АН-ын ах дүү, амраг садангийн “Төрийн алба” удахгүй илчлэгдэх бололтой

АН-ын дотоод ардчиллыг бэхжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүтэй хэсэг гишүүд нам дотроо жигүүр байгуулснаа албан ёсоор зарласан. Тэд АН-ын цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлж, үндсэн дүрмийг мөрдөх зорилготойгоор байгуулагдсан гэдгээ мэдэгдээд байгаа.
Тэгвэл тус жигүүрийнхэн намынхаа “цус сэлбэх” ажиллагааг нь эрчимтэй эхлүүлээд байгаа аж. Юуны түрүүнд намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлжээ. Шаардлагад хэд, хэдэн асуудал хөндөж тавсны зэрэгцээ ҮЗХ-ны Үндсэн дүрмийн 6.4.4-т заасны дагуу 2013 оны аравдугаар сард багтаан хуралдуулах.
ҮЗХ-ны хуралдаанаар дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах, ҮЗХ-ны 2011 оны тавдугаар сарын 9-ны 05 тоот тогтоолыг хүчингүй болгох, ҮЗХ-ноос эрх шилжүүлсэн бүх тогтоолуудыг хүчингүй болгох, сүүлийн гурван удаагийн ҮЗХ-ны ротацын 228 суудалд сонгууль зарлах, АН-ын ХЭГ-ын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, АН- ын Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах, АН-ын Их хурлыг 2013 онд багтаан хуралдуулах товыг зарлах зэрэг эдгээр шаардлагыг тавиад байгаа аж.
Өмнө нь дээрх асуудлаар намын удирдлагууддаа шаардлага тавьж байсан ч саналыг нь огтхон ч хүлээж аваагүй байна. Тиймээс цаашид саналыг нь хүлээж авч хэрэгжүүлэх хүртэл шаардлага тавина гэдгийг тус жигүүрийнхэн хэлж байгаа юм.
Хэрвээ дээрх шаардлагыг хүлээж авахгүй бол намын одоогийн удирдлагыг огцруулах асуудлыг ч ярихдаа хүрэх гэнэ.  Ийнхүү АН дотоод ардчиллыг сэргээхээр зүтгэж буй нөхдүүд эрчимтэй үйл ажиллаагаа явуулж буй гэдгээ илэрхийлсээр байна.
Түүнчлэн тус жигүүрийнхэн шаардлага хүргүүлж, орон нутгаас бие төлөөлөгч цуглуулах, ҮЗХ-ны хурлаа хийх зэрэг ажлыг зохион байгуулахаас гадна давхар “тагнуулын” ажил гүйцэтгэж байгаа сурагтай.
Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хэчнээн хүнийг төрийн албанд оруулсан, тэдгээр нь хэн гэгч сайд, дарга нарын найз, нөхөд, хамаатан садан, ах дүү болохыг тогтоохоор бүх яам тамгын газарт “нууц ажиллагаа” явуулж байгаа гэнэ.
Одоогоор судалгаа хийж, танилцаж байгаа бөгөөд цаг нь болохоор бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “тэр дарга, түүний дүү” байжээ гэх мэдээллийг хүргэх юм байна. Ингэснээр төрийн албыг төрлийн алба болгохгүй, болгоо ч үгүй гэж хэлж байсан ардчилагчдын хуурамч багийг хуулж авах юм байна.
Ерөөс шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн биш төрлийн алба гэдэг толгой холбосон үг моданд орсон. Дүүгээ, ахыгаа, эхнэр, хүүхэд, нууц амрагаа хүртэл зөөлөн суудалтай албанд томилуулчихаад ичих ч үгүй яваа УИХ-ын гишүүд, сайд нар олон бий.
Төрөл садангаа ажил албанд арын хаалгадаж оруулдаг “арвин туршлага” тэдэнд бий. Цэнгэлийн манлай гэгчээр юм бүхний түрүүнд, муугаараа дуудуулж, асуудалд өртдөг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн дүүгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар оруулсан биш бөөн асуудал үүсч, өөрөө огцрох дээрээ тулж байж дүүгээ “зайлуулсан”.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн ах Ш.Төмөрбаатар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга. С.Эрдэнэ сайдын эхнэр Н.Нинжбадгар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, хүү нь наймдугаар хороонд нэр дэвшиж сонгогдсон.
Мөн түүний охин, хүү, хүргэн, жолооч, бие хамгаалагч, туслахууд гэхчилэн арай л гэрийн үйлчлэгч гээгүй байх бүгд л төрийн албанд “олуулаа” зүтгэж орсон гэдэг юм билээ.
Энэ мэтчилэн яам, тамгын газруудад ах дүү амраг садангаа ажилд оруулсан гэх баримт байна. Тэгэхээр эдгээрээс эхлээд АН-ын ах, дүү амраг садангийн сүлжээ үүссэн төрийн алба удахгүй илчлэгдэх бололтой.
Д.Ангараг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих