Хятадууд төгрөг дээрх зургийг арилгаж үнэт цаасыг нь ашигладаг гэнэ

Өнөөдрийн сонинуудад гарсан онцлох  мэдээллийг тоймлон хүргэж байна.

Сенсаци 1. 2.027 кг хар тамхи устгав

Өнөөдрийн “Зууны мэдээ” сонинд бичсэнээр Баянзүрх дүүргийн шүүхийнхэн 2.027 кг хар тамхи устгасан байна.

Тодруулбал, өнгөрөгч зургадугаар сард С.Наранбаатар тэргүүтэй есөн хүн холбогдсон хар тамхи тээвэрлэлтийн хэргийг тасалжээ. Энэ хэргийн баримт болох героиныг устгасан байна.

С.Наранбаатар нар 2011 оноос хойш хар тамхи зөөвөрлөж иржээ. Тэд нийт 35 хүнээр 1-4 удаа мансууруулах бодис тээвэрлүүлсэн нь тогтоогдсон байна. Хэрэгтнүүдэд чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ялаар шийтгэжээ.

Сенсаци 2. “Монголросцветмет”-ийн Ц.Жаргалыг найман тэрбумын хэргээр шалгаж эхэлсэн байна

Өнөөдрийн “Өдрийн сонин”-д “Монголросцветмет”-ийн орлогч захирал Ц.Жаргалыг найман тэрбумын хэргээр шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Ц.Жаргал гурван сарын өмнө “Монголросцветмет”-ийн эзэмшлийн Хэнтий аймгийн Дархан суман дахь баргилтын төмрийн орд дээр найман тэрбумын өртөгтэй “Уулын ажил”-ын тендер зарласан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэдний зүгээс тендерт оролцсон “Баян соён заан” компанид ил, далд байдлаар дэмжлэг үзүүлсэн гэжээ. Тиймээс энэ хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа аж.

Сенсаци 3. Хятадууд төгрөг дээрх зургийг арилгаж үнэт цаасыг нь ашигладаг гэнэ

“Өнөөдөр” сонинд бичсэнээр хятадууд Монголоос 1-500 төгрөгийн шинэ дэвсгэрт худалдаж авах явдал нэмэгджээ.

Гэхдээ тэд шинэ дэвсгэртийн зургийг арилгаж үнэт цаасыг нь ашигладаг талаар хилийн тагнуулын албаныхан мэдээлсэн байна. Ер нь сүүлийн үед хилээр задгай, шинэ төгрөг их хэмжээгээр гаргах оролдлого их хийж байгаа аж.

Өнгөрсөн сард л гэхэд сая шахам төгрөгийн жижиг дэвсгэрт хилээр авч гарахыг завдсан монгол залууг саатуулжээ. Тэрбээр “Хятадууд авдаг. Бэлэг дурсгалын зүйл хийдэг гэсэн” гэж мэдүүлсэн байна.

Сенсаци 4. Шинээр өмчлүүлэх газарт буувал албадан нүүлгэнэ, зардлыг иргэд өөрсдөө гаргана

Нийслэлийн хэмжээнд ирэх онд 52 байршилд газар шинээр өмчлүүлэх болсон талаар “Өдрийн шуудан” сонинд бичжээ. Гэтэл шинээр газар өмчлүүлэх сургаар айлууд дураараа очоод буух нь нэмэгдсэн байна.

Өнөөдөр 10 айл албадан нүүлгэлээ гэхэд маргааш 20 айл буудаг тухай албаныхан хэлжээ. Иймээс шинээр өмчлүүлэх газар айл буувал албадан нүүлгэх бөгөөд зардлыг өөрсдөөр нь гаргуулна гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Заяа

URL:

Сэтгэгдэл бичих