“Утаатай гэр хороолол мандтугай”

527-1381456442untitledГадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад нийслэл, томоохон хотуудад амьдардаг иргэдээс нийслэлд амьдарсны татвар, мөн орон сууцанд амьдардаг иргэдээс орон сууцны татвар авдаг жишиг бий. Бид энэ жишгийг дагах хэрэгтэй.
Тэгж байж сууурин газрын төвлөрөл саарна гэж хотын удирдлагууд хэдэн жилийн өмнөөс ярихыг олонтаа сонссон. Харин үүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр хуулийн төсөл болгон өргөн барьжээ. Төслийг Засгийн газраас өргөн барьсан боловч цаана нь хотынхон байгаа гэдэг нь ил тод болсон.
Тэдний лобби давамгайлж байгаа тул энэ намрын чуулганаар УИХ баталчих бололтой. Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яаравчилсны гол учир нь ард түмнийхээ халаасыг хоосолж байж төсвийн алдагдлын багахан хэсгийг нөхөх бололтой юм уу даа.
Хуулийн төсөлд орон сууцанд амьдарч байгаа айл өрхөөс тодорхой хэмжээний татвар авах асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдарч буй иргэдээс м.кв-аас нь хамааран жилдээ нэг удаа татвар авахаар хуулийн төсөл санаачлагчид төсөлд суулгаж өгчээ.
Тохилог, халуун, хүйтэн устай, халаалттай орон сууцанд амьдрахаар хүн бүхэн тэмүүлдэг, хичээдэг. Бизнес эрхлэгч эсвэл хулгайч биш л бол авсан цалингаараа хэн ч өндөр үнэтэй орон сууц авч чадахгүй.
Харин С.Батболдын Засгийн газар 2009 оноос эхлэн орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлснээр олон ч айл өрхийнхний нар гарсан юм даг. Эхлээд зургаан хувийн хүүтэй байсан хөтөлбөр одоо найман хувийн хүүтэйгээр үргэлжилж байна.
 Урт хугацааны, бага хүүтэй зээлийн бодлогоор иргэдээ дэмжиж орон сууцанд амьдруулсныхаа төлөө эргээд татвараар дарамтална гэдэг төрийн бодлого мөн үү. Гадаад улс орнуудын жишгийг дагах гээд байгаа бол цалингаа нэмэх хэрэгтэй. Бусад орны жишиг тийм л байгаа.
Сардаа 5000 ам.доллараас багагүй цалин авдаг гаднынхны амьдралтай жишиж татвар авах гээд л байгаа бол эхлээд цалингаа тэр жишигт хүргэх ёстой. Тэгсэн цагт татварыг баяртайгаар өгөх иргэн гарна.
Нөгөөтэйгүүр хотын хар утааг багасгахын тулд гэр хорооллыг хумьж, айл өрхөө паартай байшинд суулгах бодлого гээд наанаа ил яриад байсан нь сүүлдээ татвар авах шинэ боломж болоод хувирчих шиг боллоо. Ямартаа ч өмнөх Засгийн газар ийм утгаар орон сууцны хөтөлбөрийг эхлүүлээгүй юм даг.
Шинэчлэлийн Засгийн газрын иргэддээ барьж буй шинэ шинэ бэлгүүдийн нэгээр ийнхүү татварын багц хуулийн шинэчлэл тодорч байна. Энэ хуульд зөвхөн орон сууцны татвараас гадна олон машинтайн, нийслэлд амьдарсны, нийслэлд нүүж ирсний, оюутан болсны, орлоготой болсны гээд өч төчнөөн шинэ төрлийн татварууд орсон байна.
Дээр үед эхнэргүйн, хүүхэдгүйн татвар авдаг байсныг олон хүн шүүмжилдэг байсныг одоо хүмүүс ярьдаг. Гэр бүл тогтвортой байлгах, Монголын үр удмыг олноор нь өсгөн үржүүлэхэд харин ч шүүмжлэл дагуулж байсан дээрх татварууд хөшүүрэг болж байсан юм бишүү гэсэн бодол хааяа төрдөг.
Одоо бол хүмүүс халаалт дулаан, халуун хүйтэн ус, хог, засвар үйлчилгээ, жижүүрийн гээд орон сууцны бүхий л хураамжийг төлж байгаа. Үүн дээр нэмээд татвараар дарамтална гэдэг байж болшгүй асуудал.
 Ер нь манай улсын татварын бодлого буруу жишгээр яваад буйг олон улсын шинжээчид байнга хэлдэг. Хэдхэн сарын өмнө хийсэн өөрчлөлтөө дахиад шинэчилдэг. Татварын орчин туйлын бүдүүлэг, тогтворгүй гэж хөрөнгө оруулагчид гаслаад байдгийн учир энэ.
Мэдээж амьдрал баян ч ядаж 10 жилээр алсыг харж бодлогоо хийдэг улстөрчид УИХ, Засгийн газарт ажиллах хэрэгтэй. Өчигдөрхөн машины жолооч, архины наймаачин байсан хүн яаж бодлого тодорхойлж, хууль хийх билээ дээ. Толгой нь хүрэхгүй шүү дээ.
Одоогийн байдлаар утааг багасгаж, нийгэмдээ тус хүргэж байна гэж онгироод байсан минь шийтгэл болж таарч байх шив. Сэтгэнэ гэж үүнийг хэлдэг байх даа. Цахилгаан дулааны үнэ нэмэгдээд иргэдийн халааснаас гарч байгаа мөнгө нэмэгдсэн. Машин унаж болохгүй хязгаарлана, тавьж болохгүй ачаад явчихна.
Гэрт амьдарна утаа гаргана, байранд амьдарна татвар авна. Тэгээд яаж амьдрах болж байна аа. Энэ татвар нийтийн орон сууцанд амьдрагсадтай холбоотой. Нийтийн орон сууцанд мань мэттэйгээ хаяа нийлэн амьдарч байгаа нэг ч УИХ, Засгийн газрын гишүүн байдгийг мэдэхгүй юм.
Бүгд 1-2 гүүр даваад хотын урд зүгт том том хауст амьдарч байгаа. Одоо бүр хүмүүсийг хаана амьдардгаар нь зиндааг нь тодорхойлдог жишиг бий болсон байна лээ. Нэг гүүрний цаанаа бол дундаж, хоёр гүүрний цаана амьдардаг бол гайгүй гэж үздэг гэнэ. Бусад хороололд амьдрагсад борчуул бололтой.
Ингээд бодохоор хувийн хаусдаа амьдарч буй албан тушаалтнуудад орон сууцны татвар огт хамаагүй. Хувийн эдлэн, хаусдаа амьдарч буй иргэдийг энэхүү татварт хамаатуулахгүй байгаа нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг, дундаж орлоготой, өөрсдийгөө чадан ядан аваад явдаг хүмүүст л хүнд ачаа болж байгаа юм.
Төр авахаа олж хардаг бол өгөхдөө бас гар татдаггүй байх ёстой. Машины зогсоолоо хангалттай хий, хөдөө орон нутгаа хүн амьдрах хэмжээнд хөгжүүл, цалингаа нэм, үйлдвэр аж ахуй олноор барьж хүнээ ажлаар ханга, замаа өргөсгө.
Тэгсэн цагт татвараа гуйлгаж биш гүйж очоод өгдөг больё л доо, дарга нар минь. Эцэст нь хэлэхэд, утаатай гэр хорооллоо улам өргөжүүлэн тэлэх бодлогоо ил зарлачихвал яасан юм бэ.
Б.Эрдэнэ
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих