“Хүндийн өргөлтөөр хичээллэ гэж эгч маань захисан”

“Хүндийн өргөлтөөр хичээллэ гэж эгч маань захисан”

Пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн.

Энэхүү тэмцээнд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Д. Ичинноров амжилт үзүүлж, аварга болжээ. Түүнтэй уулзаж, ялалт байгуулсан тэр л агшинг эргэн дурслаа.

-Тамирчин хүнд амжилтын гараа гэдэг юу юунаас илүү чухал байдаг. Таны хувьд гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би долдугаар анги хүртлээ Баянхонгор аймагтаа сурч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн. Очоод Д.Сүхбаатарын нэрэмжит II сургуульд суралцаж, төгссөн. Тухайн үед хичээлээ тараад хийх юмгүй байдаг учраас манай эгч ямар нэг дугуйланд хичээллэ гэж зөвлөсөн юм. Тэр дагуу эхлээд жүдогийн бэлтгэлд ороод зургаан сар хичээллэсэн. Тэр хугацаанд гараа нэг удаа гэмтээсэн.

Үүний дараа манай эгч “Ер нь манайхан удмаараа бяртай хүмүүс юм чинь хүндийн өргөлтөөр хичээллэ” гээд хүндийн өргөлтийн Дэлхийн аварга н.Энхтуяа эгчид аваачиж өгсөн. Спортын гараа наймдугаар ангиас буюу хүндийн өргөлтийн секцэд хичээллэснээр эхэлсэн. 2006 он гэсэн үг л дээ. Түүнээс хойш өнөөг хүртэл хичээллэж байна.

-Чамгүй хугацааг энэ спортод зориулжээ. Дэлхийн цомоос өмнө гаргасан амжилтаас тань сонирхмоор байна?
-Эхний жилд төдийлөн амжилт гаргаагүй. Дараа жилээс нь буюу 2007 онд Улсын аварга болсон. 2008 оны Бүх ард түмний спартакиадад түрүүлж 2009-2011 оныг хүртэл тасралтгүй аваргалсан.

Улмаар 2011 оноос эхлэн Пауэрлифтингээр давхар хичээллэж эхэлсэн. Энэ төрлөөрөө 2011, 2012 оны Улсын аварга болсон байгаа. Ерөнхийдөө хүндийн өргөлт болон Пауэрлифтинг нь хоёулаа өргөдөг спорт учраас хүч байхад аль алинд нь амжилт үзүүлэх боломжтой. Гадны улс орнуудад болсон тэмцээн уралдааны тухайд 2002 онд хүндийн өргөлтөөр Азийн аваргаас багаараа олимпийн нэг эрх авч гуравдугаар байранд орж байлаа.

- Паурлифтингийн Дэлхийн цомд хэдэн килограммыг захиалж аваргалсан бэ?

-Паурлифтинг гэдэг өөрөө хүчний гурван төрөлтийг хамаардаг. Суулт, шахалт, таталт буюу нуруу, гар, хөлийн хүчийг үздэг. Суултаар 215, шахалтаар 145, таталтаар 180-ыг өргөж нийлбэр дүнгээрээ Дэлхийн цомын аварга болсон. Үүнээс гадна аваргын тэмцээнд эмэгтэй ангилалд хүч чадал, техникийн гайхамшгийг үзүүлж SOVAT төрөлд 252.5 кг өргөн Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байгаа.

-Дэлхийд монгол бүсгүйчүүдийн чансааг нэг номер хэмээн тунхагласан явдал бол яах аргагүй бидний бахархал мөн. Нутаг ус, аав ээж, ах дүүс тань таниар бахархаж, баярласан сэтгэлээ илэрхийллээ. Бусдаас илүү мэдрэмжийг нутагтаа ирээд авсан болов уу гэж бодож байна?
-Үнэхээр сайхан мэдрэмж байдаг юм байна. Нөгөө талаар ээж, аавыгаа бахархах бахархалтай болгож баярлуулсан гэж бодохоор хамгийн сайхан санагддаг. Дэлхийн цомыг гардаж зогсохдоо энэ тухай л бодож байлаа.

Миний гаргасан амжилт гэдэг дан ганц минийх биш. Нутаг усныхан, хамаатан саднуудын маань амжилт байсныг намайг угтаж, хүндэтгэл үзүүлж байгаа байдлаас нь харж болохоор байсан. Аав ээж ах дүүс нартаа маш их баярлаж байна. Мөн хэвлэл мэдээллийн ах эгч нарт ч бас их баярлалаа.

-Мэдээж энэ бол таны гаргаж байгаа амжилтын нэгээхэн хэсэг болов уу. Цаашдын зорилго чинь юу вэ. Мэдээж их зүйлийг төлөвлөсөн байгаа байх?
-Энэ жилийн тухайд аравдугаар сарын 20-ноос Чех улсад Дэлхийн аварга эхэлнэ. Тэндээс медаль хүртэнэ гэсэн зорилгыг тавиад бэлтгэл сургуулилтаа базааж байна. Ер нь хүн шантралгүйгээр хичээллэсний үр дүн хэзээ нэг өдөр заавал гардаг юм билээ. Тиймээс өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэх хэрэгтэй гэдгийг спорт руу хөл тавьж байгаа бүх залуустаа хэлмээр байна.

П.Санаадагва (Баянхонгор)


URL:

Сэтгэгдэл бичих