Алтыг нь аваад авдрыг нь орхигчидтой хариуцлага тооцох болоогүй юу?

“ЭНД НЭГ САЙХАН НУУР БАЙЖ БИЛЭЭ”

Анхны ерөнхийлөгчийн минь санаачилсан “Алт” хөтөлбөрийн уршгаар газар нутгаа эмх замбараагүй онгичиж, сэндийчиж эхэлснээс хойш 20 жилийг үдэв.

Энэ хугацаанд манай орны нийт газар нутгийн 20-30 хувь нь алтны балгаар онгичуулан, сэндийлүүлсэн байна. Өнгөрсөн оны сүүлчээр БОАЖЯ-наас ажлын хэсэг гаргаж уул уурхайн нөхөн сэргээлт хийгдээгүй газар нутгийг тоолсон.

Энэ шалгалт 15 аймгийн нутаг дэвсгэрийг хамран хийгдсэн байдаг. Шалгалтын дүнг сонсож байхад арай ч дээ гэж халагламаар байлаа. Зургаахан аймгаас бусдынх нь 3984,46 га газар уул уурхайн замбараагүй, хариуцлагагүй үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд оржээ.

Хамгийн их хэмжээний газар нутгаа сүйрүүлснээрээ Баянхонгор аймаг толгой цохисон байна. Хонгор нутаг 116 ам.дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Үүнийх нь 708,9 га газрыг сүйтгээд хаячихаж. Гурван бүсийн энэ сайхан нутгийн тэн хагас нь гуниг төрөм хэцүү байдалд орж ширгэсэн гол горхи шороон овоолгоор дүүрсэн талаар нутгаас ирсэн ах дүүс халаглан ярихийг олонтоо сонсоод төрж өссөн нутгийнхаа унаган байгалийн эвдрээгүй төрхийг сэтгэл дотроо ургуулан бодож суулаа.

Гол нь үерлэж саваа хальсан, ганган сайхан байгальтай нутаг маань л сэтгэлд тодрох юм. Урсгал нь тасарсан сайр, уул шиг овоолсон шороотой болсон гэж төсөөлөхөө гэхнээ санаанд нэг л бууж өгөхгүй нь. Гэвч би төсөөлөхгүй байгаа ч бодит байдал тийм байгаа нь маргашгүй үнэн гэдгийг эх сурвалж нотолсон.

Нутгаа зориогүй удсан миний бие “Эртээ урьдын цагт” гэж үлгэр эхэлдэг шиг “энд нэг сайхан нуур байж билээ” гээд л зогсож байх нь.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.