Есөн сар бусдын дарамтанд байсан Элизабет Смарт ном гаргажээ

Есөн сар бусдын дарамтанд байсан Элизабет Смарт ном гаргажээ

Элизабет Смарт гэх бүсгүй одоогоос яг арван жилийн өмнө нэгэн балмад этгээдийн гэрт есөн сар  хоригдож, хүчирхийлэлд өртөж, бие болоод сэтгэл санааны дарамтыг хангалттай амссан хүн юм.

Тэрээр 14 настайдаа буюу 2002 оны зургаан сард хулгайлагдсан ч аз болж 2003 оны гуравдугаар сард эсэн мэнд олдсон байна. Элизабет Смарт одоо 25 настай бөгөөд гэр бүлтэй болжээ. Тэрээр амьдралынхаа хар дарсан зүүд шиг өнгөрсөн есөн сарын тухай өгүүлэх “Миний түүх” нэртэй ном бичсэн бөгөөд тус номон дээр нэг ч үйл явдлыг алгасалгүй өгүүлсэн гэнэ.

“Би хамгийн айдас төрөм үйл явдлуудыг бичилгүй өнгөрч болох байсан ч өдөр бүр, хором бүрийн үнэн бодит байдлыг зөөлрүүлж эсвэл хачир нэмж бичихийг огтхон ч хүсээгүй. Энэхүү номоороо хүчирхийллээс амьд гарсан, золиос болсон иргэдэд ялангуяа хүүхдүүдэд туслахыг хүссэн юм. Хар бараан толбо амьдралд чинь арилшгүйгээр үүссэн ч үлдсэн амьдралаа яг ингэж тодорхойлж болохгүй юм. Илүү өөдрөг, аз жаргалтай амьдарч болдог гэдгийг тэдэнд сануулахыг хүссэн юм” гэжээ.

Смартын хар бараан түүх 2002 оны зургадугаар сарын 5-ны шөнө дунд эхэлсэн байна. 14 настай бяцхан охиныг гэртээ, өөрийнхөө өрөөнд унтаж байхад нь Брайан Дэвид Митчелл гэх нэгэн эр хулгайлжээ. “Миний хувьд хамгийн аюулгүй газар бол миний гэр, миний өрөө гэж би боддог байлаа. Гэтэл шөнө дунд сэртэл хутга барьсан танихгүй эрэгтэй орны минь өмнө зогсож байсан. Намайг хашхирах гэтэл хутгаа хоолой дээр минь тулгах үед би үнэхээр их айсан. Аз жаргалтай гэр бүлд өссөн учраас тэр мөч хүртэл айдас гэдэг зүйлийг мэдрээгүй бяцхан охин байсан юм” хэмээн номынхоо эхлэл хэсэгт бичжээ.

“Тэр намайг чирээд л харанхуй дунд яваад байсан. “Намайг хүчирхийлчээд алах гэж байгаа бол яг энд нь гүйцээчих” гэж би түүнд хэлсэн. Намайг алах нь тодорхой юм чинь ээж аавынхаа санааг зовоож эрэл хайгуул болгож байснаас эндээ л ингээд үхчихье гэж бодсон хэрэг. Гэтэл тэр “Цаг нь болоогүй ээ, хонгор минь” гэж хариулаад чирч явсаар уулын энгэр дэх өөрийн гэртээ аваачихад түүний эхнэр нь хүлээж байсан. Тэр намайг харангуутаа  шууд л тэвэрсэн. Хэрэв тэврэлтээр хүнд санаагаа ойлгуулж болдог бол “Чи бол минийх, миний хэлсэн болгоныг чи хийх болно” гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан. Тэр мөчөөс л хүчирхийлэл, дарамт эхэлсэн” гэжээ.  Түүнийг  хулгайлсан Брайан Дэвид Митчелл гэх эр гудамжны номлогч байжээ. Тэрээр хүүхэд хулгайлсан хэргээ ганцаараа үйлдээгүй бөгөөд эхнэр Ванда Барзэ нь мөн охиныг дарамталдаг байжээ.

Тэд түүнд хүчээр согтууруулах төрлийн ундаа уулгаж, хувцас өмсгөдөггүй байсан бөгөөд байнга өлсгөлөн байлгаж гэрийн эзэн түүнийг өдөрт хэд хэдэн удаа хүчирхийлдэг байжээ. Харин аз болж ойр хавийн хүмүүс анзаарч цагдаад мэдэгдсэнээр Элизабетаг аварч чаджээ. Гэмт этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноосон байна.

Б.Сондор


URL:

Сэтгэгдэл бичих