Тэтгэврийн нэмэгдлийг ирэх оноос олгоно

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-аас энэ оны аравдугаар сарын 1-ийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг албаныхан хүлээн авчээ.

Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 483.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан байна.

Үүний 24 хувь нь тав хүртэлх 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болжээ.

Дээрх иргэдийн 45.6 хувь нь эрэгтэйчүүд, 54.4 хувь нь эмэгтэйчүүд байсан талаар албаныхан мэдээллээ.

Насны ангиллын хувьд нийт бүртгүүлсэн иргэдийн 27.5 хувь нь 40 хүртэлх насны иргэд, 60 хувь нь 40-55 насны иргэд, 12.5 хувь нь 55-аас дээш насны иргэд байжээ.

Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх иргэдийн нийт 31.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Ингэснээр 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож, нөхөн төлсөнд тооцох ажээ.

Тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож, олгох юм.

Ж.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих