Ш.Сүрэнжав: Ертөнцийг бий болоход яруу найрагч, бүсгүй хүн хоёр л оролцсон байж таараа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавыг тэнгэрээс заяатай найрагч хэмээвээс үнэнээс нэг их хол зөрөхгүй. Тэрбээр Энэтхэгийн илчит наран дор зогсож, Ганга мөрний усанд хөлөө дүрж, Жамна мөрний ариун урсгалыг ширтэж байсан нь аргагүй үнэн юм. Цаст Гималайн бэлд Далай ламын мутрын адисыг хүртэж, удтал ярилцан, зураг хөргөө хамт татуулж, Далай багш түүнд алд цагаан хадаг, Бурхан багшийн том хөрөг хайрласан нь ч үнэн юм. Хүссэн бүхэн ингэж амьдарна гэж үү. Ш.Сүрэнжав Казахстаны уудам талаар аялж, Узбекстаны аксакалуудтай хөөрч, Армяны Севан нуурын атираат мандлыг ширтэн Аветик Исаакян, Егиш Чаренц, Ованес Туманяны гунигт шүлгүүдийн учрыг эргэцүүлж явсан. Евтушенко найрагчтай нөхөрлөж, Расул Гамзатовтой дарс хуваан ууж, С.Эрдэнэ, Б.Явуухулан нартай ойр дотно байсан хувьтай нэгэн. Шаравын Сүрэнжав гуай дэндүү хээгүй, хэнтэй ч өөриймсөг сэтгэлээ нээж чаддаг авьяас билэг халгисан хүн. Жараад оны яруу найрагт од болж явсан цаг түүнийх. Тэр үеийн сэхээтний сэтгэлийн утсыг Ш.Сүрэнжав найрагч хөвсөлзүүлэн татаж байсан гэдэг. Энэ эрхэм зохиолчийн эгэл яриаг уншигч Танаа толилуулъя.

-Танд олон сайхан зохиолчийн сэтгэлийн үгээ бичсэн ховор эрдэнэ байна. Хүн асар нандин зүйлээ цоожилдог. Та тэднийхээ гарын үсгийг тэмдэглэлийн дэвтэртээ цоожилжээ.
-Тийм шүү. Энэ дэвтрийг манай хүүхэд гадаадаас өгч явуулсан юм. Би тийм сүрхий нямбай хүн биш. Номонд бичсэн тэр цөөн мөрт зориулсан хүнээ хэр зэрэг хүндэлдэг, үнэлж цэгнэдэг, өөрийнх нь талаар юу бодож явдгаа илэрхийлсэн байдаг. Тэр бүхэн дахин давтагдахгүй мөнхийн дурсгал болж үлддэг. Товчхондоо энэ нь хүн хүндээ өргөсөн сүүн цацал, бурмаар бус урмаар тэжээсэн сэтгэл юм. Яваандаа Монголын утга зохиолын сэжим ч болж юуны магад. Би ард түмнийхээ хайранд өлгийдүүлж, жаргасан хүн. Газар усаар ханадаг даа. Түүн шиг төр түмнийхээ хайрыг хангалттай хүртлээ. Нөхдийнхөө өгсөн урмын үгийг дээдэлж, өргөмжилж явдаг. Энэ бол том хүндлэл. Олон сайхан зохиолч, эрдэмтэд надад зориулж сэтгэлийн үгээ үлдээсэн. Тухайлбал, төрийн шагналт, зохиолч Д.Гармаа “Яруу найргийн их наадамд гарьд магнай Ялгуусан найраглалын дээд хуриманд тод магнай Дурьдатгал туужийн гэгээн уралдаанд цэц магнай” гэж бичсэн байдаг.

-Зохиолчид бор дарснаас буцдаггүй гэдэг. Заримдаа онгод оруулдаг ч гэлцдэг. Онгодыг заавал тэгж хөглөх хэрэгтэй гэж үү?
-Яахав дээ. Бид сэтгэлээрээ баян улс. Би хүнд үеийг туулсан. 1990- ээд оноос өмнө бор дарс хүртчихдэг байлаа. Харин 1990 оноос хойш татгалзах болсон. Энэ нь ч их зөв юм. Хүн жаргах зовохыг биеэрээ үзэж байж ойлгодог. Би архийг муулдаггүй бас сайлдаггүй. Байгаа үнэнээр нь л хэлдэг. “Жаахан л ахих юм бол архи чамайг цааш нь чангаана Жаргалтай юм шиг хэрнээ зовлон болж хувирна Өчигдөрхөн цээжинд сэрж байсан арслан Өглөө нь хулгана болж зүрхэнд орж үхнэ” гэж. Тийм учраас л Далай багш “Архиа бага уу, айргаа их уу” гэж хэлсэн байдаг.

-Урлаг, утга зохиол, яруу найраг ер нь бүх зүйлд алтан, мөнгөн үе гэж ярьдаг. Залуу зохиолчдынхоо талаар юу хэлэх вэ? Алт эсвэл мөнгө рүү дөхөж очиж чадаж байгаа болов уу?
-Яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Ц.Хулан “Дундаа ямар ч гоцлол дуучингүй манай үеийнхэн ямар өрөвдмөөр юм бэ” гэсэн байдаг. Би тэдэнд юу хэлэх вэ дээ. Бидний үгийг сонсохгүй. Өөрсдийгөө л сонсдог юм билээ.

-Сэтгэлдээ ямар нэг зүйлийг нууж, хадгалж явах нь хэцүү. Хүн л юм хойно хэн нэгэнд дэлгэж ярьж байж тайвширдаг. Зохиолч, яруу найрагчдын хувьд бүтээлээрээ бүхнийг үгүүлдэг байх?
-Хүн сэтгэлээ уудалж яриад тайвширч амрах нь чухал. Нэг талаасаа бол “Сэтгэлээ дэлгээд ярьчихдаг найз нөхөдгүй хүн зүрхээ урж иддэг” гэсэн Беконы үг үнэтэй юм. Сүүлийн үеийн залуучууд маань эд мөнгийг илүүд үзээд байгаад сэтгэл эмзэглэдэг. “Сайн хүн нэрээ, сайхан шувуу өдөө” гэдэг шүү дээ. Монгол ёс зүйгээ сэргээж байж ард түмнийхээ оюун санааг засна. Ингэхийн тулд хүүхдээ багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Бидний үед хүүхдэдээ мал муулахыг харуулдаггүй байлаа. Гэтэл одоо хүн хэрхэн хөнөөснийг харуулдаг болжээ. Энэ бол гашуун эмгэнэл. “Хүний зан ааш цэцгээр бол үнэр л гэсэн үг” хэмээх Чарльз Швабийн үгийг би хэлэх дуртай. Өөрийн таньдаг нөхдөөсөө ургуулан бодож үзэхэд заримаас нь анхилуун, заримаас нь нясуун, хэцүү үнэр аяндаа үнэртэнэ. Тиймээс “Зан ааш сайн байх нь насан туршийн баялаг” гэсэн үгийг залуучууд маань санаж яваасай. Амьдрал хайр дээр тогтдог гээд хаан найргийн хатан Ш.Дулмаа хэлээд, улс даяар дуулж байна шүү дээ.

-Таныг Хадаа аваргатай их ойр байсан гэж сонссон.
-Харьшгүй хүчтэй Хадаа аварга минь биднээс холдоод олон жилийг үдлээ. Бурхдын наадамд уригдсан юм болов уу. Учир нь түүн шиг гэнэн цайлган хүн тэнд олон байхгүй биз дээ гэж боддог юм. Би сүнсийг нь ямагт ариухнаар төсөөлж явдаг. Д.Хадбаатар маань 1976 онд тэнгэртэй сайхан барилдаж, түрүүллээ. Унаж явахдаа ч мэх хийдэг, сүүлийн хэдэн жил дандаа дээгүүр үлдэж ид үедээ байгаа Дагвасүрэн арсланг хөлийг нь газар хүргэх завдал гаргалгүй сэнсэртэл дүүгүүрдэж хаяад түрүүлсэн Д.Хадбаатар аварга маань миний зовлон гунигийг ч цуг сэгсэрчихлээ. Тэгээд л би үзгээ шүүрч аваад Д.Хадбаатартаа зориулж шүлэг бичиж байсан.

-Хүн хамгийн дотно хүндээ сайн, муу үгийг харамгүй хэлдэг. Та Хадаа аваргад алганы амт үзүүлж байсан уу?
-Алганы амтыг Мөөеө, үгийн амтыг би үзүүлсэн. Хамгийн сүүлд долдугаар сарын 14-ний өдөр нас барахынхаа өмнө тавын даваанд хүчтэй унаад их ярвайж боссон. Элэг нь их муу байсан байх. Тэрний өмнө би Баярсайханд мэнд хүргэх гээд явсан чинь “Сүрэнжав ах аа, би шарласан шүү” гэж хашгирч байсан. Надад хэлсэн сүүлийн үг л тэр. Муулж явсан үед нь өмөөрч явсан минь их урам өгсөн болов уу гэж боддог.

-Таны зохиолоор бүтээсэн эрийн гурван наадмын тухай кино жил бүрийн үндэсний их баяр наадмаар бүх сувгаар гардаг. Баяр дээр тань баяр нэмдэг байх даа.

-Тэгэлгүй яахав. Асар их сэтгэлийн хүч өгдөг. Би чинь залуудаа бөх болдог ч юм уу гэж боддог байлаа. Түүнийгээ дурсаж “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино зохиолоо бичсэн юм. Наадмаар киногоо гарахаар та нарын хэлдгээр кайф авч баясдаг. “Жинхэнэ урлаач хүн л эрмэлзлэлээр шаналж, магтаалын үг түүнд зүрхний хатангиршлаас хамгаалах сэтгэлийн витамин юм” гэж Галина Серебрякова хэлсэн. Монголын энэ сайхан оронд төрсөн заяа золдоо бахархах, зураг төөрөгтөө баясах сэтгэл төрдөг. “Дэлхий дээгүүр зөндөө л нэг явлаа Дели, Нью-Йорк, Парисаар ч орлоо Дэнж дээрээ л би ганцхан жаргалтайг ухаарлаа Дэлхийд Монгол минь байвал би байна гэж бодлоо” Монгол оронд маань бусад газар байдаггүй давтагдашгүй гайхамшиг цогцолсон шүү дээ. Түүнийг шүлэг найрагтаа тусгахыг хичээгээд “Уул нь нүдэн дээр Цэцэг нь өлмий доор Тэнгэр нь толгой дээр цэнхэртэж байдаг Тийм орон хаана байна” гэж бичсэн минь сэтгэлийн уулгалал биш зүрхний үг юм.

-“Гарьд магнай” киноны гол баатар газрын хөрсийг хуруугаараа ухдаг. Гэтэл барилдаад унасан хойноо ухаж чадахаа больдог. Энэ хэсгээр юуг харуулахыг хүссэн бэ?
-Энэ бол сэтгэлийн хүч юм шүү дээ. Хүчтэй байхдаа онгилж хаяад байна. Дараа нь сэтгэл хүчгүй болоод унтрахаар юу ч хийж болдоггүй. Миний бяр дуусчихаж гэдэг. “Бяр дуусна гэж байдаггүй юм аа. Чиний сэтгэлийн тэнхээ алга болж” гэж хэлж байдгийн учир нь тэр л дээ. Бөхийн тухай кино бичихдээ түүнтэй холбоотой материалыг маш их уншиж судалсан. Би тэр кинонд зүгээр нэг барилдаад, ноцолдоод байдаг хүний тухай биш, бөхийн арга мэх, монгол бөхийн ёс зүйг гаргахыг хичээсэн. Монгол эр хүний сайн чанар бүхэн бөхөд шингэсэн байдаг. Тийм учраас эрийн манлай болдог юм. Чингисийн үед бол баатар ч болдог. Энэ завшаанд би Б.Магсаржавтаа баяр хүргэмээр байна. Магсаржав гэхээсээ илүү Равсал панз гэхээр хүмүүс андахгүй. Сая гавьяат авахад тайлбарлагч нь хэлж байна лээ, Равсал панзын дүрээр гээд. Миний киноны баатар нас нь ахиж яваа ч гэсэн гавьяат хэмээх сайхан тэмдгээр энгэрээ мялаасанд баярлаж байна. Гавьяатууд нүдээ олж их цэгцтэй төрж байгааг сонслоо. Ерөнхийлөгч Хөдөлмөрийн баатар, гавьяатаа их хямгатай нандигнаж байгаа нь сайхан юм. Ер нь үнэтэй цэнэтэй юмыг хамаагүй тараадаггүй юм л даа. -Хэрвээ та бөх байсан бол ямар цол авах бол? -Ямар ч байсан бээрсэн зуурсан үхээнц бөх болохгүй. Унасан ч, давсан ч наадамчин олныг шуугиулж баясгах байсан. Гэхдээ болсонгүй. Найрагч болсон. Түүндээ гомдох юм алга. Ийм хувь тавилан хайрласан бурхандаа баярладаг.

-Яруу найрагч хүнийг гомдоосон хүн яасан ч жаргахгүй гэдэг үгтэй санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Энэ ертөнцийг бий болоход яруу найрагч, бүсгүй хүн хоёр л оролцсон байж таараа шүү дээ. Тиймдээ ч ийм гоё сайхан юмтай байгаа. Тэр хоёр оролцоогүй бол баргар хар юм байхыг хэн байг гэхэв.

-Туулсан амьдрал, туурвисан бүтээлдээ сэтгэл хангалуун явдаг уу. Эсвэл чамлаж, илүү ихийг эрэлхийлдэг үү?

-Анх ном заасан ачит багшаа санан санан байж “Багш” найраглалыг бичсэн. Бөх болох сон гэж бодож байгаад “Гарьд магнай”-г бичсэн. Гоо сайхныг эрхэмлэж яваад “Эртний сайхан чуулга”-д орсон маань хүн болсны хувь заяаны нэг хэсэг гэж боддог. Би найрагч хэмээх миний хувь заяаны зурлагыг зурж өгсөн бурхан тэнгэрт талархаж байна. Яагаад гэвэл “Шашин шүтлэг сүсэг бишрэл холддоггүй” гэж Далай лам хэлсэн. “Инээмсэглэл бол хүний царай дээрх гэгээн төрх юм” гэж XIV Далай лам хэлсэн байдаг. Үүнийг та бүхэн санаж байх хэрэгтэй. Юманд сэтгэл ханамжтай явах сайхан. “Сэтгэл ханамжийн мэдрэмж нь аз жаргалын түлхүүрийг гартаа барьсантай адил” гэж XIV Далай лам Данзанжамц хэлсэн нь бий.

-Энэ бурхны дор түвдээр үг бичжээ. Их л нандин үг байхдаа. Та орчуулж өгнө үү?

-“Ш.Сүрэнжавын сүжиг шүтээн авралын сахиус мэт бурхны шавь Данзанжамц” гэж бичиж өгсөн. Төлөв даруу ухаантай хүн учраас “Үүнийг сайн хадгалж бай, хожим түвдүүд чамаас гуйх цаг ирж мэднэ” гэж хэлсэн юм. Тэгээд би тольтой жаазанд хийгээд залчихсан байгаа нь энэ.

-Бурхны номыг учир мэдэхгүй зарим нь түвдээр бичлээ гээд шүүмжлэх юм?
-Харин тийм. Ийм мунхаг сэтгэлээр шүүмжилж болохгүй л дээ. Хамгийн гоё учир утгатай ном байдаг юм шүү дээ. Мэгзэм гэхэд л гурван бурхны чадлыг Зонховт шингээж багш нь эргэж өөрийг нь магтсан байдаг.

-Өндөг шиг өөгүй хүн үгүй. Та ямар дутагдалтай вэ?

-Би ном уншиж, цаг барьдаггүй хоёр дутагдалтай. Үүнийгээ засна. Гурван хуучинтай. Хуучин байшинтайгаа, хуучин авгайтайгаа, хуучин намтайгаа байгаа /инээв/.

-Та бас залуучууддаа хундаганы үг бичиж өгсөн гэсэн. Түүнийгээ сонирхуулаач.
-Аан тийм. За миний хүү англи хэл сайн сураарай. Аав нь сурч амжаагүй юм шүү. Миний хүү архи бага уугаарай. Аав нь хувийг нь уучихсан юм шүү гэж хэлдэг юм. Товч хэлэхэд ийм байна.

-Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар таны “Нутгийн цэнхэр уулс”, “Хөх тэнгэрийн хур” шүлгийн түүврийг “Монголын яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд шинэ сортын хоёр цэцэг юм” хэмээн бичсэн байдаг.

- Би О.Дашбалбарынхаа хэлсэн үг бүхнээс асар их урам авдаг. Чин зүрхнээсээ хэлдэг болохоор миний сэтгэлд хүрдэг юм. Хүмүүс бие биетэйгээ сайхан мэндчилж, урмын үг хэлж сурмаар байна.

Б.АНХЦЭЦЭГ

URL:

Сэтгэгдэл бичих