УИХ дахь намын бүлгүүд хуралдана

de0b50da181a076f7b8555503340161e_L УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагааны шинэ долоо хоног эхэлж, өнөөдөр гурван намын бүлэг, гурван ажлын хэсэг хуралдана.

Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд 10.00 цагаас тус тус хуралдах юм. Ажлын хэсгийн тухайд өнөөдөр “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг, Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг тус тус хуралдана.

Харин “Урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй байдалд Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгүүд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт өчигдрөөс эхлэн дөрөв хоногийн хугацаатай ажиллаж байгаа юм.

Н.Туяа

Монцамэ агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих