Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Мишээл экспог хаах санал гаргав

 Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Мишээл экспог хаах санал гаргав

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд хотын ерөнхий менежерээр ахлуулсан 36 хүний бүрэлдэхүүнтэй баг шалгалт хийжээ.

“Батсервис” ХХК-ийн “Орхон”, Ванхүү ХХК-ийн “Далайхүү” худалдааны төвүүд их засвартай, “Сутайн буянт” ХХК-ийн техникийн зах, Бүрд ХХК-ийн “Бүрд” худалдааны төв, “Марс” төв ХХК-ийн “Марс” худалдааны төвүүд хариуцсан эзэд нь байхгүй, гадаад яваа, үзүүлэх бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар шалгалтад хамрагдсангүй.
Шалгалтад хамрагдсан худалдааны төв, захуудын 80 хувь нь барилгын ашиглалт хангалтгүй, батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн, аж ахуйн аргаар баригдсан жижиг барилгуудад үйл ажиллагаа явуулж байжээ.

“Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Жи Эм Жи” худалдааны төвүүд “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай” улсын комиссын акт гаргуулаагүй.

“Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”  худалдааны төвүүд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Тиймээс ажлын хэсгээс дээр нэр дурдагдсан томоохон зөрчилтэй зах худалдааны төвүүдийг зөрчлөө арилгах хүртэл түр хаах тухай захирамж гаргах хүсэлтийг нийслэлийн Засаг дарга болон Удирдлагын зөвлөлийн гишүүдэд гаргалаа.

Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр Улаанбаатар хотод дүрэм, журмын дагуу аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллаж байгаа худалдааны төв, зах байхгүй гэж хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга “Зах бол ашгийн бус байгууллага байх ёстой. Ажилгүй, орлого багатай иргэддээ зориулж газраа эзэмшүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгааг зах гэж нэрлэхээс гадна тэд ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, өмч хөрөнгийг хамгаалах ёстой байдаг юм.
Гэтэл өнөөдөр зах, худалдааны төвийн эзэд газрын гэрээгээ эрх мэдэл хэтрүүлэн бусармагаар ашиглаж, зөвхөн ашгийн төлөө ажиллаж байна. Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарахгүй, тэр байтугай мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа мэдэгдэл өгөөд ч тоохгүй байна.
Энэ тоомжиргүй үйлдэл явсаар эрдэнэт хүний амь нас  эрсдлээ ш дээ.
Шалгалт хийдэг ч өнөөх дутагдал, зөрчил хэвээрээ л байдаг. Тиймээс зөрчилтэй байгаа худалдааны төв, захуудад хугацаатай үүрэг өг. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрөлтэй нь ч биш нийслэлтэй байгуулсан газрын гэрээг хүчингүй болго. Энэ арга хэмжээг авахад нөлөөлсөн ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэв.

Я.Хүрэлхүү


URL:

Сэтгэгдэл бичих