Агаарын бохирдлыг бизнес болгох боломжтой

Нийслэлийн агаарын бохирдол, утааг бууруулахад хувийн хэвшлийнхний үүрэг оролцоо хэрэгтэйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнес эрхлэгчидтэй уулзахдаа онцоллоо.

Их тэнгэрт болсон “Цэвэр агаар-Бидний ирээдүй” уулзалтад нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нар оролцсон. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, ЕТГ-ын дарга Д.Баттулга ирэх өвөл гэхэд агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулах зорилт тавьсан гэсэн бол ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 2012 оны үед 50 хүртэлх хувь бууруулах боломжтой гэв.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг Ерөнхийл өгч санаачилсан гэдэг ч ҮАБЗ-ийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу авсан арга хэмжээ аж. Ерөнхийлөгч ч “Би хууль санаачлаагүй. Нийслэлийн иргэдээс гарсан санал” хэмээсэн. Хуулийн төслийг хэн санаачилсан нь гол биш хэрэгжүүлэх нь чухал. Ерөнхийлөгч, Засгийн газар, хотын захиргаа хаана хаанаа агаарын бохирдлыг бууруулахаар хөдөлгөөнд оржээ. Намрын сэрүү унахтай зэрэгцээд агаарын бохирдол, утаа гэж ярьдаг байсан бол зуны гурван сарыг алдахгүй байх ёстой гэсэн үг албаны хүмүүсээс гарах болсон нь сайшаалтай.

Хотын захиргаа хязгаарлалтын бүс тогтоосон бөгөөд тэнд суурьшсан 11 мянган өрх түүхий нүүрс түлэхгүй аж. ЭБЭХ-ний сайдын хэлснээр V цахилгаан станцын тендерийг зургадугаар сард багтаан зарлаад хугацаа алдахгүй ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цахилгаан станц хүлээж суухгүйгээр МСС-гийн санхүүжилтийн дэмжлэгээр утааны хорыг 70- 80 хувь багасгах зуух нийлүүлэх гэрээ байгуулсан.

Эхний ээлжийн 3000 зуух энэ сард багтан ирэх бөгөөд нийт 57 мянган зуух оруулах гэнэ. Зуухны үнэ дунджаар 100-120 мянган төгрөг байна гэвэл 70 хувийг МСС-гаас, үлдсэн 30 хувийг тухайн өрх төлөх юм байна. Ерөнхийлөгч хувийн хэвшлийнхэнд хандан утаагүй зуух, түлш, дулаалга авахад гэр хороололд ажилладаг ажилтнуудаа дэмжээч гэсэн хүсэлтийг уламжилсан. Энэ санаачлагыг хувийн хэвшлийнхэн нааштайгаар хүлээн авсан ч эмзэг бүлгийнхнийг яах вэ гэсэн асуулт гарав.

“Өгөөж-чихэр боов” ХК-ийн төлөөлөгч “Манай компанийн ажилчдын 270 нь гэр хороололд амьдардгаас 135 нь хязгаарлалтын бүсэд байдаг. Ажилчныхаа гэрт дулаалга, утаагүй зуух, түлш авч өгөхөд дэмжлэг үзүүлнэ. Харин эмзэг бүлгийнхний асуудлыг төр шийдвэрлэсэн нь дээр” гэв. Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн нь хувийн хэвшлийнхэнд нааштай сонсогджээ. Тухайлбал, 700 сая төгрөгийн орлоготой компани утаа бууруулахад зориулж 50 сая төгрөг хандивласан бол 650 сая төгрөгөөс татвар хураамж авна.

Гэхдээ агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд бүртгүүлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг бизнес болгох боломжтойг мөн зөвлөлөө. Агаарын бохирдол бууруулахад тууштай оролцсон компанийг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагад бүртгүүлдэг салбарыг манай улсад байгуулах шаардлагатай гэж төрийн тэргүүн онцолсон. Ингэсэн тохиолдолд тусгайлан бүртгээд хэдэн өрхийг утаагүй зуухтай болгосон тоогоор 30-70 ам.долларын урамшуулал авах боломж нээгдэнэ. Нийслэлд хувийн хэвшлийн 30 мянга гаруй байгууллага байдаг.

Тэдний төлөөлөл агаарын бохирдлыг бууруулахад ямар нэгэн санд хандив өгснөөс ажилчдаа дэмжих хэрэгтэй гэж санал нэгдэж байв. “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар “Манай компанийн 152 ажилтан гэр хороололд амьдардаг. Тэдэнд түлээ нүүрсний мөнгө гэж 100 мянган төгрөг, жилд 152 сая төгрөг өгдөг. Үүнийгээ гэрийн дулаалга, утаагүй зуух авахад нь зориулаад татварын хөнгөлөлт эдлэх нь гэсэн бол хаана хаанаа ашигтай”.

“Номин-Холдинг” компанийн зөвлөх А.Шагдарсүрэн “Гэр хороололд манай ажилтнуудаас 200 хүн амьдардаг. Энэ сараас ажилчдынхаа цалинг 70 хувиар нэмж агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна” гэлээ. Хувийн ямар ч компани гэр хороололд амьдардаг хэд ч хамаагүй ажилтныхаа гэрт дулаалга, утаагүй зуух авч өгөөд түүнийгээ Үндэсний хороогоор дамжуулан татварын албанд бүртгүүлэн тэр хэмжээний татварын хөнгөлөлт эдлэх боломж нээлттэй аж. Эл арга хэмжээ амжилт олоод эхэлбэл агаар бохирдуулдаг өрхийг торгох, нүүлгэн шилжүүлэх хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.

Д.Дорж


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.