Засаг дарга Мөнхбаярын хоёр нүүр

Дөрөвдүгээр сарын аравдаар Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын дэргэд,

Чингэсийн өргөн чөлөөний дагуух том талбайд “Алтай констракшн” ХХК барилга барихыг тэр хавийн байрны оршин суугчид эсэргүүцсэнээр 2011 оны хаврын хамгийн том газрын маргаан дэгдсэн юм. Нийслэлийн төв хэсэгт газрын маргаан цөөрсөн, яагаад гэвэл булаах газар үлдээгүй. Энэ бараг сүүлчийнх.

Одоогоос 3 жилийн өмнө яг ингэж хашаалахад сонгуулийн жил тулдаа оршин суугчид дийлж билээ.  Тэгвэл энэ удаад “бид юу ч барихгүй, зүгээр л газар доогуур явсан шугам сүлжээг шинэчлэнэ” гэж зальдаад сөхөө өгөлгүй ухаад овоолохыг оролдсон ч иргэд “хашир хүн гэж хаширсан хүн”-ий үлгэрээр итгээгүй бөгөөд хэвлэл мэдээлэлд хандсанаар шуугиан дэгдэв. Тэгтэл “Алтай констракшн” компани өөр аргад шилжиж энд 15 давхар орон сууц бариад метр квадратыг хямдаар өгнө барина гэж сайхан аашилснаар бүх зүйл тодорчээ.

Хэд хоногийн дараа нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ц.Баатарзориг ирж үзээд барилгын ажлыг зогсоож ухсанаа булахыг телевизийн камерийн өмнө компанид үүрэгдэж бас нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр энд усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн барих шийдвэр гаргасныг мэдээлээд буцсан байна. Хашаа тэр дороо буугаагүй тул дахиад иргэд арваад хоног тэмцэлдэж байгаа гэнэ. Олон нийтийн болон арилжааны том телевизүүд энэ асуудлаар цааш гүнзгийрэхийг хүсээгүй, сурвалжлахаа больсон тул оршин суугчид жижиг телевизүүдэд ханджээ.

Үл бүтэх зөвшөөрөлд хэн гарын үсгээ зурсныг NBS телевизийн ярилцлагад оролцсон иргэдийн ярианаас мэдэж авлаа. Энэхүү ногоон байгууламж бүхий 9000 квадрат метр газрыг анх 2003 онд “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнийн нэр дээр тухайн үед нийслэлийн засаг дарга М.Энхболд олгожээ. Харин зөвшөөрлийн хугацаа дуусахад хотын мэдэлд буцааж авахын оронд 2010 оны 1-р сарын 25-ны өдөр 54 тоот захирамж гарган сунгаж өгсөн хүн бол одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр өөрөө юм байна. Оршин суугчдыг аргалаад барилгаа барь гэсэн хэрэг. Харин одоо болохоор оршин суугчдын талд орж цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй гэсэн юм байх. Хоёр нүүр мөн үү?

Өнөөдөр тэр газрын зөвшөөрөл цуцлагдаагүй,  ”Алтай констракшн” ХХК-ийн мэдэлд хэвээр үлдсэн. “Хууль ёсны зөвшөөрөлтэй” тэд зүгээр суухгүй. Шүүхэд ч хандаж мэднэ.

Одоо Г.Мөнхбаяр даргын дараачийн жүжиг юу байхыг харцгаая.

ajiglagch.wordpress.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.