Ноолуурын салбарт 110 тэрбумаар “дусал залгана”

Монгол Улс жилд ойролцоогоор 7000 орчим тонн ноолуур бэлтгэж байгаагийн 2.8 мянган тонныг нь чанараар нь ангилж, эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Энэ нь ноолуурын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаагийн илрэл юм. Шалтгаан нь ноолуурын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгийн хомсдолд ороод бай-гаатай холбоотой.

Тиймээс үйлдвэрүүд зах зээл дээр байгаа нийт ноолуурын 20 орчим хувийг эцсийн бүтээгдэхүүн болгодог бололтой. Энэ салбарт ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13, анхан шатны боловсруулалтын 25, дагнасан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Мөн өрхийн буюу бичил 200 гаруй үйлдвэр ажилладаг байна. Хамгийн сүүлийн тоогоор энэ үйлдвэрүүдэд нийт 6000 гаруй хүн ажилладаг гэсэн тооцоо гарчээ.

Дээрх үйлдвэрүүдийг жилийн турш бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал ажлын байр гурав дахин нэмэгдэхийг “Монгол ноолуур” нэгдлийнхэн хэлж байна. Тодорхой тоо дурьдвал, дэлхийн нэг жилд үйлдвэрлэж буй ноолуурын гуравны хоёрыг нь буюу 11 мянган тонн ноолуурыг БНХАУ үйлдвэрлэж 20 сая хүнээ ажлын байраар хангадаг бол манай улс нийт ноолуурын гуравны нэг нь буюу 7000 тонн ноолуур үйлдвэрлээд 10 мянга хүрэхгүй хүнээ ажлын байраар хангадаг байна.

Тиймээс үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг нь бодсон ч дэмжлэг үзүүлэхээс аргагүйд хүрч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бондыг гаргахаар болсон. Гэхдээ яаравчлахгүй бол ноолуурын худалдааны оргил үе нь дуусах гэж буйг “Монгол ноолуур” нэгдлийнхэн хэлж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.

Чуулганы дундуур Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал “Одоогоор “Говь” 20 тэрбум, “Буян” 20 тэрбум, “Ээрмэл” 12 тэрбум, “Гоёо” 6.5 тэрбум, “Алтай кашмер” 20 тэрбум, “Монгол нэхмэл” 3.2 тэрбум төгрөгийн зээл хүсч байгаа. Бонд гаргаснаар ноолуурын салбар хөл дээрээ босч 1600 ажлын байр бий болгоно. Мөн 250 орчим тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийхээ 80 орчим хувийг экспортод гаргах боломжтой” хэмээн ярьсан.

Харин энэ үеэр эсрэг байр суурь нэлээд гарч байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “110 тэрбумыг өгчихлөө гэж бодоход хэзээ үйлдвэрлэж, Хятадтай өрсөлдөж, эргээд өрөө төлөх юм бэ. Эргээд төлж чадах уу” хэмээж байв. Мөн Л.Гүндалай гишүүн, “Засгийн газар ноолуурын салбарыг дэмжиж, бонд гаргалаа гэхэд бусад салбарынхан барьцвал яах вэ. Бас гаргаж өгөх талаар ярилцах уу” хэмээсэн юм.

Энэ мэтээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан ч чуулганы төгсгөлд 110 тэрбум төгрөгийн бондын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Т.Есөн-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.