Шахааны төсөв үндэсний үйлдвэрлэлийг боомилж байна

 

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Инфляцийг найман хувьд барьж, хадгаламж, хуримтлалыг дэмжсэн, төрөлжсөн өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгох зорилго өвөрлөснөө Төвбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн билээ. Сайд, даргын цүнхэлсэн эдгээр олон хуудас бүхий тооцоо судалгаа хэрхэн биеллээ олохоос Долгор хүүхний сурагч хүүдээ өгөх цайны мөнгө өсөх, буурах нь шалтгаалж байна.

Иймд ирэх онд монголчууд мөнгөний бодлогоос ямар үр дүн хүлээж буйг сонирхъё.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭСРЭГ ЗАРЛАСАН “ДАЙН”

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй тарчиг цаг үеэс тансаглал, бэлэнчлэх сэтгэлгээ хүртэлх замыг тууллаа. Сайндаа ч “гульгиж” цатгалдаад яваа юм биш үнэтэй цайтай бүхнээ зарж идсээр өнөөдөртэй золгосон хэрэг. Эдийн засаг хүнээр бол эрийн цээнд хүрсэн ч уранхай цоорхойгоо нөхөөд өмсөх ухаанд суралцсангүй. Ардчиллын замыг дардан гэтэлсэн хэр нь үйлдвэрлэлийн эсрэг “дайн” зарлачихсанд хамаг учир бий. Импортоор дусал залгуулчихаад өөрсдийгөө эрүүл байна гэж итгэж эндүүрсээр ирсэн гэсэн үг. Түүнийг нь ганц л удаа салгахад даралт нь ихэсч, зүрх дэлсээд аюул болно. Энэ “жүжиг”-ийн тасалбар асар үнэтэй байсныг бид одоо харж байна. Үр дүнд нь Монголд нэг ч үйлдвэр хөгжөөгүй, ажилгүйдэл өндөр, ядуурал 30 хувиас 27 хувьд хүрвэл дээр дооргүй алга ташиж баярлан угтах жишээтэй. Нэг л их алт, зэсийн экспорт гаргадаг хүмүүс. Тэглээ гээд эдийн засаг нь 17 хувьд өсөөд ч наалдаж үлдсэн юмгүй.

Өнгөрсөн долдугаар сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1800-д хүрч унасан нь монголчуудад эргэж харах сөхөө олгосон хэмээн эдийн засагчид тайлбарладаг юм. Америк мөнгө чангараад ирэхээр импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүнийх нь үнэ “тэнгэрт хадаж”, импортлогчид уйлж, үндэсний үйлдвэрлэгчид инээхэд хүргэжээ. Харьд үйлдвэрлэсэн барааны дэргэд монгол хүний гараар бүтсэн эд хямдраад ирэхээр үндэсний үйлдвэрлэгчдэд буурь сэлгэх боломж юм. Учир нь Монгол Улсын төсвийг хэсэг бүлэг импортлогчид хэзээнээсээ сүү сайтай саалийн үнээтэй зүйрлэсээр ирсэн юм. Монголдоо үйлдвэрлэчих боломжтой даавуун уутыг ч Эрээний оёдолчноор үнэ тохирч хямдхан хийлгээд төсөвт байгууллагад шахах овжин бизнес амь бөхтэй оршсоор ирсэн нь энэ. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид төсөвт байгууллагад бараагаа худалдан борлуулах, үйлдвэрлэлээ дэмжүүлнэ гэдэг их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэрээр дуусдаг болоод удаж байна. Дотоодод үйлдвэрлэсэн барааг импортлогчид элдвээр баална, бас албан тушаалтнуудтай зузаан харилцаатай учраас дотоодын биз­несмэнүүдийг нэрсийн жагсаалтаас чимээгүйхэн хасуулчихаа мэддэг болжээ. Сайд, дарга нар нь ч тэдэнтэй аалзны тор шиг сүлжилдсэн учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн уриа цаасан дээр л үлддэг юм.

Үндэсний үйлдвэрлэлээс өөр түших найдвартай багана улсын хөгжилд байхгүй гэдгийг дэлхийн хөгжил харуулаад байгаа ч хээл хахуулийн хэрсэн тор импортлогчдод л найр тавих ажээ.

ИНФЛЯЦ НЭГ ХУВЬД ХҮРЧ БОЛНО

Уг нь дотооддоо бараа үйлчилгээгээ үйлдвэрлээд ирвэл инфляц хүссэн хүсээгүй буурна. Ирэх онд Монголбанк инфляцийг найман хувьд барина гэж амлаад байгаа. Муу нэртэй луу данстай инфляц төгрөгийн бяр чадлыг тодорхойлогч үнэ. Энэ “дамшиг” бага байх тусам банкны зээлийн хүү буурч, орон сууцны зээлийн хүү дагаад найман хувиасаа ч уруудах юм. Мөнгөний бодлого үрээ өгвөл инфляц нэг хувьд хүрэхийг зарим эдийн засагч үгүйсгэхгүй байна. Ингэвэл орон сууцны зээлийн хүү адилхан нэг хувьд хүрнэ. Үндсэн жор нь импортын бараа бүтээгдэхүүнийг хямдруулах, үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах, экспортоо нэмэх. Үүнээс өөрөөр шалгарсан сайн арга одоохондоо дэлхийд лав алга.

Өнөөдрийн байдлаар манай улс шууд импортолж байгаа 329 бараа бий. Тэднийг хямдхан болгох нь ирэх оны мөнгөний бодлогын үр өгөөж байгаасай хэмээн үндэсний үйлдвэрлэгчид найдаж байна.

УЛСЫН ТӨСВИЙГ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ЗОРИУЛЪЯ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төсвийн худалдан авалтаа зөвхөн монгол үйлдвэрээсээ авъя гэсэн санаачлага гаргасан нь ирэх оны мөнгөний бодлого хэлэлцэхтэй давхцаж буй. Ерөнхий сайд том, том бүтээн байгуулалт хийх тухай ярьж, бонд босгож өр тавих талаар түшмэдээ уралдуулахын оронд энэ санаачлагыг ажил хэрэг болгох улсын хэмжээний аян өрнүүлбэл ямар вэ. Ирэх оны төсөвт ямар л худалдан авалт,  хөрөнгө оруулалт байна, тэдгээрийг зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээсээ авах тогтоолыг Засгийн газар гаргаад өгвөл жинхэнэ хөгжил тэр гэж эдийн засагчид дуу нэгтэй хэлж байна.

Монгол Улсад цементийн эрэлт их байна л гэдэг. Гэтэл цементээс илүү гипс импортлох нь үнэтэй тусдаг байна. Хана, тавцангаа тэгшлэх гэж гипсийг ёстой л “уучихдаг” тухай захын барилгачин хэлээд өгнө. Тэгвэл дотоодод ийм үйлдвэр цэцэглэх үе тохиож байгаа энэ үед Засгийн газар дэмжээд зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн гипсийг төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтад ашиглана гээд зарлачихвал бизнесмэнүүд алга ташин угтах байна.

“Дотоодын үйлдвэрлэлийн барааны чанар тааруу” гэдэг нь үнэн. Солонгосоос ч юм уу, Бээжингээс оруулаад ирсэн мебель ширээ монгол мужааны урласан бүтээлээс хамаагүй урт настай байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л монголчууд хийж чадах, өөрсдөө үйлдвэрлэсэн барааг Монголын Засгийн газар нь худалдан авна гээд зарлачихвал чанарын өрсөлдөөн хаа сайгүй гаарч, яваандаа “өрөм” нь бидэнд л ирнэ. Зөвхөн “Янмал” компани байгуулагдаж бараагаа зарсны үр дүнд өнөөдөр оймсны үнэ буурч байна. Чанар ч сайжирсан. Үүнтэй адилаар Эрээний элдэв эрээн даавуу, хувцас хунар, шаахай гутал, амттан, шимттэн бүгдийг бид өөрсдөө хийж чадна гэдгийг Засгийн газар иргэдэд ойлгуулж, дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал мөнгөний бодлого эдийн засгийн өсөлт зэрэг албаны үг хэллэг айл гэрийн гал тогоонд шинэ орц нэмж, аав ээжүүдийн хэтэвчийг түнтийлгээд ирнэ дээ.

Ж.ЦОГЗОЛМАА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих