Жигүүрийн дэвэлт АН-ыг сүүдэрлэх үү?

Ө.БАТХҮҮ

Улс төрийн  нам дотор жигүүр, фракц,  холбоо байна гэдэг ардчиллын  зарчим  хэмээн  ярих  дуртай  лидерүүд  олон. Гэвч үнэн хэрэгтээ либерал үзэл  дэхь тулгуур баганыг  ганхуулахгүй байх, намаа нам  шиг  байлгахад  бус зөвхөн хэсэг  бүлэглэлийн,  заримдаа  хувь  хүний эрх  ашгийн  үүднээс тэдгээр нь дэвдэг байсан түүх бас  л  олон юм.  МАН-ыг  “арчиж” хамаг юмыг гартаа авчихаад  байгаа АН багийнхнаасаа тасарсан хувийн тоглогчдоор  хэзээнээс   алдартай.

Түүхэндээ анх  удаа эрх  барьж, дараа  нь орох газаргүй болтлоо  их  ялагдал  хүлээсэн  1996-2000 оны түүхийг  сөхвөл тэд хэдэн Засгийн газраа  огцруулж, бужигнаж байсныг мэдэж  болно.  Гэвч өдгөө өнгөрснийг сөхөөд ашиг тус  бага, харин алдаанаасаа суралцаж, Н.Алтанхуягийн  яриад  байгаа тогтвортой байдлыг  хангаж  чадвал  АН-д, бүр  том  агуулгаараа монголчуудад бүгдэд нь хэрэгтэй нь үнэн.  Яг одоогийн энэ  цаг дор  эрх  барьж буй  намын  МҮДН, МоАХ, Алтангадас гэх мэт нэршилтэй фракциуд,  УИХ-ын  сонгуулийн өмнө  нэлээд дуу  гаргаж  байгаад чимээгүй болсон Ардчилсан хүчний  холбоо гэх мэт салбар мөчрүүд  бараг таг дуугүй сууна.  Тэдэнд дуугарах  ч  шаардлага алга байна. Ардчилсан  хүчний холбооны  тэргүүн  нь  спикерийн  суудалд  очиж, фракцуудын  төлөөллүүд сайд болчихсон байхад “Тогтвортой  байдал”-ыг сахихаас өөр аргагүй. Яг ийм нөхцөлд, АН-ыг хэн хэлж, нохойг  хэн  саахав гэж байхад “ургасан”  жигүүр  менежмэнт  сайтай байвал  хол  явах  л  газар.

УИХ-ын гишүүн  асан А.Мурат, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Аззаяа тэргүүтэй нөхөд  жигүүр  байгуулж, намаа хөгжүүлэх болсон тухай  өнгөрсөн  долоо  хоногт мэдэгдсэн. “ Гаднаас нь  харахад  АН  болоод  байгаа юм  шиг  боловч үнэн хэрэгтээ олон  фракциудад  хуваагдсан, дотооддоо  хагаралтай, эв  нэгдэлгүй байна, Ардчилсан намд  үнэт  зүйл гэж  бий. Түүнийгээ удирдлага болгон хэрэгжүүлэхэд  дүрмийн хэрэгжилт шийдвэрлэх үүрэгтэй. Ажиглаад  байхад фракцуудын хуваагдал, ашиг  сонирхлын  бүлэглэлд нам  маань автчихсан харагддаг. Цаашид энэ  байдалд  дасч уусах уу, өөрчилж шинэчлэх үү гэдгийг шийдэх  цаг болсон” хэмээн Д.Аззаяа  ярилцлага өгөхдөө  өгүүлсэн  байна.  Жигүүрийнхний зорилго нь өөрсдийгөө  бус намаа бодсон  гэх  тухайд “Манай нам коммунист  шинжтэй болчихоод  байна.  Биднийг ажилгүй үлдсэн хүмүүс, гомдогсод хагалган  бутаргагч  гэх зэргээр нэр, хаяг  зүүж  байгаа нь  өөрсдийгөө  хамгаалах гэсэн  арга” хэмээн  үргэлжлүүлэн ярьжээ.  Хэдийгээр тэдний  бодол үнэхээр өөр  байж  болох  ч  яалт байхгүй  өнөөх  албан тушаалд  хүрээгүй гишүүдийн  гоморхол, жигүүр  болж  гарч  ирсэн гэх таамаг үгүйсгэгдэхгүй байна.  Цөөн хэдэн  жишээ, жигүүрийг толгойлж буй  А.Мурат Н.Алтанхуягийн Засгийн газар эмхлэгдсэний  дараахан Гаалийн  ерөнхий  газрын даргаар очно  гэж өөртөө бат итгэлтэй байсан нь  үнэн  гэнэ лээ.  Нэгэнт  ярьж, тохирчихоод гадаад  яваад  ирэх хойгуур  нь  өнөөх суудал өөр  хүнд  очсон байхыг хараад тэр гомдсон  л  байж таарна.  Жигүүрийг уриалгахан  тосч  авсан  УИХ-ын гишүүн Ж.Амаржаргал  ч   “Би УИХ-ын дарга болвол  болно, өөр  албан тушаалд  очихгүй”  хэмээн өөрөө хэвлэлээр  зарласныг  сөхвөл  цээжинд нь нэг зүйл байдаг болов уу.  Ж.Амаржаргалыг  дагасан  Ж.Батзандан ямар нэг  албан тушаал хүртээгүй гээд үзвэл “Гомдоогүй хүмүүс, намынхаа  төлөө жигүүр  байгуулжээ” гэж хэлэхэд худал сонсогдоод  байгаа  биз.

Зорилго нь юу байх, хаа хүртэл дэвэхийг  мэдэхгүй ч “Дүрмээ сахигтун, дүрмээ мөрдөхтүн”  хэмээх сүртэй  уриатай шинэхэн  жигүүрийнхнээс авах юм Н.Алтанхуягт  нэлээд бий  юм билээ. Ялангуяа гишүүдийн  ёс зүйн журмын тухайд. Тус намын Хяналтын  хорооны бүтцэд Ёс зүйн дэд хороо гэж байдаг боловч бүрэлдэхүүнгүй, мөрдөх  журамгүй гэнэ. Ямар ч намын гишүүн  байсан ялгаагүй наад захын мөрдөхөө байсан энэ үед гишүүддээ  ёс зүйн дүрэм гарган  мөрдүүлж, ард  түмний дургүйг хүргэхээргүй ажиллуулах нь АН-ын үндсэн зорилгуудын нэг байх учиртай. Нөгөөтэйгүүр ялалтдаа  хэтэрхий  их  бардамнаж, хэлэх хүнгүйгээр нь да­лимдуулан албан тушаалууддаа  бялуурч явсаар 2016 онд түүх  давтагдах вий гэ­сэн жигүүрийнхний  болгоомжлол  Н.Алтанхуягийн хувьд “ Тангад улс байгааг  өглөө бүр  санаж яв” гэсэн Чингисийн үгийн дайтай титэм  үг  байх  нь гарцаагүй. Гэхдээ  Ерөнхий  сайд  маань жигүүрийнхнийг  нэг  их  тоохгүй байгаа. “Манай намын чөтгөрүүд  цөөрсөн. Жигүүр ургах нь  бидний тогтвортой  байдалд  нөлөөлөхгүй”  гэсэн  түүний мэдэгдэл үүнийг  илтгэсэн.  Хэдий  тийм боловч  “Айхгүй ч аягүй” гэдэг дээ.  Жигүүрийн хэдэн “чөтгөр”  ирэх  бямба гаригт хурал, цуглаан хийх юм гэсэн.

Түүнийхээ  өмнө  намын  даргадаа ч шаардлага  хүргүүлээд  амжлаа.  Энэ шаардлагад  Үндэсний зөвлөлдөх хороог аравдугаар сард багтаан хуралдуул гэжээ. Шаардлагыг дэлгэрүүлбэл, нэгдүгээрт, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг Үндсэн дүрмийн 6.4.4-т заасны дагуу 2013 оны аравдугаар сард багтаан хуралдуулах. Хоёрт, ҮЗХ-ны хуралдаанаар доорхи асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой гэжээ. Цаашид

•Дотоод сонгуулийн хорооны бүрэлдхүүнийг шинэчлэн батлах

•ҮЗХ-ны 2011 оны тавдугаар сарын 9-ний 05 тоот тогтоолыг хүчингүй болгох

•ҮЗХ-оос эрх шилжүүлсэн бүх тогтоолуудыг хүчингүй болгох

•Сүүлийн гурван удаагийн ҮЗХ-ны ротацийн 228 суудалд сонгууль зарлах

•АН-ын ХЭГ-ын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх

•Ардчилсан намын хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах

•Ардчилсан намын их хурлыг 2013 онд багтаан хуралдуулах товыг зарлах, энэхүү шаардлагын хариуг аравдугаар сарын 5-ны өдрийн 11.00 цагт Жигүүрээс зохион байгуулах “Үндсэн дүрмээ сахихтун, мөрдөхтүн” нээлттэй хэлэлцүүлгээс өмнө ирүүлэхийг мэдэгдэхийг хүссэн байна.

 

Хэн, юу хэлэв?

АН-д жигүүр байгуулагдсан тухай тус намын зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

 

А.Бакей: ЖИГҮҮР БАЙГУУЛАГДАХ НЬ ЭРҮҮЛ ҮЗЭГДЭЛ

-Манай намд жигүүр байгуулагдах нь эрүүл үзэгдэл. Цочирдож хүлээж авахгүй байна. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх намын даргаас эхлээд жирийн гишүүнд ч байдаг. Жигүүр нь намаа шинэчлэхэд судалгаа, үндэслэлтэй санаа гаргах учиртай. Үүнийг удирдлагууд анхаарах нь зүйн ёсны хэрэг. Хөндлөнгөөс хандах биш ямар, ямар шинэ санаа гаргав, ямар шүүмжлэл өрнүүлж байна гэдгийг анхаарах ёстой юм. Жигүүр ч гэсэн гаргасан санаагаа ажил хэрэг болгохын төлөө хичээх нь зөв. Гарч ирчихээд алга болчихвол ямар хэрэг байх вэ.

 

 

С.Одонтуяа: АН ХАГАРАЛТАЙ ГЭЖ ХАРЖ БОЛОХГҮЙ

-Жигүүр байгуулагдсан талаар сонссон. Энэ АН дотроо хагаралтай байна, намынхаа даргыг унагахаар зэхэж байна гэж ойлгож болохгүй. Манай намд асуудлыг өөр, өөр өнцгөөс харж үнэлэлт, дүгнэлт өгөх эрх нээлттэй. Ялангуяа эрх барьж байгаа энэ үед намын гишүүд удирдлагадаа санаа нэмэрлэх боломжтой. Үүний  дагуу байгуулав уу гэж харж байна.

 

 

Д.Ганбат: ЖИГҮҮРИЙНХНИЙ САНАЛЫГ СОНССОНГҮЙ

-Тэр жигүүрийн тавьж байгаа санал санаачлагыг сонсоогүй. Байгуулагдсан гэж дуулсан. Үндэслэл, судалгаатай шаардлага тавьж байгаа бол намын дарга нар анхаарах ёстой. Түүнээс биш хэдэн нөхөр хэвлэлийнхнийг дуудаад хурал зарлажээ харж болохгүй байх.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих