Хөх толбот 229 хүүхэд харьд үрчлэгджээ

Хөх толбот 229 хүүхэд харьд үрчлэгджээ

Дотоод, гадаад хүүхэд үрчлэл болон асрамж халамжийн үйлчилгээний талаар өнөөдөр холбогдох байгууллагууд хэлэлцүүлэг хийлээ.

Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газраас гадаадад үрчлэгдсэн хүүхдийн тоог нууцын зэрэглэлд багтдаг хэмээн халгаагаагүй.

Харин энэ хэлэлцүүлгийн үеэр 229 хүүхэд харьд үрчлэгдсэн гэдэг тоон мэдээллийг өглөө.

Дэлхийн 12 оронд хөх толботой монгол үрс үрчлэгдсэн байдаг аж. Үүнээс хамгийн олон нь АНУ-д буюу 49 хүүхэд амьдардаг байна.

Гадаад үрчлэлийн талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс хэзээнээс эхэлж гадаадын иргэнд хүүхэд үрчлэх асуудал нээлттэй болсон юм бэ?

-1999 онд олон улсын Гааг-ын конвенцид нэгдсэн орсноор гадаадад хүүхэд үрчлэж эхэлсэн. Манай яамнаас гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн талаархи судалгааг хийхэд тоо баримт нь байгаа хэрнээ тавих хяналт, эргэх холбоо сул гэдэг нь харагдлаа. Манай яамны хувьд шинэчлэгдэж байгуулагдсан цагаасаа хойш жил гаруйн хугацаанд нэг ч хүүхдийг гадаадад үрчлүүлээгүй байгаа. Нэгдүгээр хүүхэд үрчлэлийн журмыг өөрчлөх ёстой. Нөгөө талаар цаашдаа аль болох хүүхдээ үрчлүүлэхгүй байх бодлого баримтална.

-Нэг жилийн хугацаанд хүүхэд үрчлээгүй гэж байна. Энэ хооронд хэчнээн хүсэлт ирсэн бэ?
-Ер нь хүүхэд үрчлэх хүсэлт бол ирж байгаа. Монгол хүүхэд үрчилж авсан гадаадын иргэдийн хувьд дахиад хүүхэдтэй болох хүсэлт гаргах болсон. Нэг биш хоёр монгол хүүхэдтэй баймаар байна гээд. Эсвэл монгол хүүхэд үрчилж авсан айлыг найзууд нь дуурайж хүүхэд үрчилж авахаар ханддаг. Монгол хүүхдийг оюуны өндөр чадамжтай, эрүүл чийрэг биетэй хэмээн гадныхан их ам сайтай байдаг юм билээ.

-Харьд үрчлэгдсэн хүүхдийн хувьд насанд хүрээд иргэншлээ сонгох ёстой. Монгол Улсын иргэн юм чинь иргэншлээ солихгүй гэж ам бардам хэлэх хүүхэд бий болов уу. Ялангуяа эргэх холбоогүй, эх орноо мэдэхгүй өсч байгаа хүүхдүүдийн хувьд?
-Наадах чинь хамгийн том асуудал. Тиймээс бид хуулинд тухайн хүүхдийн өргөж авсан бол нэрийг нь солихгүй байх гэдэг заалт оруулж өгч байгаа. Овгийг нь бол сольж болно. Ингэснээр тухайн хүүхэд том болоод монгол нэртэй юм чинь эх орныхоо талаар мэдэхийн хүснэ, монгол хүний мах цусны тасархай юм шүү гэдгээ мэдрэх болно гэж үзэж байгаа.

-220 гаруй хүүхдээс ямар ч холбоогүй болчихсон хүүхэд бий юу?
- Хууль дүрмэндээ үрчилснээс хойш гурав, зургаан сар, гурван жилийн дараа хүүхдийн амьдарч буй орчин, сургууль, цэцэрлэг гээд фотогоор ирүүлэх ёстой. Ингэхээр гурван жилийн дараанаас эхлээд холбоо тасарч байна гэсэн үг. Гэхдээ бид цаашид фото бол хангалтгүй гэж үзэж байгаа. Тухайн хүүхдийг таван жилд нэг удаа эх оронд нь аялуулах, холбогдох байгууллагын төлөөлөл очиж биечлэн танилцаж байх гээд хяналтыг бүр илүү сайжруулах болно.

У.Бадам


URL:

Сэтгэгдэл бичих