СХД-ийн 23 дугаар хорооныхон засрахгүй нь ээ

-Тус дүүргийнхэн хогоо цэвэрлэхдээ нүглийн нүдийг гурилаар хуурав-

Манай сонин өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэний дуудлагаар “Москва” хорооллын арын дэнж буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хур хог үүссэн талаар сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ.

Тус сурвалжлагын мөрөөр “Улаан уул” хүнсний дэлгүүрийн хажууд асгасан хур хогийг цэвэрлэсэн боловч долоо ч хонолгүй иргэд хогоо асгаж орхив. Монголын хууль гурван өдөр гэдэг шиг 23 дугаар хорооныхон долоо хоног л тэвчив бололтой.

Хотын их цэвэрлэгээний ажлыг дүгнэх үеэр хотын ерөнхий менежер Ч.Бат Сонгинохайрхан дүүргийг хогоо сайн цэвэрлэсэн хэмээн дүгнэнэ билээ. Гэтэл бодит байдал дээр тус дүүргийн 23 дугаар хорооныхон хогоо дутуу арилгаж нүглийн нүдийг гурилаар хуурав. Тус хорооллын арын үерийн далан тэр чигээрээ хогон “далай” хэвээрээ л байна. Гүүрэн доогуурх хогонд хэн ч гар хүрсэнгүй.

Усанд асгасан хогны үнэр дулааны улиралд ямар байх нь ойлгомжтой. Энэ хавийн айлууд өглөө үнс, угаадсаа бариад л гудамжиндаа гардаг хэвшил нь арилсангүй. Хэнэгч үгүй хог, угаадсаа асгадаг энэ хавийнханд манай сонины дэвшүүлж буй орчны ариун цэвэр, аюулгүй байдлын байцаагч л үгүйлэгдэж байна. Ийм ухамсаргүй иргэдийн халаастай нь яриад эхэлбэл хогоо гудамжинд асгах нь эрс багасах биз ээ. Үнэндээ СХД-ийн 23 дугаар хорооныхныг хотын иргэн болгож төлөвшүүлэхэд Засаг дарга нь анхаармаар байна.

Түүнчлэн 23 дугаар хорооны томчуудын хогоо асгадаг хэвшил нь багачуудад нь “халджээ”. Өчигдөр 14.00 цагийн орчимд түрдэг тэргэн дээр хог ачсан хүү, охин хоёр хэнэг ч үгүй “Улаан уул” хүнсний дэлгүүрийн хажуугийн судагт хогоо асгачихаад явна билээ. Энэ дүр зураг тус хороонд нүүрлээд удлаа. Хашаан дахь хогоо л зайлуулж байвал болоо гэсэн сэтгэлгээ энэ хорооныхноос салахгүй нь ээ. Хотын соёл мэдэхгүй ихэнх нь хөдөө зэлүүд газар амьдарч байсан хүмүүс байлаа ч гэсэн тухайн орчинтойгоо хөл нийлүүлж алхах хэрэгтэй биз дээ. Би л болж байвал бycaд нь яахав гэсэн аминчхан бодолтой хүмүүс энэ цагийн өнгийг тодорхойлж байгаа нь хачирхалтай. Угтаа бол тэд хаясан хог, угаадсаараа өөрсдийгөө л хордуулж байгаа шүү дээ.

Энэ мэт хог, утаа хэмээн улиг болтол амаараа ярих хирнээ ачир дээрээ иргэнийхээ үүргийг биелүүлдэг хүмүүс энэ хотод цөөн байна. Иргэнийхээ үүргийг ухамсарлахгүй хог хаядаг ийм иргэдэд 21 мянган төгрөгийг нь өгөөд ч хэрэггүй. Үүргээ биелүүлсэн хойно нь тэр мөнгийг өгвөл таарна.

Түүнчлэн энэ дүүрэгт орших “Москва” хорооллын есдүгээр байр ашиглалтад ороод хоёр сарын нүүр үзэж байгаа ч тус барилгыг барьсан “Зарубежстрой” компани барилгынхаа хогийг цэвэрлэлгүй “луу унжиж” иргэдийг хогоор амьсгалуулсаар уджээ. Энэ мэт СХД арчаагүй, сэтгэлгүй иргэд, компанийн “буянаар” хогондоо дарагдаж “царай” алдаад байна. Мод тарихаа байг гэхэд нийлээд хогоо цэвэрлэж хөрсөө ариутгавал ямар сайхан байх вэ. 23 дугаар хорооны Засаг дарга хог асгадаг эдгээр хүмүүстэй “дайтахгүй” бол ойр, орчмынхон нь эрүүл мэндээрээ хохирч сууна.

Б.Ариунзаяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.