсан хүүхэлдэйн кино хиймээр байгаа юм. Их хаадынхаа тухай аятайхан хүүхэлдэйн кино хийгээд, телевизүүдээрээ цацаад байвал ядаж л түүхийн мэдлэгтэй болно.

Одоо мартагдах шахаад байгаа уламжлал, ёс заншлаа харуулсан утгатай хүүхэлдэйн кино байсан ч яах вэ дээ. Гэх мэтээс эхлээд хүүхэлдэйн кино хийх сэдэв юу эс мундах вэ дээ. Ямар ч байсан монгол хүүхэлдэйн кино хийгээд эхэлбэл гадаадын элдэв сэдэвтэй, монгол хүүхдийн сэтгэхүйд огт наалдахгүй, алаан хядаантай, хүчирхийллийг далд маягаар харуулсан хүүхэлдэйн киноноос л дээр байх.

Гэхдээ хүүхэлдэйн киног хөгжүүлэх, цаашлаад олон улсын төвшинд хүрнэ гэвэл төр засаг анхаарахаас өөр арга байхгүй. Юун төлөө соёл хариуцсан бүхэл бүтэн яам байгаа билээ. Яамны зүгээс ч гэсэн энэ талаар анхаарч, хүүхэлдэйн киноны чиглэлээр ажиллаж байгаа уран бүтээлчдийг дэмжмээр байна. Тэгэхгүй бол Машаг дууриаж баавгай биш юмаа гэхэд нохойг залхаах гэж яваад уруулах хүүхдийн тоо хэд дахин өссөн тухай мэдээлэл цацагдаж эхлэх вий дээ.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих