АН-ын дарга жигүүрээ үл тоов

IMG_7940Ардчилсан намын жигүүрийн гишүүд өнгөрсөн бямба гаригт “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус жигүүр  нь Ардчилалд нэгдсэн намуудын бүх шатны удирдлагад ажиллаж байсан жирийн гишүүдээс бүрдсэн аж. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Ш.Батбаяр, А.Мурат, ҮЗХ-ын гишүүн асан Х.Ганболд, ҮЗХ-ын гишүүн Д.Аззаяа нарын жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүд оролцлоо. Харин жигүүрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэх УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан нар оролцсонгүй.

Хэлэлцүүлгийн үеэр жигүүрийн гишүүд санал бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн  А.Мурат “Миний халаасанд АН-ын батлах байна. 20 жилийн турш Ардчилсан намын гишүүн гэдгээрээ бахархаж батлахаа барьж олон сонгуульд оролцож ирсэн. Төрийн удирдах албан тушаалтнаас аваад тариаланч, малчин энгийн ард иргэдэд өнөөдөр энэхүү батлахаа дээдэлж яваа. Монголын төр хиргүй, ариун тунгалаг явах нь өнөөдөр Ардчилсан намаас шалтгаалах боллоо. Намын олон мянган гишүүн үндсэн дүрмээ мөрдөх, сахих шаардлага тулгараад байна” гэв.

Мөн Ш.Батбаяр “УИХ-ын ээлжит сонгууль ойртоод ирэхэд уралдаанд сойсон морь гэдэг шиг биеэ баахан бэлдсэн. Гэтэл над руу тоож ярьсангүй. Ардчилсан намын байраар гурав, дөрвөн удаа очлоо үүдний жижүүрээс өөр таньдаг ч хүн алга. Гэтэл Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар надад санал тавьж Хөвсгөлд ажилласан. Харамсалтай нь намаас дэвшсэн хүнээ яаж унагааж болдог, хоорондоо хэр хагарч бутарсан зэрэг булхай луйврыг мэдэрч АН-ын удирдлагуудад хэлсэн” гэж хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Тус жигүүрээс өмнө нь намынхаа дарга Н.Алтан­хуягт хандан хэд хэдэн зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Үүнд, ҮЗХ-оос эрх шилжүүлсэн бүх тогтоолыг хүчингүй болгох, сүүлийн гурван удаагийн ротацийг 228 суудалд сонгууль зарлах, Ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, Их хурлыг энэ онд багтаан хуралдуулахыг шаардсан. Дээрх шаардлагын хариуг нээлттэй хэлэлцүүлэг болохоос өмнө ирүүлэхийг хүссэн байсан ч  намын дарга нь жигүүрийнхнээ үл тоож  ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Ардчилсан намын үндсэн дүрмийг сахих, илүү боловсронгуй болгох, намын ажилтнуудын хариуцлага, ёс зүйг чангатгахыг хүсч буй жигүүрийн гишүүд намын даргаасаа шаардлагынхаа хариуг авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол дараагийн арга хэмжээг авах гэнэ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих