УИХ-ын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайланг сонслоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2013.10.15/ хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулахаар заасан байдаг.
УИХ-ын Тамгын газар 271 хуулийн төслийг хэлэлцэн батлахад УИХ-ын гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллажээ. Эдгээрийн 40 нь бие даасан хууль, 182 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 37 нь хууль хүчингүйд тооцсон тухай хууль, 12 нь олон улсын гэрээ, конвенцийг соёрхон батлах тухай хууль,
134 нь УИХ-ын тогтоол байсан хэмээн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлсэн. Түүнчлэн Байнгын хорооны 94 тогтоол, Байнгын хорооны 407 санал, дүгнэлтийг боловсруулсан байна.
УИХ-ын нэгдсэн хуралдааны 74, Байнгын хорооны 250, дэд хорооны 6, нийт 330 удаагийн хуралдааны бэлтгэлийг ханган ажиллажээ. Тамгын газрын Судалгааны төв нийт 68 удаагийн судалгааны ажил хийснээс 51-ийг нь УИХ-ын гишүүдийн захиалгаар, 17-г нь төв өөрийн санаачилгаар хийжээ.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс 1100 гаруй тект болон дүрстэй мэдээлэл бэлтгэн нийтэд хүргэж, 135 удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Сансар кабелийн телевизээс гадна МҮОНТ-ийн хоёрдугаар суваг, “Юнивишн” телевизээр шууд дамжуулан хүргэх ажлыг зохион байгуулсан байна.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 48 дугаарыг гарган, дугаар тус бүрийг цахим хэлбэрт оруулан уншигчдын хүртээл болгосон хэмээн Б.Болдбаатар дарга танилцуулгадаа дурдсан. Түүний мэдээлснээр, УИХ-ын Тамгын газар 2012 онд төсвийн зардлаас 2.1 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.
2013 он гарснаас хойш УИХ-ын Тамгын газар техник хэрэгсэл, программ хангамжаа сайжруулахад ихээхэн анхаарч ажилласан талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мөн мэдээлсэн.
Чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтын системд нэмэлт, өөрчлөлтийг хийн, парламентын цахим хуудсаар нэгдсэн хуралдаан, санал хураалтын дүнг шууд үзэх боломжтой болгожээ.
Мөн оюуны өмчийн зөрчилгүй программ хангамж ашиглах талаар УИХ-ын даргын гаргасан уриалгыг дэмжиж Нээлттэй эхийн программ хангамжийг Тамгын газарт бүрэн нэвтрүүлсэн байна. 2013 он гарсаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчилсэн байна.
Өмнө нь 210 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан бол 197 хүний орон тоотой болгон өөрчилсөн бөгөөд өдгөө 187 ажилтан ажиллаж байгаа ажээ. Энэхүү мэдээллийн дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих